Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа П.Өлзийсайханыг өнгөрсөн тавдугаар сараас хойш өнөөг хүртэл Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж байгаа. Тодруулбал түүнийг найман жилийн өмнө цагдаагийн албан хаагчтай маргалдаж, зодсон гэх хэрэгт сэжигтнээр татан шалгаж байгаа билээ. Харин энэ хэргийг хуулийн байгууллага шалгаад түүнийг буруугүй гэж тогтоосон байдаг.
Гэтэл хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан, гэм буруугүй гэдэг нь нотлогдсон атал түүнд дахин эл хэрэгт хамааруулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Тиймээс түүнд холбогдох мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч Нийслэлийн прокурорт хянагдаад улмаар Дээд шүүхэд харьяалал тогтоохоор шилжүүлжээ. Харин тус шүүхээс харьяалал тогтоон Чингэлтэй дүүргийн шүүхэд шилжүүлсэн байна. Энэ талаар өнөөдөр П.Өлзийсайханы өмгөөлөгч Л.Баттогтох болон түүний ар гэрийнхэн мэдээлэл хийлээ. Энэ үеэр П.Өлзийсайханы өмгөөлөгч Л.Баттогтох “Өнөөдөр монголын нийгэмд албан тушаал ашиглан хэн нэгнийг 1937 оны хэлмэгдүүлэлт шиг хэлмэгдүүлдэг болжээ. Үүний нэг тод жишээ нь Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа П.Өлзийсайхан болчихоод байна. Монгол Улсын Эрүүгийн хуулинд иргэнийг, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх хуулиас гадуур хэн нэгнийг цагдан хорихгүй гэсэн тулгуур зарчим байдаг. Тэгвэл энэ зарчим өнөөдөр алдагдаад байна” хэмээн онцлов. Харин түүний ар гэрийнхэн П.Өлзийсайханыг хоригдож байх хугацаанд эцэг нь харвалт өгч, ээж нь Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэрийн дэглэмтэй байгааг хэлсэн юм. Мөн П.Өлзийсайханыг батлан даалтад удаа дараа гаргах хүсэлтийг өмгөөлөгч болон ар гэрийнхэн хуулийн байгууллагад хүргүүлэхэд “гэмт хэргийг илрүүлэлт, тогтооход саад болж болзошгүй” гэх хариултыг өгдөг байна.
.
Хэвлэлийн хурлын дараа П.Өлзийсайханд холбогдох хэргийг талаар түүний өмгөөлөгч Л.Баттогтохтой ярилцлаа.
.
-П.Өлзийсайханд холбогдох хэрэг Чингэлтэй дүүргийн шүүхэд шилжсэн гэсэн. Яагаад та мэдээлэл хийх болсон бэ. Хэргийн талаар ярихгүй юу?
-Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа П.Өлзийсайханыг прокурорын байгууллага хэн нэгний захиалгаар хилс хэрэгт хийгээд байгаа билээ. Тэрбээр Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн тасгийн даргаар ажиллаж байхдаа хууль бус мод огтлох, алт олборлолт, ан гөрөө хийх, авилгал хээл хахуультай идэвхитэй тэмцэж ирсэн. Үүнийг ЦЕГ-аас мөн батлаж байгаа. Түүнийг Эрүүгийн тасгийн даргаар ажиллаж байхад тус аймгийн прокурорын газрын орлогч дарга н.Болд-Эрдэнэ гэгч этгээд авилгалын асуудалд орооцолджээ. Уг хэрэг дээр П.Өлзийсайхан АТГ-ын мөрдөн байцаагч Б.Бат-Олзвой, болон Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн төлөөлөгч Г.Ганболд нар ажиллаж, н.Болд-Эрдэнийг авилгал авсныг тогтоосон байгаа юм. Тиймээс н.Болд-Эрдэнэ тодорхой хэмжээний ял авч, үүнээс нэг жилийн ялыг биеэр эдлэсэн байна. Гэвч тэрбээр хорих ангиас гарч ирээд хуулийн байгууллагад нөлөөлж өөрийн нь шалгаж байсан П.Өлзийсайхан, Б.Бат-Олзвой, Г.Ганболд нарыг Улсын прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албанд “хууль бусаар намайг баривчилсан, хууль бусаар нотлох баримт гаргасан” гэх гомдлыг гаргасан байгаа юм. Үүнд Нийслэлийн прокурорт хянаад эрүүгийн хэрэг үүсгэж, шүүхэд шилжүүлсэн. Харин гурван шатны шүүхээс “уг хэрэг гэмт хэргийн бүрэлдэхүүн шинжгүй” хэмээн хэргийг цагаатгах тогтоол гарсан.
.
-Цагаатгах тогтоол хэзээ гарсан юм бэ?
-Өнгөрсөн долоо хоногийн лхавга гаригт Улсын дээд шүүхээс цагаатгах тогтоол гарсан.
.
- П.Өлзийсайхан одоо ямар үндэслэлээр хоригдоод байгаа юм бэ?
-Цагаатгах тогтоол гурван шатны шүүхээс гарсан чинь н.Болд-Эрдэнэ өөр хувилбараар П.Өлзийсайханыг оролдож эхэлсэн. Өөрөөр хэлбэл, П.Өлзийсайханыг нэргүй мэдээллээр дөрвөн гэмт хэргийг хийсэн хэмээн Нийслэлийн прокурор дахин эрүүгийн хэрэг үүсгэсэн.
П.Өлзийсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230.3-т зааснаар хэрэг үүсгэн шалгаж байгаа. Тус зүйл ангид 5-8 жилийн хорих ялаар шийтгэнэ хэмээн заасан байдаг.
Тодруулбал, П.Өлзийсайхан долоон жилийн өмнө наадмаар Замын цагдаагийн тасгийн байцаагч Н.Мөнгөнтулгад шаардлага тавьж маргалдсан байдаг. Улмаар нэг алгадсан. Гэхдээ Н.Мөнгөнтулгын биед гэмтэл учраагүй. Тэрбээр өөрөө ч П.Өлзийсайхан даргад ямар ч гомдолгүй. Миний биед ямарч гэмтэл учраагүйгээ хавтаст хэрэгт мэдүүлсэн. Гэтэл прокурорын газраас хэргийг долоон жилийн дараа сөхөж, хүнд гэмтэл гэдэг дүгнэлт гаргуулж хэрэг үүсгэсэн байгаа юм.
.
-Долоон жилийн дараа хэргийг сөхсөн болохоор та зохион байгуулалттай гэж үзэж байгаа юм уу?
-Тийм. П.Өлзийсайханд алгадуулсан Н. Мөнгөнтулга гомдолгүй гэдгээ мэдүүлсэн. Мөн өөрөө ч яагаад гомдолгүй байхад хэрэг үүсээд яваад байгааг ойлгохгүй байна гэдэг. Долоон жилийн өмнө болсон хэрэгт өнгөрсөнтавдугаар сарын 11-нд хэрэг үүсгэсэн. Үүсгэхдээ хүний биед хүнд гэмтэл учруулсан гэж үүсгэсэн байдаг. Гэтэл гэмтлийн зэргийг хэрэг үүсгэснээс арван хоногийн дараа буюу өнгөрсөн тавдугаар сарын 21-нд хүнд гэмтэл гэсэн дүгнэлт гарсан. Тэгэхээр хуулийнхан хүнд гэдгийг яаж мэдэж хэрэг үүсгэсэн болж байна. Энэ мэт зохиомол хэрэг тулгаж байгаа нь батлагдаж байна.
.
-ЦЕГ-аас ямар нэгэн тайлбар хийсэн үү?
-П.Өлзийсайханыг саатуулаад ирэнгүүт зарим хүмүүс албан тушаалаас нь чөлөөлж өгөөч гэх бичгийг ЦЕГ-т өгсөн байгаа юм. Харин ЦЕГ-аас П.Өлзийсайхан бол ажилдаа үнэнч, маш олон гэмт хэргийг илрүүлж, хууль бус үйлдлүүдийг таслан зогсоодог чадвартай ажилтан гэх тайлбар өгсөн байна лээ. Ер нь бол Прокурорын байгууллага П.Өлзийсайханыг заавал гэмт хэрэгтэн болгох гээд байна.
.
Б.Цэрэндэжид