Хөрөнгө оруулалтаа татах уу, түлхэх үү?
2013-09-17

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг  хэлэлцэх эсэхийг шийдэж, ажлын  хэсэг гаргах санал гишүүдээс гарлаа. Энэ хуулийн төслийн талаар гишүүд ямар байр суурьтай байгааг сонирхъё.

.

Бид хөрөнгө оруулалтаар ухсан нүхтэй үлдлээ

.

УИХ-ын гишүүн Г.Уянга:

-Манай бүлэг хэлэлцээд өнөөдөр Монголд томоохон хөрөнгө оруулалтыг татах хүчин зүйл байхгүй байна гэж дүгнэсэн. Хөрөнгө оруулалт гэж юу гэдгийг нэг мөр тусгах хэрэгтэй. Өнөөдөр энэ  хуулийн төсөлд тусгасан шиг 100 сая ам.долларыг хөрөнгө оруулалт гэж үзэх үү. 15 тэрбум ам.доллар өнөөдөр дурын нэг доншуучийн халаасанд явж байна шүү дээ. Өнгөрсөн хугацааны хөрөнгө оруулалтаар бид  талхлагдсан газар нутаг, ухсан нүхтэй үлдэж, бүх үйлчилгээний салбарыг гадныхан авчихсан байна.  Тиймээс хөрөнгө оруулалт хийх салбараа зааж, тусгаж өгөх хэрэгтэй.Эдийн засгийн хөгжлийн сайд энэ онд 15 мянган орон сууц барьсан гэж хэллээ. Эдгээр орон сууцанд монголчууд орж чадаагүй, их хэмжээний мөнгөтэй гадныхан орж ирээд  орц орцоор нь худалдаад авчихсан байгаа. Тиймээс бид бодлого дээрээ яримаар байна. Өмнөх парламентад баталсан стратегийн салбараа бид байхгүй болгосон. Гэтэл шинэ хууль дээр том өөрчлөлт харагдахгүй л байна. Хөрөнгө оруулалтын хуулиа бид ээлжит бус чуулган зарлан байж баталж байгаа бол томоохон бодлогын хэмжээнд ярих хэрэгтэй байна.

.

Хуулийг батлах гэж яарах хэрэггүй

.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

-Би төслийг нь үзээд дээр нь цоохорлоод сууж байна. Огт ойлгомжгүй зүйл байна. Тухайлбал, нэгдүгээр зүйлд дотоодын хөрөнгө оруулагч нь татвараа төлчихөөд үлдсэн  бүх зүйлээ гадагшаа гаргана гэсэн заалт энэ дотор байна. Ингээд  мөнгөний нөхцөл тааламжгүй үед хамаг зүйлээ гадагшаа гаргачих юм уу. Гадаадын хөрөнгө оруулалт Монголд орж ирэхгүй болохоор нь одоо мөрдөж байгаа хуулийг гаргасан юм. Хөрөнгө оруулалтаа хийвэл ийм давуу нөхцөлтэй гэдгийг хуулиар баталсан. Одоо энэ хуулийг байхгүй болгоод оруулж ирж байгаа хөрөнгийнх нь хэмжээгээр жишиж, гадаад, дотоодын  хөрөнгө оруулагч нарт ижил заалт оруулж байгаа юм байна. Энэ тохиолдолд өдөр бүр дайжиж байгаа гадаадын хөрөнгө оруулагчид буцаж ирэх үү. Гадаадын хөрөнгө оруулалтыг наашаа татах биш цаашаа түлхэнэ гэдгийг эндээс хэн ч ойлгоно. Энэ өнцгөөс нь асуудалд хандаж, Хөрөнгө  оруулалтын хуулийг нухацтай хэлэлцэх хэрэгтэй. Геополитекийн шинжтэй зарим асуудлыг хаалттай хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй.    Би энэ хуулийн хэлэлцэхийг дэмжиж байна.  Хэлэлцэхдээ маш болгоомжтой хэлэлцэхгүй бол аюултай зүйл байна. Энэ хууль зорилгоо хэрэгжүүлэх ёстой.  Одоо хэрэгжиж байгаа хуулийг санаачилсан хүн нь Н.Батбаяр сайд. Туг нь болоод мандуулаад явж байсан.  Тиймээс Н.Батбаяр гишүүн тэр хуулийг батлуулахдаа яарсан шиг ээ, энэ хуулийг батлуулахдаа битгий яараарай гэж хэлмээр байна.

.

Цөөн тооны олигархиудад зориулсан хууль биш

.

УИХ-ын гишүүн Д.Зоригт:

-Монголд хөрөнгө оруулалт, бизнесийн орчин муудсанаас болж улсын төсөв, валютын  ханш муу байна. Тийм учраас сөрөг хүчний зүгээс шаардлага тавьсан. Үүний дагуу ч хуралдаж байна. Монгол Улс  өнөөдөр хөрөнгө оруулалт, бизнесийн орчингоо таатай болгохгүй бол болохоо больжээ. Экспортын үйлдвэрлэлээ мөн дэмжихгүй бол болохгүй нь гэдэг зөвлөмжийг гадаадынхан гаргасан. Хуулийн төсөл төгс төгөлдөр биш байгаа учраас тал талаас нь хэлэлцэх хэрэгтэй.  Хөрөнгө оруулалтын хууль батлагдсанаар бүх зүйл сайхан болчихгүй. Уул уурхай, ашигт малтмалын хуулиа тогтвортой болгох хэрэгтэй.  Яаран хэлэлцэж батлаад, дутуу дулимаг хууль боловсруулж болохгүй.  Энэ хууль бол гадаадынханд зориулагдаагүй. 90 орчим хувь нь Монголын бизнес эрхлэгч нарт зориулсан хууль. Гадаадынхан тогтвортой байдлын гэрээгээр татварын хөнгөлөлт эдэлдэг байсан. Монголын  бизнес эрхлэгчдэд энэ боломж олддоггүй байлаа.  Цөөн тооны олигархиудад зориулсан хууль биш. Монголын хөрөнгө оруулагч нарт л зориулагдсан хууль.

.

Гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл буурч байна

.

УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан:

-Энэ хуулийг баталснаар эдийн засаг өргөс аваад хаячихсан мэт сайхан болохгүй. Хөрөнгө оруулалтын орчин бодлогын алдаа онооноос шалтгаалсан зүйл. Өнөөдөр орчноо сайжруулахын тулд хийх зүйл их байна. Нийгмийн тогтвортой байдал, олон нийтийн санаа бодол хөрөнгө оруулагчдад их хэмжээгээр нөлөөлдөг. Гадаад орнуудад явж байхад манайд итгэх итгэл их буурсан байна. Тэд Оюутолгой дээр түшиглэж ярьж байна. Яагаад та бүхэн Оюутолгойтой учраа олохгүй байна вэ гэж гайхаж байна. Хөрөнгө оруулалтын тогтвортой байдлын гэрээг тэд Оюутолгойгоор жишиж харж байна. Тиймээс бид дотроо ярилцсан асуудлаа тогооноосоо гаргамааргүй байна. Оюутолгойтой учраа олох хэрэгтэй байна.

.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Moнголын компаниудаа дэмжих хэрэгтэй. Гадаадын компани чинь мөнгө олоод яваад өгнө. Монгол компани олсон мөнгө монголдоо үлдэнэ биз дээ.
2013-09-18
qwertyui:
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.5 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.
2013-09-17