“Монгол ур чадвар-2013” болж байна
2013-09-25

“Ажилтай, орлоготой Монгол хүн” сэдэвт хөдөлмөрийн салбарын үндэсний чуулганыг угтан Хөдөлмөрийн яамнаас энэ сарын 23-27-ны өдрийг хөдөлмөрийн салбарын долоо хоног болгон үйл ажиллагаа явуулж байна.

Энэ ажлын хүрээнд өнгөрөгч даваа гарагт эрдэм шинжилгээ онол практикийн бага хурал зохион байгуулсан бол өнөөдөр Чингисийн талбайд хөдөлмөрийн салбарын нээлттэй хаалганы өдрийг “Монгол ур чадвар-2013” нэртэйгээр зохион байгуулж байна.

Тус өдөрлөгийн нээлтэд Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав нар оролцлоо. Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав “Энэ жилээс эхлэн есдүгээр сарын сүүлийн долоо хоногийн ням гарагийн хөдөлмөрийн, хөдөлмөрчдийн өдөр болгон тэмдэглэхээр болсон. Энэ өдрийг хөдөлмөрчид маань өмнө хийсэн зүйлээ дүгнэж, цаашид юу бүтээхээ харилцан ярилцдаг болгож байгаа юм. Өнөөдөр талбай дээр жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийнхээ хийсэн бүтээсэн зүйлийг олон нийтэд танилцуулж байна. Та хүсвэл монгол инженерийн бүтээсэн машин дээр сууж болно. Энэ мэт эх орондоо хийж буй бүтээгдэхүүн үйлдвэрлэл үйлчилгээтэй танилцаж, мэдэж авах боломж бүрдэж байна” гэлээ.

Нээлттэй өдөрлөгөөр жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа, мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын суралцагчдын дунд мэргэжлийн ур чадварын улсын уралдаан болон тэдний ур чадварыг харуулсан шоу үзүүлбэрүүд болж байна. Чингисийн талбай дээр нийт 20 аж ахуй нэгж үйлдвэрлэсэн хүнс болон ноос ноолуур, арьс шир, барилгын материал, малын тэжээл зэрэг үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ танилцуулан, худалдаалж байгаа бөгөөд 18:00 цаг хүртэл үргэлжлэх юм.

Мөн Хөдөлмөрийн төв биржийн ажилтнууд ажил хайгч иргэдээр анкет бөглүүлэн авч байгаа бөгөөд хүссэн хүн бүр хамрагдаж болох юм.

Б.Буд

Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Yamar saihan zuils hiideg boloo ve.
2013-09-25