Н.Батбаяр: Монгол Улсад эдийн засаг, санхүүгийн хямрал нүүрлээгүй
2013-09-18

УИХ-ын нэгдсэн чуулган гишүүдийн 72,4 хувийн ирцтэй хуралдаж байна. Хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай  хуулийн төсөл болон тэдгээрийг дагаж мөрдөх хуулийн төслийг хэлэлцүүлж байгаа юм. Гишүүд Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяраас асуулт асууж, хариулт авч байна.

.

УИХ-ын гишүүн М.Батчимэг:

-100 мянган ам.доллар оруулж ирсэн хүмүүсийг хөрөнгө оруулагч гэж дэмжсээр байх уу. Но-хауг технологийг дэмжсэн хөрөнгө оруулалт хаана байна вэ? Сүүлийн 10 жилд гадаад, дотоодын 15 тэрбум төгрөгөөс дээш хэдэн хөрөнгө оруулалт  орж ирсэн бэ? Энэ хөрөнгө оруулалтын хууль хангалттай баталгаа болж чадах уу. Гэнэтийн ашгийн 68 хувийн татвар энэ хуульд алга. Гэнэтийн татвар орж ирээд нөлөөлөхгүй гэх баталгаа байна уу. Томоохон хэмжээний дэд бүтцийн төсөл орж ирлээ гэж бодоход 10 жил гэдэг баталгаатай хугацаа юу?

-100 мянган ам.долларын асуудал их яригдаж байна. Гадаадын хөрөнгө оруулалттай компани бүртгүүлэхэд тавигдах шаардлага, босго нь 100 мянган доллар. Өмнө нь  ч ийм босготой байсан. Үүнийг хэлэлцэж байгаад өөрчилж болно. Эдийн засагтай холбоотой асуудлыг буцааж өөрчилнө гэхэд маргаан дагуулдаг л даа. Гэнэтийн ашгийн татвар дэлхийн олон улсад байдаг. 68 хувийн татварыг хүчингүй болгосныг би буруу гэж үздэг. Гэхдээ энэ татварыг анх санаачлахдаа зэсийн баяжмал дээр яригдсан. Эрдэнэт үйлдвэр 30 жил ажиллахдаа баяжмал гардаг байсан. Өөр баяжмал гаргавал гэнэтийн ашгаа авах байсан.

.

Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат:

-Монгол төрийн зохицуулалтыг ил тод болгож байгаа юм. Өмнө нь Засгийн газрын тогтвортой гэрээг сайд нар хийдэг байсан. Одоо тогтвортой байдлын гэрээг хуулийн дагуу хэн ч хийж болохоор заасан байгаа. Өнөөдөр үйлчилж байгаа татварыг тогтворжуулж байгаа юм.Үндэсний үйлдвэрлэлийг лицензээр хамгаалж байгаа.

 .

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:

-Засгийн газар эдийн засгийн хүндрэлээс хэрхэн гарах асуудлаа төлөвлөж оруулж ирсэнгүй. Ээлжит бус чуулганаар эхний ээлжинд дээрх асуудлыг хэлэлцэх байх гэж иргэд харж байна.  Хөрөнгө оруулалтын хуулийн тухайд ЖДҮ-ийг дэмжих заалт байна уу?

-Монгол Улсад эдийн засаг, санхүүгийн хямрал нүүрлэсэн гэж болохгүй. 2013 оны өнөөдрийн төвшинг өнгөрсөн оныхоос өссөн байгаа. Нийт алт, зэс, уул уурхайн салбарын олборлолт нэмэгдсэн. Мал аж ахуй, барилга, замын салбар өссөн. Хүмүүсийн маргаад байгаа ам.долларын ханш өссөн. Үүнийг  мэдэж байгаа. Би бүлгүүд дээр мэдээлэл хийнэ. Хадгаламж банктай холбоотойгоор валют өссөн. 2,7 тэрбум валютын нөөцтэй байгаа. 2014 оноос экспорт, импортын зөрүү байхгүй болно. Цаашдаа валютын ханш сулрах биш чангарна. ЖДҮ-ийн хувьд тусгай хувилбараар сонгоно. Урт хугацаатай, хүү багатай зээл олгоно. Татварын хөнгөлөлт чөлөөлөлтийг ЖДҮ-т өгөх хууль гаргана.

 .

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр:

-Макро эдийн засгийн байдал яагаад буурсан бэ? Дэлхийн эдийн засгийн форумаас манай эдийн засгийг ухарсан гэсэн судалгаа гаргасан байна. Бид жагсаалтаараа ч  ухарчээ. Үүнийг тодруулмаар байна. Валютын ханшаа цаашид яаж тогтворжуулах вэ? Хөрөнгө оруулалтын хуулийн тухайд босго дээр анхаарал тавих хэрэгтэй байна.

