Эрхээ эдэлдэг, үүргээ биелүүлдэггүй хөрөнгө оруулагчидтай болчих вий
2013-09-22

Ээлжит бус чуулганы хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийг анхны хэлэлцүүлэгт шилжээд байгаа. Засгийн газраас өргөн барьсан энэ хуулийн төсөл дээр гишүүд ямар байр суурьтай байгааг сонирхъё.

1

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: -Энэ хууль дээр хэлэх хэд хэдэн зүйл байна. Хөрөнгө оруулалтын тухай хууль дээр дөрвөн төрлийн татварыг тогтвортой байлгана гэснээр өнөөдөр гаднын хөрөнгө оруулалт орж ирэх нь юу л бол. Бусад оронд янз бүрийн татвараас чөлөөлдөггүй юм гэхэд хойшлуулдаг.  Монгол Улс өнөөдөр ямар ч үйлдвэрийн зориулалттай тоног төхөөрөмж үйлдвэрлэж чадахгүй байгаа. Бүгдийг нь гаднаас авдаг. Үйлдвэрийн зориулалттай тоног төхөөрөмжөө оруулж ирчихээд үйл ажиллагаагаа эхлээгүй байхад татвараа төлөөд эхэлдэг. Гаалийн болоод НӨАТ-ыг нь үйл ажиллагаагаа  эхэлтэл хойшлуулах бололцоог харах хэрэгтэй. Байгаль орчинд сөрөг нөлөөгүй байх гээд хуулинд заасан байна лээ. Уул уурхайн чиглэлээр  үйл ажиллагаа явуулах гэж байгаа аж ахуйн нэгж байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй байна гэж үгүй. Байгаль орчны үнэлгээ хэдийгээр хийгдсэн ч сөрөг нөлөө тодорхой хэмжээнд үзүүлж л таарна. Энэ заалтыг  тодорхой болгох хэрэгтэй. Гадаадын улсын хуулийн этгээд Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалтай аж ахуйн нэгжийн эсвэл төлөөлөгчийн газар байгуулах хэлбэрээр үйл ажиллагаа явуулна  гэж заачихаад хөрөнгө оруулалтын хэлбэр дээрээ маш олон төрөл зүйлийг тавьсан байна лээ.  Зөрчилдөөнтэй зүйлийг нь харах хэрэгтэй юм билээ.  Хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд рүү дайралт хийж байгаа. “Тавантолгой”  дээр өмнөх Засгийн газар 350 саяыг авснаас дампуурчихлаа гэдэг. 180 саяыг төлсөн. 170 сая-ын үлдэгдэлтэй байгаа. Энэ чинь төлөх эзэнтэй өр.  Төр аж ахуйн нэгж төлнө, ард түмний нуруун дээр биш. Тэгсэн мөртлөө 1.5 тэрбум төгрөг авчихаад, өнөөдөр хэн төлөх нь тодорхойгүй болчихсон өрийг хэн ч ярихгүй юм. Ард түмний татвараар төлөгдөх гээд байна шүү дээ.

1

УИХ-ын гишүүн Р.Бурмаа: -Хөрөнгө оруулагчдад хариуцлага тооцох нь тодорхойгүй байна. Гэрчилгээ авах үедээ хуурамч бичиг баримт үйлдэх, баримтаа дутуу бүрдүүлвэл гэрчилгээг хүчингүй болгоно гэж заасан байна. Үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрчилгээг нь цуцлах заалт алга. Гэрчилгээгээ авчихаад үүргээ биелүүлэхгүй, торгуулаад яваад  байвал яах вэ?.  Хуулийн төсөлд торгуулийг 30 сая төгрөг гээд заачихсан байна. Маш том хөрөнгө оруулалт дээр 30 сая төгрөг гэдэг юу ч биш. Үүрэг биелүүлдэггүй, эрхээ эдэлдэг хөрөнгө оруулагчидтай болчих вий гэсэн болгоомжлол байна.

1

УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл: -Хөрөнгө оруулалтын хуулин дээр бодлогын талаас нь хэлэлцэх ёстой. Бодлого цаг үе олсон уу. Нэг жилийн дотор хөрөнгө оруулалт 40 хувиар буурчихлаа. Олон жилийн турш явж ирсэн хөрөнгө оруулалтын асуудлаасаа Монголын төр бүхэлдээ буцаж байна. Ийм хялбархан төрийн бодлого явж, дотоодын хөрөнгө оруулалт бидэнд нааштай хандана гэж бодож байх шиг байна. Хуулийн төслийн заалтуудыг харж байхад харин ч тогтворгүй хууль батлагдаад гарах нь уу дээ гэж сэтгэл эмзэглэж байна.  Өмнө нь явж ирсэн  бодлогоосоо ухармааргүй байна. Энэ хуулийг батлахдаа сонирхлын зөрчилтэй хүмүүс асуудлыг оруулаад ирчихсэн юм биш байгаа. Ер нь гадаадын хөрөнгө оруулалт буурсан талаас нь яаран сандран оруулж ирж байгаад гайхаж байна. Бид стратегийн бодлого гэж ашигт малтмал дээр гаргасан шүү дээ. Бодлого буруу явж байна шүү. Ашигт малтмалын хуулийн бодлого гараагүй байхад үүнийг яаж хэлэлцэх билээ.

1

Н.Энх

 
Shuud.mn
Сонин хачин