Геологийн хайгуулын чиглэлээр хамтран ажиллана
2011-11-29

Монгол, Унгарын ГХЯ-дын зөвлөлдөх уулзалт 11 дүгээр сарын 28-нд Улаанбаатар хотноо болов. Зөвлөлдөх уулзалтыг Монголын талаас ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар, Унгарын ГХЯ-ны Орлогч Төрийн нарийн бичгийн дарга Ховари Янош нар удирдан явуулав. Уулзалтад монголын талаас ГХЯ-ны Европын газрын дэд захирал Б.Мандахбилэг болон албаны бусад хүмүүс, унгарын талаас БНУУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт элчин сайд Кушаи Шандор нар байлцав. Зөвлөлдөх уулзалтын үеэр Монгол, Унгарын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцов. Хоёр тал Монгол, Унгарын харилцааны өнөөгийн байдалд дүгнэлт хийж, харилцаа, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх боломж, ялангуяа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх нөхцөл боломжийн талаар ярилцав. Тухайлбал: хоёр тал хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал үүрэгтэй Эдийн засгийн хамтын ажиллагааны Монгол, Унгарын Засгийн газар хоорондын /ЗГХХК/-ын ээлжит 4 дүгээр хуралдааныг 2012 онд Будапешт хотноо хийх бэлтгэлийг эртнээс ханган ажиллахын чухлыг тэмдэглэв. Унгарын тал Хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд үзүүлдэг тусламжаа үргэлжлүүлэх, малын эм бэлдмэл, мал эмнэлэг, геологийн хайгуул, усны менежментийн чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Монголын тал харилцаа, хамтын ажиллагааг урагшлуулан хөгжүүлэх, иргэд хоорондын харилцааг хөгжүүлэхэд ЭСЯ-дын үүрэг их чухал учир Унгар Улс ойрын жилүүдэд ЭСЯ-аа сэргээн нээнэ хэмээн  найдаж байгаагаа илэрхийлэв. Унгарын тал төсөв санхүүгийн хүндрэлтэй байдлыг шийдвэрлэсний дараа асуудлыг анхаарч үзэхээ мэдэгдэв. Хоёр тал НҮБ болон олон улс, бүс нутгийн байгууллагуудын хүрээнд хамтран ажиллаж, харилцан бие биенээ дэмжин ажиллахаа мэдэгдэв. Европын Холбооны нэгдсэн стандартыг өөрийн хөрсөнд нутагшуулахад унгарын тал туршлагаасаа хуваалцахад бэлэн байгаагаа мэдэгдэв. Хоёр тал Унгарын Ерөнхийлөгчийг 2012 онд Монгол Улсад урилга ёсоор айлчлуулах асуудлыг хөндөн ярилцаж, хугацааг дипломат шугамаар тохирохоор болов. Уулзалт ярианы үеэр талууд ГХЯ хоорондын зөвлөлдөх уулзалт хоёр орны улс төрийн харилцааг хөгжүүлэхэд тус дөхөмтэй механизм болохыг дурдаад дараагийн ээлжит уулзалтыг Будапешт хотноо 2012 онд хийхээр тохиров.    
Shuud.mn
Сонин хачин
Унгарууд саяхан л манайд байдаг элчингээ хааж новширсон. Хөөгөөд явуул.
2011-11-29