-Бид татвараа тогтвортой байлгахад л болж байна. Яагаад гэвэл 2007 онд Татварын хуулиндаа өөрчлөлт оруулсан. Татварыг татварын хуулиар л зохицуулах заалттай. Бусад хуулиар зохицуулж болохгүй.

 .

УИХ-ын гишүүн Сү.Батболд:

-Эдийн засгийн өсөлт ерөнхийдөө байна. Гэхдээ өмнөх жилүүдтэй харьцуулбал унаж байгаа гэдэгтэй санал нэг байгаа юу. Өмнөх Засгийн газар алдаатай шийдвэр гаргаад хүндрэл гарч байна гэж УИХ, Засгийн газар яриад байгаа. Өмнө нь хэрэгжүүлж байсан үйл ажиллагаа, хүний хөтөлбөрийн сангийн хөтөлбөр нь УИХ-ын мөрийн хөтөлбөрөөс гадна хамтарсан Засгийн газрын шийдвэр. Хөрөнгө оруулалт унаад байна. 2012 онд 68 хувиар нэмэгдсэн байсан, одоо 42 хувиар буурсан байна. Эдийн засаг өөрөө өөрийгөө зохицуулах чадвартай байсан. Чингис бонд, Хөгжлийн банк гээд мөнгөний эх үүсвэр нэмэгдсэн мөртлөө шууд хөрөнгө оруулалт буурсан.  Улс төрийн асуудлаа хойш тавиад, бодитой зүйлээ яримаар байна. Хөрөнгө оруулалт бол зээл,бондоос чухал зүйл юм. Та ер нь "хамгаалалт"-ын хийж яриад байна. Бодитой ярих хэрэгтэй байна. 

-Өнгөрсөн хугацаанд эдийн засгийн өсөлт хоёр оронтой тоонд байсан. Энэ оны эцэст ДНБ өсөлттэй  гарна гэсэн тооцоо байгаа. Аливаа зүйлийг аргалах гээд байгаа зүйл байхгүй. Хүний хөгжлийн сангийн хуулийг хэрэгжүүлэхдээ гадаад, дотоодоос зээл авсан. Үүнийг төлөх ёстой.

 .

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:

-Ээлжит бус чуулганыг яах гэж хуралдуулсныг ойлгохгүй байна. Нэгдсэн төсвийн алдагдал ДНБ 10 хувиар хүлээх болоод байна. Төсвөөс гадуурх орлого гурван их наяд төгрөгөөр шахчихсан. 1,5 тэрбумыг үр дүнгүй зарцуулсан. Хэрэглээний зээл арилжааны банкуудад гурав дахин өсч, төсвийн алдагдал 1,5 их наядад хүрэх нөхцөл бүрдээд байна. Өргөн хэрэглээний бараа бүх төрөл дээр өссөн байна. Маханд өгсөн 80 тэрбум төгрөгийг "Жаст" компанид өгөөд дампууруллаа. Орон сууцны хөтөлбөр метр квадрат нь нэг сая байх ёстой гэж анх та  нар хэлсэн. Одоо доод тал нь хоёр сая төгрөгт хүрээд байна. Тэгэхээр энэ Хөрөнгө оруулалтын хууль үр дүнгээ өгөх үү? Одоо төсвөө, зардлаа тана, бүсээ чангал гэж бодит үнэнийг хэл л дээ.

-Монгол Улсыг муутгахын тулд бүх юмыг харлуулж болохгүй. Тоон дээр үндэслэж хариулъя гэхээр та бид хоёрыг тоо алд дэлэм зөрөөд байна.  Төр ханшийн асуудал дээр тодорхой хэмжээний зохицуулалт хийгээд явж байна.

.

УИХ-ын гишүүн Г.Бурмаа:

-Үүргээ биелүүлээгүй тохиолдолд хөрөнгө оруулагч нар ямар хариуцлага хүлээх вэ?

-Хариуцлагын тогтолцоог хуулинд зааж өгсөн байгаа. Хэрвээ хариуцлагыг тогтолцоог нэмэх шаардлагатай гэвэл гишүүдэд нээлттэй.

 .

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

-Энэ хуулиудын гол зохицуулалт уул уурхайд явагдана. Хамтдаа УИХ-ын хоёр бүрэн эрхийн хугацаанд нэг зүг рүү зорьж ажиллаж байсан. Харин одоо буцаж байгаад харамсаж байна. Урт нэртэй хуулиас  болоод гадаадын хөрөнгө оруулалт буураагүй гэж хэлсэнд талархаж байна.  

-Миний байр суурь хэвээрээ байгаа. Алттай холбоотой асуудал гарч ирж байна.  Энэ нь Хөрөнгө оруулалтын хуультай холбоотой биш учраас орхиё.  Монгол Улсын нийт иргэд аж ахуйн нэгж  дагаж мөрдөхөөр энэ хуулийг гаргасан.

Ийнхүү чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийн асуулт хариулт  явагдлаа. Нэгдсэн хуралдаан 13 цагт завсарлаад дахин үргэлжлэх юм.

.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин