Бид үлдэнэ
2013-09-10

Ирээд явах хүмүүсээс хэдэн доллар салгах хуулийн төслийг эх орондоо галаа манаж үлдэх бид дээр доргүй ярьж хэлэлцэж байна. Оршилд хэдэн тоо бөөгнүүлснээ хүргэе.

.

1990-2012 оны хугацаанд нийт 12.8 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт хийгдсэний дийлэнх нь геологи, уул уурхайн эрэл хайгуул, олборлолт, газрын тосны салбарт хийгдсэн байна. 2007 онд дотоодын хөрөнгө оруулалт нийт хөрөнгө оруулалтын 62 хувийг бүрдүүлж байсан бол 2012 оны байдлаар Монгол улсад хийгдсэн нийт хөрөнгө оруулалт 8.6 их наяд төгрөгөөр илэрхийлэгдэж байгаагийн 2.9 их наяд буюу 33.7 хувь нь дотоод эх үүсвэрээс бий болжээ.

.

Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг 1990-2011 онд 100 улсаас хийсэн бөгөөд хамгийн их хөрөнгө оруулагч орон нь хоёр хөрш орноос гадна Канад, БНСУ, Япон, АНУ гэсэн улс байна. Энэ хугацаанд хийгдсэн нийт хөрөнгө оруулалтын 35 хувийг урд хөрш буюу БНХАУ хангажээ. Эндээс хөрөнгө оруулалтад эзлэх хувийн жингийн талаас илүү хувийг гадныхан, үлдсэн 20 гаруйхан хувийг дотоодынхон бүрдүүлж байгаа ба бид доллартай гадаад найзуудаа нааш нь далласнаар эдийн засгийн өсөлтөө хангах нь хамгийн ойр харагдаж байна.

.

Долларын өсөлт хяналтаас гарах шахам цойлж, гадаад зах зээлийн өөрчлөлтөөс хамаарсан олон нөхцөл шалтгаантайгаар эдийн засаг хүндэрлээ гэж байна. Одоогийн үүсээд байгаа энэ олон таагүй байдлыг гэтэлгэх ганц зөв зам бол Рио Тинтотой учраа ололцох, Гадаадын хөрөнгө оруулалтын хуулиндаа өөрчлөлт оруулан яаралтай батлах гэж дээр доргүй  дуу дуугаа аван толгой дохих боллоо. Энэхүү зайлшгүй захиалгын дагуу хөрөнгө оруулалтын хууль шинэчлэгдэн найруулагдаж, бараг л зуун хувиар дэмжигдэн батлагдах нь тодорхой болоод байна.

 .

Хуулийн санаа бол мэдээж гадны хөрөнгө оруулагч эрхмүүдийн таатай нөхцлийг хангасан, бизнесийн орчинг нь дэмжсэн, урт хугацааны хөрөнгө оруулалт хийх сонирхлыг нэмэгдүүлэх, эдийн засгийн хямралын нөхцөлд гадагш чиглэх хөрөнгийн урсгалыг хязгаарлах давуу талтай. Үүгээрээ хөрөнгө оруулалтыг татаж стратегийн гэх ордуудаа эргэлтэд оруулах зэрэг эрхэм чухал санаа зорилгыг агуулсан байгаа. Энэ хууль нь гадаадын хөрөнгө оруулалт, стратегийн салбар дахь хөрөнгө оруулалтыг зохицуулахаас гадна “дотоодын хөрөнгө оруулагч” гэснээрээ өөрийн онцлогтой хууль болж байх шиг байна. Энэ нь энгийнээр ойлговол хөрөнгө оруулсан Монгол улсын  иргэн, хуулийн этгээд мөн адил хуулийн заалтад хамаарч  хөнгөлөлт эдлэх болох боломжтой гэсэн үг. Хуулийн төслөөр хөрөнгө оруулалт гэдэгт “элэгдэл хорогдолд... орох үндсэн хөрөнгө, эргэлтийн бус хөрөнгө.., нийт биет, биет бус” хөрөнгийг хэлнэ гэсэн байгаа.

.

Уул уурхайн салбарт лав 100 тэрбумаас 1-5 их наяд хүртэл хөрөнгө оруулж 8-15 жилийн татварын орчинг тогтворжуулах хүрээнд багтах төсөл явж байгаа гэнэ. Мөн татварын хөнгөлөлтийн гэрчилгээ нь бусад салбар, охин компаниудад нь мөн адил нэг мөр үйлчлэх заалт ч байгаа бололтой.

 .

УИХ-ын даргын тайлбарлан хэлснээс дотоодынхны чихийг мялаасан үг бол хөрөнгө оруулалтыг гадаад дотоод гэлтгүй дэмжих санаа тусгал хуулинд байгаа гэсэн. Үүнтэй зэрэгцээд УИХ-д байгаа цөөнгүй бизнес гишүүд энэ хуультай эрх зүйн зөрчилтэй болж байгаа талаар санал шүүмж ч гарч байна. Хэдий хэрийн хөрөнгө оруулснаасаа хамаараад нэр бүхий гишүүдийн 20-оод компани 15 жил хүртэлх хугацаанд татварын тогтвортой хөнгөлөлт эдлэх, таатай орчинд ажиллах нь. Гэхдээ энэ эрхмүүдийн 20-оод компанийг илүү харахаасаа илүүтэй, таван сая төгрөгийн хөрөнгө оруулсан жижиг компани ч 5 тэрбум хөрөнгө оруулсан том компани ч адил хөрөнгө оруулсан хэмжээгээрээ тогтвортой байдлаар хангагдана гэсэн санааг алга ташин дэмжих ёстой.

.

Энэ заалт амьдралд хэрэгжвэл энэ хуулиас хүлээж байсан том хүлээлт гадаад дотоод аль аль талдаа тэгшрэх биз. Хөрөнгө оруулалтын шинэ хуулийг дагасан дараагийн болгоомжлол бол энэ хуулийг хэр настай гэж итгэж хөрөнгө хаях вэ гэсэн асуулт.

.

Сүүлийн 10 жилд хамгийн тогтворгүй эрх зүйн орчин бол хөрөнгө оруулалтын салбарт байлаа гэж болохоор харагдаж байгаа. 2001 оны гадаадын хөрөнгө оруулалтын хуульдаа гурван удаа өөрчлөлт оруулсны гороор гадаадын шууд хөрөнгө оруулалт 25 сая ам.доллароос 7 сая ам.доллар болтлоо бууж байсан.

.

2011 оны 6-р сард оруулсан өөрчлөлтийн дараа 2012 оны 3-р улирал хүртэл хөрөнгө оруулалт өсч нэг тэрбум 348 сая ам.доллар хүрсэн ч дөрөвдүгээр улиралд нь 600 сая ам.доллар болтлоо эргэн буурсан байна.

.

Хөрөнгө оруулалтын орчинд Засгийн зүгээс хаврын тэнгэр шиг ааш авир үзүүлж байнга л хуулиа өөрчилж тогтворгүй байдал үүсгэж байж. Одоогийн хуулийн төслөөр томоохон хөрөнгө оруулагчдын тогтворжилтийн хугацааг 10-15 жил байхаар авч үзсэн нь бодит байдалд нийцэхгүй байгаа ба энэ нь цаашид дахиад л энэ хуулиа өөрчлөх зам руу хөтөлж болох юм гэдэг санаа оноо байгааг ч анхаарах ёстой байх.

.

Гадаадынханд өврөөс нь гарсан юм шиг аяглаж, таатай орчин амлаж дэмжих хэрнээ дотоодынхоо хэдийг хойноос гарсан юм шиг хатуу хүтүү татварын дарамтад үлдээхвий гэсэн хардлага гомдол, санал шүүмжлэлийг удахгүй батлагдан гарах хөрөнгө оруулалтын шинэ хуулийн төслийн үзүүрт зүүсээр байх ёстой.

_

Ирээдүйд эндээ, эх орондоо бид л үлдэж баялгаа өөрсдөө бүтээх ёстой тул дотоодын компаниудаа нэг мөр адил дэмжих санаа тусгалыг хуулиндаа заавал суулгах хэрэгтэй.

.

П.Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин