Шарталт ба эдийн засаг
2013-10-20

Төрөөс мөнгийн бодлогын талаар ирэх онд баримтлах үндсэн чиглэлийг сүр дуулиан ихтэйхэн шиг УИХ хэлэлцэж дараагийн хэлэлцүүлэгт оруулахыг дэмжлээ. Гадна талд нь ҮЭ-ийнхэн 200 тэрбум төгрөгийн хэзээ нэмэгдэх нь тодорхойгүй цалин тэтгэврийн нэмэгдлийг чамлан эсэргүүцсэн шиг, нөгөө л инфляц, гадаад валютын чангарлын тухай иргэний хөдөлгөөнүүд үгсэн дараагийн жагсаал цуглааны тактикийг боловсруулсан шиг эхний хэлэлцүүлэг дууслаа.

.

Мөнгөний бодлогын баримт бичгийн эхэнд инфляцийг 8 хувь руу оруулна гэсэн том зорилт тавилаа. Биелдэг бол мөн ч сайхан тоо шүү. Харамсалтай нь бодит байдал дээрээ энэ оны сүүлчээр хоёр оронтой тоонд хэдийнэ хүрэхээр төлөв ажиглагдаж байгаа. Саяхан болсон Дисковери Монголия, уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтыг сурвалжлаад явсан нөхдүүд “Улаанбаатар нүүрээ бурууллаа, Хөрөнгө оруулагчид Монголоос дүрвэж байна” гэж бичицгээх боллоо. Нуугаад хэрэггүй дэлхий хавтгай болсон. Гадны аль ч мэдээллийн сайтын эдийн засаг, уул уурхайн булан руу шагайвал энэ тухай хангалттай харж болно. Засгийн тайлбарлаад байгаа хөрөнгө оруулалтын орчинг таатай болгох хууль эрхзүйн орчинг сайжруулах амлалтууд тэдэнд итгэл төрүүлээгүй бололтой. Инфляцийг яагаад ингэж барьж чадахгүй байгаагийн гадаад нөхцөл орчин ердөө л хөрөнгө оруулалт эрс багассан, нүүрс үнэт металын экспорт эрс багассантай холбоотой. Үүнийг хэрхэн сайжруулах талаар хууль эрхзүйн орчинг нь сайжруулахгүйгээр, гадаадад унасан нэр хүндээ сэргээх пиараа хэрхэн хийхээс л шалтгаална. Эрүүл цус, хөрөнгө оруулалт эдийн засагт эргэлдэхгүйгээр бохирдлоос бүрэн гүйцэд цэвэршиж чадахгүй. Эдийн засаг шарталттай хэвээр л байх болно.

.

Дотоод хүчин зүйлс мэдээж нөлөөтэй. Эдийн засагт хүнд цохилт өгсөөр ирсэн гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн, түлш шатахуун, эрчим хүч дулааны гээд бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ тарифыг тогтвортой байлгах нь инфляцийг хазаарлах гол хүчин зүйл. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд жижиглэнгийн үнэ нь тогтвортой байх, нөөц бүрдүүлэхэд дээрх бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ тариф нэг их савласангүй гэж эрх баригчид мэдэгдэж байгаа. Тийм сайн тал бий нь бий л байх. Үүнийгээ нефтийн үнэ өмнөх жилүүдэд 190, 310 төгрөгөөр огцом нэмэгдэж байсныг таслан зогсоосон гэж тайлбарлаж харагдана лээ. Гэтэл зарим компаниуд түлш шатахууныхаа үнийг тогтоолтой юм шиг үе үе нэмэгдүүлж бас буулгаж баахан тоглоом хийсний эцэст Засгийн шаардсан үнээс дээгүүр тогтоож аваад байгааг юугаар тайлбарлах болж байна. Үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжиж Засгаас хэдэн арван тэрбум төгрөг өгснөөс хойш өнөөдрийг хүртэл өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсээр байна.

.

Ченжүүдийн гараас махны нийлүүлтийг салгаж авахгүй л юм бол инфляцийг өдөөгч гол хүчин зүйлээс гарч чадахгүй. Улсын даалгавраар компаниуд баахан мах бэлтгэсэн нэртэй хавартай золгодог. Тэр нь чанарын шаардлага нийцэхгүй хатаж хорчийсон, хүн байтугай нолхой тоож шиншихгүй болж худалдаанд гарна. Хэрэглэгчид үнэтэй ч гэсэн чанартайг нь сонгоод ченжүүдийн оруулж ирж байгаа махыг л худалдаж авна. Төр зохицуулалт хийсэн нэртэй тэр нь энэ үнийн савлагаанд өчүүхэн төдий л сааралтын хүчин зүйл болж байсныг өнгөрсөн өвөлжин бид харсан. 87 тэрбум төгрөг үүнд зарцуулсан гээд тайлагнаад байгаа. Юу болж өнгөрөх юм байгаа юм бүү мэд.

.

Мах, үр тариа хүнсний ногооныхоо хэрэгцээг бид хангалттай бүрдүүлж чадна. Гол нь эрэлт нийлүүлэлтийн эрүүл саруул тогтолцоо хэрэгтэй байгаа юм. Гараас гар дамжиж биш. Тиймдээ ч үндэсний үйлдвэрүүдийн мах бэлтгэл, боловсруулалт, нийлүүлэлт, худалдаалах бүхэл бүтэн сүлжээтэй болгоход нь төрөөс багтаж ядаад байгаа мөнгөө хөнгөлөлттэй болон хүүгүй зээлээр туслах л хамгийн зөв арга баймаар юм. Газар тариалангийн салбарт ийм бодлого авч хэрэгжүүлсний хүчинд чамгүй амжилтад хүрсэн шүү дээ. Энэ жил төмс хүнсний ногоон дээр ч ийм бодлого баримталсан нь үр дүнгээ өгч л байна. Мах бол арай өөр төрлийн бүтээгдэхүүн. Үйлдвэрлэлийн технологийн олон горимыг чанд хатуу баримтлах учиртай. Ийм стандарт баримтлагддаггүйгээс бүс нутагтаа махны хамгийн их нөөцтэй Монгол гадагшаа махаа экспортолж чадахгүй /эрүүл байгалийн цэвэр органик бүтээгдэхүүн гэж батлачих лабортори алга/, дотоодоо тэнгэрт тулсан үнэ ханшаар иргэдээ туйлдуулж байх юм.

_

Инфляц дээшээ мөлхөхөд энэ үзүүлэлт голлох үүргийг гүйцэтгээд байгаа юм. Цаасан дээр тоо төлөвлөх үнэхээр амархан. Хий мөрөөдөл төсөөллийн үр дүн нь ямар байдалд хүргэдгийг хангалттай харсан шүү дээ. Их наядаар нь тоологдох мөнгө ярьж байна. Тэрбум төгрөг юу ч биш бололтой. Шингээх ходоодны хэмжээгээ нэмэгдүүлж байж хоол хүнсээ тохируулна уу гэхээс нэгийг багтаах зүйл рүү арвыг шахаад байж болохгүй шүү дээ. Хөдөлмөрийн бүтээмж өндөрсөнө гэдэг. Нэмэлт хөдөлмөр шингээж экспортод нэмүү өртөг шингээсэн бараа бүтээгдэхүүн нийлүүлнэ гэсэн үг. Ингэж гэмээн эдийн засгийн багтаамж өргөсч мөнгө жинхэнэ утгаараа мөнгө болж хувирна гэдгийг захын эдийн засагч мэддэг баймаар. Харин манайхан тоодоггүй ээ. Инфляц дээшээ тэнгэр рүү тэмүүлээд байдаг. Манайхан тэнгэрийн юм яриад л сууж байх юм.

.

Инфляц хоёр оронтой тоонд хүрвэл иргэдийнхээ орлого ч мөн төдий хэмжээнд нэмэгдүүлэх ёстой. Гэтэл байдаггүй. 200-хан тэрбум төгрөг төсөвлөчихөөд л сууж байна. Хэнд яаж нэмэгдүүлэх талаар ам нээдэггүй. Засгийн газарт судалгаа байх учиртай. 500 мянгаас дээш төр, хувийн хэвшлийн ямар салбарт ажиллагсад хэд байна вэ. 700, нэг саяас дээшхи сарын цалинтай нь хэд вэ. 500 мянгаас доошхи нь хэд байна вэ. Ямар үечлэлтэйгээр ямар ялгавартайгаар нэмэгдүүлэх вэ гэсэн судалгаа байдаг ч юм уу, үгүй ч юм уу. Эрхбиш улсаас тэтгэвэр тэтгэмж авдаг хэдийгээ бол мэддэг л байх. Ийм нарийн тооцоо үндэслэлтэйгээр нэмэгдүүлэх ёстой. Тэрнээс тоонон дээр нэг хэсэгхэн мах өлгөчихөөд “Та нарт өгнө өө. Өлссөн цатгалан хамаагүй нэг нэг тавгаар өгнө” гээд байвал мөн хэцүүеэ.

.

Н.Бадамжав

Shuud.mn
Сонин хачин
Nuli aldaa:
Bichsen niitlel chini utga ni zov bna. Setguulch hun ug usgiin aldaagaa sain hyanaj baij site- deeree oruulj baimaar yum daa
2013-10-21
John again :
Aldag yum bna daa
2013-10-20