Дараа жил хамтдаа баярлая
2013-09-08

Жил бүрийн 9-р сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд Монголын барилгачдын баярын өдрийг тэмдэглэдэг. 87 жилийн түүхтэй барилгын салбарынхны баярын өдрийн албан ёсны арга хэмжээ ихтэй байлаа. Өдгөө барилга, бүтээн байгуулалтын салбар нь хамгийн идэвхтэй байж, энэ хэрээр ажлын байр, ханган нийлүүлэх ажиллагаа, банкны систем, гадаад худалдааны сектор гээд бүхий л салбарт нөлөөлөх болсон учраас хамгийн чухалд тооцогдож байгаа талаар удирдлагууд нь бахархан ярьсан. Түүнчлэн орон сууцын ипотекийн зээлийн тогтолцоо энэ жил нэвтэрсэн нь салбарын түүхэнд хамгийн том сорилт, шалгуур болж байгаа талаар ч дурьджээ.

1

Өнөөгийн улс орныг тэр дундаа нийслэлийг өнгөн талаас нь харж хөгжсөн байна гэж хэлбэл тэр нүдэн дээр байх бүтээн байгуулалтын эзэд бол барилгынхан. Төв талбайгаас урагшаа Богд хан уулаа харж чадахгүй болж, өндөр байшингууд эгнэн боссоныг сая л анзаарлаа. Хэн газрын зөвшөөрөл аваад, хэн өмчлөөд, ийн өдөр шөнөгүй бариад, сүндэрлүүлээд байгаа талаар алгасан бичье. Энд зөвхөн тэнгэр баганадуулан барилга босгогч барилгачдын тухай түүний салбарын тухай цухас өгүүлж байна.

1

1921 оны ардын хувьсгал ялсны дараа улс орноо соёл иргэншлийн шинэ замд оруулах зорилтоо хэрэгжүүлж  улс ардын салбарыг цоо шинээр эхлэх хэрэгтэй байсан бөгөөд тэр бүхний эхлэл нь барилга байж. 1925 онд барилгын ажлыг улсын хяналтад авч энэ дагуу Аж ахуйн явдлын яам, харилцан туслалцах хоршоолол, Монголбанкийг түшиглэн “Монголын хувь нийлүүлсэн хоршоог”-г буман төгрөгийн хөрөнгөтэйгээр байгуулсан нь Монголын барилгын үүсэл байсан гэнэ.

1926 оны аравдугаар сард хуралдсан Ардын засгийн газрын хурлын 40-р тогтоолоор Аж ахуйн явдлын яамны дэргэд “Барилгын хэлтэс” байгуулж барилга барих, барилгын материал үйлдвэрлэх, зураг төсөл зохиох ажлыг эхлүүлсэн байлаа. Засгийн газрын 1992 оны 18-р тогтоолоор “Барилгын инженер техник чанарын товчоон” байгуулж барилга, архитектурын төрөл бүрийн зураг төсөл боловсруулах, архитектур хот төлөвлөлтийн ажлыг гардан гүйцэтгэх болсон байна. 1926 -1930 он барилгын байгууллага цогцоороо үүсэн бий болсон жилүүд байв. Энэ үед Аж үйлдвэрийн комбинатын барилга дээр ЗХУ-ын мэргэжилтнүүд монгол ажилчдыг сургахын зэрэгцээ 130-аад хүнийг зөвлөлтөд сургаж. Ийнхүү үндэсний барилгачид бий болж эхэлжээ. Үүний дараа 1931-1945 онд барилга улс ардын аж ахуйн салбар болж хөгжив. 1946-1965 он барилгын салбарын хувьд их бүтээн байгуулалтын үе байв.1965-1989 он барилгын материал техникийн бааз суурь бэхжсэн, улс ардын аж ахуйн тэргүүлэх салбар боллоо. 1980-1990 оны үе нь Монголын барилгын байгууллагуудын хөгжлийн оргил үе байсан бөгөөд жилдээ 5000 ам метр хүртэл талбайтай орчин үеийн тохилог орон сууц, олон үйлдвэр, барилгуудыг ашиглалтад өгсөн байна.

1

Зах зээлд шилжих үед Барилгын салбар зогсонги болж байсан хэдий ч эргэн өндийж 1996 оноос барилгын үйлдвэрлэл сэргэх хандлагатай болж хувийн хөрөнгө оруулалттай контор, үйлчилгээний зориулалттай жижиг барилгуудыг барих болсон юм. Манай барилгачид өнөөдөр өөрийн зураг төслөөр, өөрийн хүч мэдлэгээр босгосон орчин цагийн барилга бүтээн байгуулалтын бахархал ихтэй болсон.

Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг үндэсний барилгачид барьж босгосон бол дэлхийн жуулчдын нүдийг булаах Цонжин болдгийн Чингисийн хөшөө цогцолбор манай барилга архитектурын түвшин хаана хүрснийг харуулна. Бид Дархан, Эрдэнэтийг босгосон гэж цэврүүтсэн алгаараа бие биенийхээ гарыг халуунаар атгах ахмад барилгачдаа баярын мэнд хүргэе.

1

Төгсгөлд иргэдээ орон сууцжуулах төрийн ажлын хүндийг үүрэлцэж яваа барилгын компаниуддаа баярын мэнд дэвшүүлэхийн ялдамд хэдэн үг дайя.

Хойтон Ерөнхий сайд хэлсэндээ хүрнэ гэсэн, та нарыг дэмжиж дээш нь гаргана гэсэн, хөнгөлөлттэй зээл, татварын хөнгөлөлт үзүүлнэ гэсэн. Харин та нар минь хариу барьж, байрныхаа үнийг байхгүй болтол нь буулгаж ам метрийг нэг сая төгрөг болгож манийхаа магнайг тэнийлгээрэй. Тэнгэртэй тулах өндөр барилга барих л байлгүй мэдээж, тэнгэрт тулсан байрны үнэ нам буурсан баяраар дараа жилийн өдийд дахин хамтдаа баярлацгаая.

Амлалтаар бус ажлаар тугаа хийж, асгарах бороо, шарах наран дор нэг мөр зүтгэж байдаг нийт барилгачид өнөөдөр баяраа хийж байна.

Ажил үйлс тань дэвжин дэлгэрч, ард түмэн та бүхнийг урмаар мялаах болтугай.

1

П.Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
gkgks;s;:
Иди ты в жопу
2013-09-09