Сүү, махны хангамжийг сайжруулна
2013-10-26

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд Франц улсын Засгийн газрыг төлөөлөн Хөдөө аж ахуй, хүнс, ойн сайд ноён Гийом Гаро оролцсон билээ. Энэ үед манай ҮХАА-н сайд Х.Баттулгатай уулзаж, сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа хоёр орны хоорондын хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор баримт бичиг байгуулахаар тохиролцсон байна.

Тус улсын Гадаад хэргийн сайд Л.Фабиусын айлчлалын хүрээнд ҮХАА-н сайд Х.Баттулга, Францын Хөдөө аж ахуй, хүнс, ойн яамыг төлөөлж  Франц улсаас Монгол Улсад  суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд  Ив Дэлүнэ нар санамж бичиг гарын үсэг зурлаа. Санамж бичгийг байгуулснаар манай сүү, махны хангамжийн тогтолцоог сайжруулах үүднээс Францаас импортоор оруулж ирсэн мах, сүүний чиглэлийн үржлийн үхэр, ямааг өөрийн цаг уурын нөхцөлд дасан зохицоход  техник, арга зүйн туслалцаа үзүүлэх ажээ.

Түүнчлэн Монгол, Францын мэргэжлийн байгууллагуудын хооронд техник, технологи, арилжаа, санхүүгийн түншлэлийг хөхиүлэн дэмжиж, урт хугацааны стратегийн, тогтвортой, харилцан ашигтай бизнесийн түншлэлийн суурийг бий болгох ажээ.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин