УИХ-ын дарга элчин сайд нарыг хүлээн авлаа
2011-11-24

УИХ-ын дарга, Европын холбооны гишүүн орнуудын Элчин сайд нарын манай улсад хийж буй айлчлал Европын холбооны зүгээс Монгол Улстай хөгжүүлэх харилцаандаа чухал ач холбогдол өгч байгаагийн нэгэн илрэл гэж үзэж буйгаа тэмдэглээд, уулзалтад хорь гаруй орны төлөөлөл байгаа нь хоёр талын хамтын ажиллагааны цар хүрээ өргөжин тэлж байгаагийн илэрхийлэл гэдгийг онцолсон юм. Тэрбээр цааш нь, Европын парламент болон Монголын парламентын хооронд сайн харилцаа тогтож байгаад сэтгэл нэн өндөр байгаагаа тэмдэглэж, энэ оны 5 дугаар сард Европын парламент дахь Монголыг хариуцсан дарга П.Бартолоцци тэргүүтэй төлөөлөгчдийн манай оронд хийсэн айлчлал ихээхэн ач холбогдолтой болсныг онцоллоо. Мөн монголын парламентын гишүүд Европын парламенттай хамтын ажиллагаагаа өргөжүүлж байгааг дуулгаж, Европын холбоо болон түүний гишүүн орнуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа бололцоотой бүх салбарт эрчимжүүлэн хөгжүүлэх явдал чухал гэлээ. Үүнд удахгүй байгуулах Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.  Уулзалтын үеэр УИХ-ын дарга төлөөлөгчдөд монгол орны өнөөгийн улс төрийн байдал, УИХ-аар хэлэлцэж буй Сонгуулийн болон Төсвийн тухай хуулийн талаар товч мэдээлэл хийлээ. Тэрбээр, юуны өмнө улс төрийн тогтвортой байдлыг цаашид үргэлжлүүлэх, эдийн засгийн байдлыг тогтворжуулахад анхаарал хандуулж байгааг онцлоод, бэрхшээлтэй асуудлууд тохиолдож байгаа ч энэ нь орлого нэмэгдэж, баялагаа хуваарилахад гарч буй сайн талын бэрхшээлүүд байгаа гэдгийг дуулгалаа. Мөн ард иргэдэд баялгийг яаж хуваарилах, дэд бүтцийг хэрхэн хөгжүүлэх гээд олон асуудлууд гарч байгааг хэлж, УИХ-аар хэлэлцэгдэж буй төсөв бодлогын төсөв байгаасай гэдэг үүднээс ажиллаж байгаа гэв. Түүнчлэн Сонгуулийн тухай хуулийг боловсронгуй болгоход анхаарч байгааг хэлсэн юм. Монгол Улс ардчилсан сонгуулийг 20 жилийн дотор 5 удаа явуулсан туршлагатай орон. Мажоритар системийг 5 удаа сонгож сонгууль явуулсан. Цаашид мажоритар систем давамгайлсан сонголтод түлхүү анхаарч байна. Парламент энэхүү сонгуулийн тогтолцооны зарим дутагдлыг нөхөх үүднээс пропорциональ системийг оруулж байгаа. Сонгуулийг ямар нэг булхай, луйвар оруулахгүй явуулах нь чухал юм. Сонгууль явуулах үйл ажиллагааг ардчилсан хэлбэрээр явуулахыг зорьж, энэ асуудлыг шийдэхийн тулд 2012 оны сонгуулийг цахим технологи ашиглан явуулах хууль батлан гаргаад байгаа гэлээ. Төлөөлөгчдийн тэргүүн Европын Холбооны Элчин сайд Маркус Эдэрэр, УИХ-ын даргыг хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлэв. Тэрбээр , монгол орон бидний хувьд маш чухал. Иймд монгол орны хөгжлийг улам илүү хурдацтай байгаасай гэж бид хүсдэг. Яг одоо парламентаар хэлэлцэж буй чухал асуудлуудын талаар тодорхой мэдээлэл хийсэн УИХ-ын даргад талархалтай байна. Монгол орон ардчиллыг хөгжүүлэхийг тууштай дэмждэг ардчилсан орон. Монгол Улсыг Европын 3 дахь хөрш болгох гэж байгааг бүрэн дэмжиж байна гээд, Монгол Улсын эрх зүйн шинэчлэл, цаазаар авах ялыг халах асуудлыг парламентад шийдвэрлэх боломж болон европын стандарт, нормативыг монголд хэрхэн нутагшуулах талаар УИХ-ын даргаас асууж дэлгэрэнгүй хариулт авлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
Shuud.mn
Сонин хачин