“Хариу нэхээгүй тус” аян
2010-12-01

Монголын Залуучуудын Холбооноос жил бүр уламжлал болгон зохион  байгуулдаг   “Хариу нэхээгүй тус” хүмүүнлэгийн аяныг 13 дахь жилдээ уламжлал ёсоор зохион байгуулж  байна.

Өнгөрсөн жил энэхүү аяныг  “Эрүүл биед саруул ухаан оршино” гэсэн уриатай явуулж байсан бол энэ жил  “Дэм дэмэндээ дээс эрчиндээ” уриан доор 11-р сарын 8-наас 12-р сарын 8-ныг хүртэл нэг сарын аяныг зарлаж байгаа бөгөөд оюунлаг бүхнийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор төрөл бүрийн сургалт, уулзалт, донорын өдөрлөг, хандив цуглуулах аяныг өргөн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөөд ажлаа эхлүүлээд байгаа билээ.

Энэхүү аяны хүрээнд бид бүхэн сайн дурынхны дуу хоолой , оролцоог нэмэгдүүлэх үүднээс “Англиар уран илтгэгч” улсын уралдааны шилдэг 10 оролцогчыг хамруулан тэдний дэмжлэгтэйгээр тархины саатай хүүхдүүдэд туслах, хариу нэхээгүй тус хүргэх ажлыг зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа ороод  байна.

Эдгээр оюутнууд анги хамт олон, сургуулийнхаа хэмжээнд бичил хандив цуглуулах ажлыг зохион байгуулж цугларсан эд материал, сэтгэлийн бэлгийг нэгтгэн “Тархины саатай хүүхдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг”-ийн дэргэдэх цэцэрлэгийн дүү нартаа хүргэн өгөх гэж байна. Энэхүү ажиллагааг зохион байгуулахад “Asia pharma” эмийн үйлдвэр  хамтран ажиллаж байгаа бөгөөд тус цэцэрлэгийн 2-12 насны 120 гаруй хүүхдүүдэд витамин, нэмэлт тэжээлээр хандив өргөх юм.

Хандивын үйл ажиллагаа  өнөөдөр  “Нийслэлийн хүүхдийн төлөө төв”-ийн хурлын заланд болж байна.

Н.Цэндээ

Shuud.mn
Сонин хачин