“Их талын жазз” олон улсын их наадам эхэллээ
2013-10-02

  “Их талын жазз” олон улсын  их наадам долоо дахь жилдээ манай улсад болж байна. Тус наадмыг ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, Нийслэлийн соёл, урлагийн газар, АНУ болон Чехийн ЭСЯ зэрэг байгууллага хамтран энэ сарын 08-ныг хүртэл зохион байгуулах аж.

Мэргэжлийн жазз урлаг болон түүгээр дамжуулан боловсролыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, ЮНЕСКО-гийн зорилго, зорилтуудын хүрээнд залуучуудад энх тайван, ардчиллын төлөөх нийтлэг сонирхлоо илэрхийлэх, тэдний оролцоог нэмэгдүүлэх зорилготой. Мөн монголын уран бүтээлчийн гадаадын уран бүтээлчидтэй харилцах холбоог өргөжүүлэхэд чиглэдэг байна.

Тус наадамд ирсэн АНУ, Герман, БНСУ, БНЧУ, Шотланд зэрэг улсын жазз уран бүтээлчид манай Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгатай хамтран тоглоно.  Тэдний тоглолт үдэш бүрийн 20:00 цагт “UB Jazz” клубт болох юм. Мөн тэдгээр уран бүтээлч Хөгжим бүжгийн коллеж, СУИС, Монгол дахь Америк сургууль болон зарим асрамжийн газар очиж тоглолтоо сонирхуулах юм байна. Харин олон нийтэд зориулсан нээлттэй тоглолтыг Чингис хааны нэрэмжит төв талбайд ирэх ням гарагт хийх аж.

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин