Холбоо гурвал
2013-09-09

Рио Тинто, хөрөнгө оруулалтын орчин, долларын өсөлт гэсэн холбоо гурвал Монголын эдийн засгийн амьдралыг авч давхиж байна гэхэд хилсдэхгүй болоод байна.

Өнгөрөгч намрын халуун өдрүүд зөвхөн энэ л сэдвүүдээр халж, хэвлэлүүд хөрөнгө оруулалтын хуулийн шинэчлэлийн талаар санаа уралдуулж уран гоё гарчгийг харамгүй өгсөөр байна.  Алсын зочинтой, долларын өсөлттэй долоо хоногийг тоймлое.

 .

Доллар рекордоо шинэчиллээ

 .

Ноён долларыг номхтгох тухай яриа үлгэр болж байх шиг байна. Өнгөрөгч 7 хоногт ам.доллар 1665 төгрөг болж сүүлийн таван жилийн дээд түвшиндээ хүрчээ. Одоогоос 4 жилийн өмнө 2009 оны 03-р сарын 18-нд 1660 хүрч олныг дуу алдуулж байсан доллар ийн дахин дээш цойлж төгрөгийг “жижигхэн” болгох рекордоо эвдлээ.

 .

Үүнтэй холбоотойгоор Монголбанк валютын дуудлага худалдаа зохион байгуулж 36 сая ам.доллар нийлүүлжээ. Ноён доллар өсөхөд суган доор нь юань бас “пээдийж” ганцхан өдрийн дотор 0.9 хувиар дээшилсэн нь өсөлтийн бас нэг үзүүлэлт болсон гэнэ. Иймээс төв банкнаас 156.2 сая юань арилжааны банкуудад худалдсан байна. Доллар ийхүү өссөөр байгаа талаарх тайлбар урьдын хэвээр, гадаадын хөрөнгө оруулалт зогсч эдийн засаг хүндэрч эхэлсэнтэй холбоотой гэсээр...

 .

Рио Тинто-Оюутолгойн асуудал хүлээлгийн танхимд

 .

Оюутолгой дахь хоёрдох бүтээн байгуулалт далд уурхайн ажлаа зогсоогоод байгаа Рио Тинто-той үүсэн нөхцөл байдлыг авч үзэх, хэлэлцээрийн баг буюу ажлын хэсэг байгуулах болсон талаар Уул уурхайн яамнаас мэдэгдлээ.

 .

Энэ ажлын хэсгийн даргаар Ерөнхий сайдын хүргэн гэх Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Дэнзэнг томилогдох тухай шуугиан гараад намжлаа. Эхнэрийнхээ компанийг 18 тэрбум төгрөгийн тендерт хууль бусаар ялуулан ашиг сонирхлын зөрчлөө ил тод харуулсан гэж Засгийн газйрын Хэрэг эрхлэх газрын дэд даргаасаа бууж явсан дуулианы эзэн ийн эмзэг сэдвийн ажлын хэсгийн ахлагчаар томилогдох шуугиан гарсан нь олон нийтээс тийм таатай үг сонссонгүй. Гэхдээ Оюутолгойн асуудлаар хэлэцээ хийх ажлын хэсэг албан ёсоор бүрэлдэж батлагдаагүй байгаа талаар Эрдэнэс Оюутолгой компанийн гүйцэтгэх захирал Д.Ганболд мэдэгдсэн байна.

 .

Бөглөөнд “зүхүүлсэн” зочин

 .

Бүгд найрамдах Беларусь улсын ерөнхий сайд М.В.Мяснийкович Ерөнхий сайд Н.Алтанхуягийн урилгаар манай улсад ажлын айлчлал хийлээ.

Энэхүү айлчлалын хүрээнд Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас Бүгд Найрамдах Беларусь Улсын худалдаа, аж үйлдвэрийн танхимтай хамтран бараа, бүтээгдэхүүний үзэсгэлэнг зохион байгуулсан. Энэ үзэсгэлэнгээс уул уурхай болон эдийн засгийн бусад салбарт хамтран ажиллах боломж нэлээд тодорхой харагдана гэж зохион байгуулагчид нь тайлбарлаж байсан.

