Хилийн боомтыг хөгжүүлэхэд НҮБ-тай хамтран ажиллана
2013-09-07

  Хилийн боомтын тухай хуулийн төслийг удахгүй УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэхээр бэлдэж буйтай холбогдуулан УИХ-ын гишүүн М.Батчимэг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хилийн удирдлагын асуудал хариуцсан ахлах зөвлөх Филип Пирс тэргүүтэй төлөөлөгчдийг өчигдөр хүлээн авч уулзсан байна.   УИХ-ын гишүүн М.Батчимэг энэхүү ажлын уулзалт нь цаг үеэ олсон болохыг дурдаад, хилийн боомтыг хөгжүүлэх, дэд бүтэц, боловсон хүчний чадавхийг бэхжүүлэх асуудал өнөөдөр тулгамдаж байгааг онцолжээ. Ялангуяа хилийн боомтын нэгдмэл цогц удирдлагыг бий болгож хөгжүүлэх, бодлого боловсруулах, хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгоход мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, энэ чиглэлээр мэргэшсэн боловсон хүчин бэлдэх, ажилтнуудыг удаан хугацааны давтан сургалтад хамруулах гэсэн гурван гол чиглэлээр НҮБ-тай хамтран ажиллах нь чухал байгааг тэрээр хэлсэн байна.   Ноён Пирс УИХ-ын гишүүн М.Батчимэгт хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд дээр дурдсан чиглэлүүдээр НҮБ-ын зүгээс хамтран ажиллахад бэлэн байгааг илэрхийлж, талууд урт хугацааны хамтын ажиллагааг хөгжүүлэх, уулзалтын үеэр ярилцсан асуудлыг хэрэгжүүлэх арга замыг нарийвчлан судлахаар тохирсноор уулзалт өндөрлөсөн байна. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин