Мэдлэгээр эдийн засгаа солонгоруулья
2013-09-27

Хөгжлийн олигтой бодлогын талаар нухацтай ярилцах боллоо. Энэ нь аргагүй юм. Манайхаас гадагш гарч байгаа баялаг болгон шахуу түүхийгээрээ, ямар нэгэн өртөг шингэхгүй урсч байна. Түүхий эдэд ямар нэгэн өртөг шингээхийн тулд манайд боловсруулах үйлдвэр хэрэгтэй. Боловсруулах төдийгүй эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж гаргах өндөр технологи бүхий үйлдвэрүүд хэрэгтэй. Үүнийг барьж байгуулахад нэг их асуудал байхгүй. Мөнгөөр туйлж байгаа өнөөгийн нөхцөлд хэдэн их наядаар нь гаргаад барьчихаж болно. Гадныхан ч бариад өгье гээд л байдаг. Гол нь түүнийг ажиллуулчих мэргэжилтэн бидэнд байна уу. Гадныхан ирээд л ажиллана. Баахан хүмүүс талбай тойрч жагсаад Монголын баялагийг идэж уулаа хувалзнууд гээд харааж гарна. Монгол хүн ажилуулчихья гэхээр тэр өндөр техник технологийг эзэмшээд баялаг бүтээчихдэг нь цөөн. Ингээд л мөнхийн түүхий эд экспортлогч улс орон. Гадаадын өндөр хөгжилтэй орнуудад мөн ч олон оюутан залуус явуулсан даа. Тэднийхээ хүчийг ашиглачих талаар юу ч хийсэнгүй гэхэд нэг их хилсдүүлэг болохгүй. Харамсалтай нь ирж байгаа нь тун цөөхөн. Ирсэн нэг нь мэргэжлээрээ ажилладаггүй. МУИС-д л гэхэд өндөр хөгжилтэй оронд мэргэжил эзэмшсэн 70 орчим залуу багш нар байдаг юм билээ. Хагас нь төрийн зардлаар. Мөнгөн дүнгээрээ бол 100 гаруй мянган ам доллараар суралцсан нөхдүүдийг яагаад олигтой ашиглаж чадахгүй байна вэ. Данстай нь энэ хэд байхад дансгүй нь хэдэн араваар тооллогдоно. Төрийн мөнгөөр суралцаад тэндээ шингэсэн нь хэдэн зуугаар тоологдоно.

:

Төр засаг хөгжлийн амин сүнс болсон мэдлэгээ ингэж хайхрахгүй орхиж болно гэж үү. Зүй нь уул уурхай, мал аж ахуй, техник технологийн салбарт бүтээгдэхүүнд яаж нэмүү өртөг шингээх вэ гэдгийг өөрийнхөө мөнгөөр суралцуулах гээд явуулсан төр тэднээс шаардах эрхтэй. Дайны дараах солонгос, япончууд хөгжлийнхөө гарцыг өндөр технологи, мэдлэг гэж тодорхойлоод залуусаа АНУ болон барууны орнуудад сургаж өнөөдрийн энэ хөгжлийн өндөрлөгт хүрсэн. Үнэндээ тэдэнд бидэн шиг боломж их ховор байсан. Байгалийн баялаг гээд байх зүйлгүй, дайны төлбөр гээд асар их хэмжээний хөрөнгө мөнгөний өртэй, олон улсад нэр хүнд тааруухантай л байлаа. Гэтэл тэднээс өмнө ашигт малтмалын асар их нөөцөөрөө дэлхийг дэлдийлгэж байсан Африк мөнхийн ядуугаараа л үлдлээ шүү дээ. Энэ гашуун туршлага өнөөдөр Монголд нүүрлээд байна.

:

Өндөр мэдлэг шаардсан техник технологи дээр залуус маань гологдож байна. Гадны үнэтэй техник технологи, ноу хауг шууд хуулаад тавилаа гэхэд тэрийг нь ашиглачих боловсон хүчингүй бол дэмий мөнгө цацсан хэрэг болж байна. Эрүүл мэндийн салбарыг л хар л даа. Өнгөрсөн хугацаанд хэчнээн өндөр технологи буцалтгүй тусламж болон хөнгөлттэй зээлээр орж ирэв дээ. Ашиглаж чадахгүй болохоор эмнэлгүүдийн агуулахуудад хэвтэж л байна. Мэдлэггүйдээ л энэ шүү дээ. Цахилгаан станцуудад хэчнээн их мэдэх мэдэхгүй техник технологи төсвийн мөнгөөр авч өгөв. Ашиглаж байгаа нь ээ дээ мэдэхгүй агуулахад л тоос дараад зай эзлээд л хэвтэй байна. Хүн хар бяраараа хөгжлөө тодорхойлж байсан тэр цаг аль хэдийн өнгөрсөн. Дундад зуунд л нэг тиймэрхүү байсан байх. Гэтэл манай мал аж ахуйг хар л даа. Үнээгээ гараараа саана. Цагаан идээгээ гараараа боловсруулна. Ноос, ноолуур, арьс шир, махаа гараараа бэлдэнэ. Мянга мянган жилийн өмнө бэлдэж байсан тэр л арга барилаараа. Гэтэл цаана чинь ганцхан сүүнээс гэхэд мянгаад нэр төрлийн бүтээгдэхүүн гарган авч байна. Хүнсний бүтээгдэхүүнээс эхлээд эм, гоо сайхны бараа, резинээс ч хатуу жийргэвч, утас гээд л... Мэдлэгт суурилсан эдийн засаг ингэж түүхий эдээ эцэст хүргэж ашиглаж байна шүү дээ. Энгийн ухаанаар л бодоход сүүг нэг нөхөр саагаад зараад зах зээлд гаргаж байхад тэд сүүгээр мянган бүтээгдэхүүн үйлдвэрлэх  дор хаяж зуун ажлын байр, хэдэн арван сая төгрөгийн ашиг орлого олж байна. Үүнийг чинь эдийн засгаа солонгоруулах гээд байгаа юм даа.

.

Н.Бадамжав

Shuud.mn
Сонин хачин