21 нэрийн бүтээгдэхүүнийг улсын орлого болгожээ
2013-10-24

МХЕГ, НМХГ хамтран нийслэл болон хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулж буй томоохон хүнсний бөөний төвүүдэд шалгалт хийжээ. Тус шалгалтад 11 хүнсний төвийн 1461 лангуу, 36 агуулах зоорь, нийслэлийн Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхэлдэг 10 аж ахуй нэгжийн 25 тээврийн хэрэгсэл хамрагдсан байна. Тэдгээрийн эрсдэлийн ангилалыг “Худалдаалах үйл ажиллагааны хяналтын хуудас”-д заагдсан таван бүлэг 42 шалгуур үзүүлэлтийн дагуу хийжээ.

Хяналт шалгалтын дүнгээр “Нарантуул” трейд, “Барс” трейд болон Ховд аймгийн “Хан-Орд”, Увсын “Увс зах” болон Төв аймгийн “Бүлтэн загас” зэрэг хүнсний бөөний төвүүд их эрсдэлтэй шалгагдсан ба эрсдэлийн түвшин “Барс” бөөний төвд 68,1 хувь буюу их эрсдэлтэй гарсан байна.

Аймгуудад илэрч буй зөрчлийн дийлэнх хувь нь инженерийн төвлөрсөн цэвэр, бохир ус, дулааны шугам сүлжээнд холбогдоогүй, худалдааны зориулалтын тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, хөргөх төхөөрөмжөөр хангагдаагүй, зориулалтын бус байртай байжээ. Харин нийслэлд худалдаа явуулж байгаа хүнсний бөөний төвүүдийн барилга байгууламж мэргэжлийн байгууллагын зураг төслийн дагуу баригдаагүй, байрны ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөл хангагдаагүй, хүнсний бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлтийн нөхцөл бүрдээгүй зэрэг зөрчлүүд илэрчээ.

Мөн худалдаалагдаж буй 79 хүнсний бүтээгдэхүүнээс дээж авч, лабораторийн шинжилгээнд хамруулснаас 10,1 хувь нь чанар, аюулгүйн шаардлага хангаагүй болон хадгалалтын хугацаа дууссан тул 21 нэрийн, 1 сая 777 мянган төгрөгийн бүтээгдэхүүнийг улсын байцаагчийн анкетаар хүлээн авч, нийслэлийн Засаг даргын дэргэдэх захиргааны журмаар хургаадсан эд зүйлийг улсын орлого болгох, үнэлэх, устгах орон тооны бус зөвлөлд шилжүүлжээ.

Гүйцэтгэлийн хяналт шалгалтаар хуулийн заалтын хэрэгжилт дээшилсэн боловч хүнсний аюулгүй байдал алдагдах эрсдэл хэвээр байгаа аж.

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин