Эдийн засгийн хүндрэлийг хэрхэн давах вэ?
2013-09-16

Ээлжит бус чуулганаар Хөрөнгө оруулалтын тухай зэрэг  хэд хэдэн хуулийн төслийг  хэлэлцэнэ. Эдийн засаг хүндэрсэн энэ үед дээрх хуулийн төслүүдийг хэлэлцсэнээр хөрөнгө оруулагчдыг татаж, эдийн засгаа хөл дээр нь босгоно гэж зарим эрхмүүд үзэж байгаа. Харин гишүүд ямар байр суурьтай байна вэ?

.

Хариуцлагыг өөрсдөөсөө бултуулж болохгүй

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

-Эдийн засгийн хүндрэлийг яаж хохирол багатай даван туулах вэ гэдэг дээр олонхи ч, цөөнх ч хамтарч ажиллах ёстой. Харамсалтай нь сая УИХ-ын дарга үг хэлэхдээ дахиад л өмнөх  парламент руу бурууг чихээд сууж байна. Өмнөх парламент буруу шийдвэр гаргасан бол өнгөрсөн оны 10 дугаар сард зохицуулах нь яасан юм бэ.  Дандаа ийм арчаагүй, өмнөх рүүгээ дайрсан ажлыг хийж байх юм. Эндээс юу хожих вэ. 2010 оноос хойш 1300-гаас давж үзээгүй ам. долларын ханш хоёрхон сарын дотор 1700 хүрлээ. Гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ 50 хувиар буурчихлаа.  Ийм байхад дахиад өмнөхтэйгээ зууралдан, хариуцлагыг өөрсдөөсөө бултуулж Засгийн газрын ажлыг хийнэ гэж байхгүй. Үүнд л асуудал байгаа юм.

.

Эдийн засгаа тогтворжуулахаас ажлаа эхэлье

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл:

-Ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудалд Хөрөнгө оруулалтын тухай хуулийг нэгдүгээр тавьсанаар эдийн засаг сайжирна гэж бодохгүй байна. Өнөөдөр иргэд ээлжит бус чуулган хуралдснаар валютын ханшийг яаж тогтворжуулах вэ гэдгийг харж байна. Хөрөнгө оруулалтын асуудал бол үүний нэг хэсэг хэдий ч дотоод асуудлаа цэгцлэх хэрэгтэй.  Эдийн засгийн дотоод орчин ямар байна вэ, яагаад юу ч хийгдэхгүй байна гэдгийг харж байна.  Үүнийг л нэгдүгээрт тавих хэрэгтэй. Үүний дараа л Хөрөнгө оруулалтын хуулиа хэлэлцэх хэрэгтэй. Дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг хамт оруулж, татварын тогтвортой орчныг бүрдүүлэхээр  заасан. Гэхдээ хөрөнгө оруулагчид Монгол улсад хөрөнгөө оруулахад тэдэнд өгөх хөшүүргийн системийг бүрдүүлж өгөх хэрэгтэй. Хөдөө орон нутагт хөрөнгөө оруулвал ямар хөнгөлөлт үзүүлэх вэ гэх мэт. Энэ мэтээр татварын тогтвортой орчноос гадна  хөшүүргийн системийг нь сайн хийж өгч байж  хөрөнгө оруулагчдаа татна.

.

Хөрөнгө оруулалтын нээлттэй орчныг бүрдүүлэх хэрэгтэй

УИХ-ын гишүүн М.Зоригт:

-Ээлжит бус чуулганаараа Хөрөнгө оруулалтын хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөөд байна. Энэ хуулийн төсөлд хууль эрх зүйн тогтвортой орчин,  бусад олон хүчин зүйлийг тусгасан байгаа. Хамгийн гол нь хөрөнгө оруулалтын  нээлттэй  орчныг бүрдүүлэх хэрэгтэй.

.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин