Улаанбаатар
Өнөөдөр дэлхийн аялал жуулчлалын өдөр
2013-9-27

Өнөөдөр дэлхийн аялал жуулчлалын өдөр. Энэ өдрийн хүрээнд Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас “Дэлхийн аялал жуулчлалын өдөр”-ийг уламжлал ёсоор жил бүрийн есдүгээр  сарын 27-нд зохион байгуулдаг.

 Энэ өдрийг жил бүр тодорхой сэдвийн дор, аялал жуулчлал хөгжиж буй оронд зохиодог уламжлалынхаа дагуу энэ жил “Ус ба аялал жуулчлал /Ирээдүйгээ хамгаалцгаая/” уриан дор дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.

Уг өдрийн хүрээнд аялал жуулчлалын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их дээд сургууль, коллежид суралцагч оюутан залуусыг хамруулсан “Гранд тур” аялал жуулчлалын улсын олимпиад болох аж. Мөн аялал жуулчлалыг сурталчлах үзэсгэлэн, “Дотоодын аялал жуулчлалын хөгжлийн асуудал” сэдэвт  оюутны эрдэм шинжилгээний бага хурал, танин мэдэхүйн “Центавр” асуулт хариултын сонирхолтой тэмцээнүүд болох юм байна.

Сонирхуулахад, Дэлхийн аялал жуулчлалын өдрийг анх 1979 онд Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын Ерөнхий Ассамблейн 3-р чуулганаар хэлэлцэж олон улсын аялал жуулчлалын хамтын ажиллагаа, харилцаа холбоог өргөжүүлэн хөгжүүлж, нэгтгэн нягтруулах, аялал жуулчлалаар дамжуулан нийгэм, соёл, улс төр, эдийн засгийн үнэт зүйлсийг хадгалан хамгаалах, сурталчлах зорилгоор тэмдэглэж эхэлсэн байна. Харин  манай улсад уг өдрийг 2007 оноос эхлэн тэмдэглэж иржээ.

Б.Цэрэн

Shuud.mn
Сонин хачин