Гааль дээр хураагдсан ном, судрыг хүлээлгэж өглөө
2013-09-27

  Буянт-Ухаа дахь гаалийн газарт хураагдсан нийт 128 ширхэг түүх соёлын баримтат өвийг улсын орлого болгон Үндэсний номын санд өнөөдөр хүлээлгэн өгч ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл, Үндэсний номын сангийн захирал Х.Чилаажав нар номын бүртгэлийн жагсаалтад гарын үсэг зурлаа.

Энэ үеэр Үндэсний номын сангийн захирал Х.Чилаажав “Бид манай номын санд ирж байгаа соёлын өвүүдийг шууд фонддоо оруулдаггүй. Эхлээд үнэт ховор ном судрын тооллогын багийнхан тоолно. Эдгээр бүтээлийн хадгалалтын горим алдагдсанаас мөөгөнцөртөж, тоос шороонд дарагдсан байна. Тиймээс номын сангийнхаа сэргээн засах лабораторын ариутгалын аппаратад оруулж, ариутгана. Үүний дараа данслагчид данслаад тус бүрийн фондуудад хуваарилж өгнө. Тухайлбал, Төвд, Монгол, Үнэт ховор гээд төрөл бүрийнх нь фондод оруулна. Энэ ажил доод тал нь долоо хоног үргэлжилнэ. Ингэсний дараа эдгээр бүтээлийг уншигч, судаалчид үзэж сонирхох боломжтой болно” гэлээ.

Эдгээр ном сударын 10 нь түүх соёлын үнэт өвийн зэрэглэлд хамаарах бөгөөд алтаар бичсэн зурмал бурхантай Доржжодба болон Цэнд, Жүгдэрнамжил, Санжодмонлам, 21 Дарь-Эх зэрэг алтаар бичиж, лакадсан бүтээл байгаа аж. Харин Сандуйн жүд, Алтангэрэл зэрэг 118 ном судар нь түүх соёлын ердийн дурсгалд хамаарах юм.

Түүх соёлын энэхүү үнэт өвийг таван дамар, гуулин болон зэс очир, гуулин цан, дэншиг, модон гуутай бурхантай хамт гурван чемоданд хийн гаалиар авч гарахыг завдахдаа баригдсан байна. Уг хэргийг үйлдсэн этгээдэд холбогдох хэргийг өнгөрсөн зургадугаар сарын 19-ны өдөр шийдвэрлэж, хэрэгтэнд 2 жилийн тэнсэн харгалзах ял оноосон гэдгийг албаны хүн хэллээ.

Монгол орны түүх дурсгалыг шингээсэн соёлын энэхүү өвүүд гэмтний халааснаас сугарч Үндэсний номын сандаа хадгалагдаж үлдлээ.

Б.Буд

Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ

Shuud.mn
Сонин хачин