.

Хоёр улсын бараа эргэлт 2007 онд 3 сая ам.доллар байсан бол 2012 онд 102 сая ам.доллар болж өсчээ. Өнөөдөр эм, эмнэлгийн тоног төхөөрөмжийн салбарт Беларусь болон манай улсын бараа эргэлт жилдээ 400 мянган ам.доллар байдаг аж. Үүнийг улам өргөжүүлж 500 мянган ам.долларын гэрээ хэлэлцээр хийхээр тохиролцсон ба мөн манай улсын иргэд энгийн гадаад паспортоор Беларусь улсад визгүй зорчих боломжтой болсон гэнэ.

.

Ноён Ерөнхий сайдын морилон ирэх цаг нь ажлын цаг тарсан үетэй, дээр нь маргааш өглөөний уулзалт нь 9 цагийн орчим таарч энэ үеэр төв уулзварын орчим, талбайн баруун зүүн жигүүрийн хөдөлгөөн түр хаагдан бөглөө үүсч иргэд багагүй бухимдлаа. Төлөвлөгдсөн айлчлал, уригдсан зочин байсан болохоор зохих үр дүн гарсан байж таарна.

_

Гэхдээ лхагва гарагт талбайн орчим замыг сонгон хөдөлгөөнд оролцсон иргэд ажилдаа 30-40 минут хоцрон очсон талаараа бухимдан ярьж, цаашид энэ мэт хаалт хямгаалалтынхаа талаар иргэддээ урьдчилан зарлаж байхыг Зохих байгууллага хүмүүсээс хүссэнийг  уламжилья.

_

МИАТ-ын экс захирлуудын ялыг хэвээр үлдээлээ

_

Нийслэлийн шүүх МИАТ-ын экс удирдлагуудтай холбоотой хэргийг шүүн хэлэлцэж шийдвэрээ гаргалаа. Үүнд Н.Гантөмөрийн хэргийг хэрэгсэхгүй болгож харин бусад холбогдогчдийн хорих ялыг хэвээр үлдээжээ. Энэ хэргийн шүүх хурлын зар гарсантай зуузай холбон уг хэргийг хэтийдүүлэн тасалсан буюу зарим нэг буруугүй хүмүүсийг хавтгайд нь буруутган тасалсан талаар нийтлэл сэтгэгдлүүд хэвлэлээр олонтаа харагдах болсон.

_

Энийг нэг талаас МИАТ-ын хэргийнхэн том байна, өөрийн хүмүүсээр мөнгө хаян хэвлэлээр асуудлыг эргүүлсэн нийтлэл бичүүлж, давж заалдах шатны шүүхийн шийдвэрт нөлөөлөхийг оролдож байна гэсэн хардлага байсан бол үнэхээр анхан шатны шүүх хэт нэг талыг барьж, яллах бодлого баримтлан тасалсан нь буруу гэж үзэж байгаа хэсэг ч байлаа. Ямартай ч Нийслэлийн шүүхээс МИАТ-ын гэх тодотголтой хэргийг хянан Б.Эрдэнэбилэгийн 14 жил нэг сар, Р.Бат-Эрдэнийн 12 жил нэг сар, Ц.Орхоны 11 жил, Ч.Хоролсүрэнгийн 13 жил нэг сар, “Монголиан эйрлайнс” группийн захирал асан Ч.Суурьтогтохын 10 жил нэг сар, Голомт банкны 6-р салбарын захирал асан Г.Саранчимэгийн 11 жил нэг сар хорих ялыг хэвээр үлдээлээ.

_

“Доллар даллах” хөрөнгө оруулалтын хууль

.

Доллар өссөн, эдийн засаг хүндэрсэн энэхүү цаг үеийн бус бэрхшээлийг даван гарах хамгийн ойр харагдах зөв зам бол гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг шинэчлэн баталж доллар даллах явдал гэж эдийн засагчдын зурхайд буугаад байгаа.

Энэхүү хямралаас хөтлөн гаргах, гайхамшиг шидтэй хөрөнгө оруулалтын хуулийн төсөл санаа яригдаж эхэллээ. Хэвлэлүүд хийгээд эдийн засагчдын зүгээс энэ хууль дээр сандарч тэвдэж, хөнгөдөлгүй дахин засч буцахааргүй сайн хууль хийхийг сануулж нүүр булангаа харамгүй зориуллаа.

_

Нэг талдаа гадныхан, нөгөө талдаа бас үндэсний хөрөнгө оруулагчдаа хамтад нь дэмжсэн хууль байх ёстой гэж олон нийт үзэж байна. Ер нь цаашдаа энэ хөрөнгө оруулалтын хуулиараа нэг их оролдоод хэрэггүй гэдгийг өнгөрсөн 10 жилийн үйл явц хангалттай харуулж ирсэн байна.

2001 оны гадаадын хөрөнгө оруулалтын хуульдаа гурван удаа өөрчлөлт оруулсны гороор гадаадын шууд хөрөнгө оруулалт 25 сая ам.доллароос 7 сая ам.доллар болтлоо бууж байсан талаар Өнөөдөр сонин нийтлэлдээ анхааруулжээ. Үүний дараа 2008 онд мөн өөрчлөлт оруулсан ч хөрөнгө оруулалт буурсаар л байж. 2011 оны 6-р сард оруулсан өөрчлөлтийн дараа 2012 оны 3-р улирал хүртэл хөрөнгө оруулалт өсч нэг тэрбум 348 сая ам.доллар хүрсэн ч дөрөвдүгээр улиралд нь 600 сая ам.доллар болтлоо эргэн буурсан байна.

_

Ерөнхийдөө энэ нь бид хэдий хэр хууль эрх зүйн тогтворгүй байдал үзүүлнэ тэр хэмжээгээр хөрөнгө оруулалт тогтворгүй байгааг харуулж байгаа хэрэг. Тиймээс шинэ гарах хөрөнгө оруулалтын хууль ядаж 20 жил тогтвортой байх нь нэн чухал болоод байгааг эдийн засагчид, тоймчид анхааруулж байна.

Одоогийн хуулийн төслөөр томоохон хөрөнгө оруулагчдын тогтворжилтийн хугацааг 10 жил байхаар авч үзсэн нь бодит байдалд нийцэхгүй байгаа ба энэ нь цаашид дахиад л энэ хуулиа өөрчлөх зам руу хөтөлж болох юм гэдгийг мөн Засгийн газарт сануулж байна. Нийслэл хотноо болж өнгөрсөн “Дисковер Монголиа” чуулга уулзалтын гол санаа ч энэ л эрх зүйн орчны тогтвортой байдлын асуудал дээр төвлөрч яригдсан байна.

_

“Доллар даллах” хөрөнгө оруулалтын хууль батлагдангуут л тэр дороо хэрэгжин, хөрөнгө оруулагчид “дугаарлан” манайх руу ирж эдийн засгийн байдал эрс сайжирна гэж хүлээх нь гэнэн хэрэг болох бөгөөд бид цаашид энэ байгаагаараа нэлээн л тэсэх хэрэгтэй болох төлөв харагдаж байна.

,

Ирж буй долоо хоног ээлжит бус чуулган тоссон хүлээлт болон хууль тойрсон халуухан хэлэлцүүлэгтэй өдрүүдээр үргэлжлэх бизээ.

УИХ хэчнээн сайн хууль баталсан ч түүнийгээ гадаад дотоод талдаа зөв таниулж сайн сурталчилж чадахгүй бол амьдрал дээр төгс утгаараа бууж хэрэгжихгүй гэдгийг зохих эрхмүүд мэдэж буй гэж найдья.

6

П.Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин