Эрх нь нэмэгдсэн ч эдийн засаг нь нимгэн “хуучин хүү”
2013-10-30

МАН-ын XVII их хурал өндөрлөх тийшээ хандаж байна. Их хурлын 1124 төлөөлөгч өнгөрсөн дөрвөн өдрийн турш хуралдаж, намын дүрмээ шинэчлэн баталж, намын даргаа сонголоо. МАН-ын даргаар УИХ-ын дэд дарга М.Энхболд нийт төлөөлөгчдийн 98 орчим хувийн саналаар сонгогдоод байна. Ийнхүү ирэх  сонгуулийн жил хүртэл талцаж бутарсан гишүүдээ нэгтгэх, урваж шарвах нөхдийг нэг зүгт чиглүүлэх, нийгэмд унаад байгаа намын нэр хүндээ дээш татан гаргах, парламент дахь сөрөг хүчний байр сууриа тод харуулах гээд жирийн гишүүдээ хүмүүжүүлэхээс нам, төрийн бодлогыг зангидах хүртэлх их ачаа М.Энхболдын нуруун дээр ирлээ.

.

М.Энхболд МАН-д ч, намын даргад ч шинэ хүн биш. Өмнө нь “Шинэ үе” жигүүрийг удирдан намын даргадаа шаардлагад хүргүүлж, цаашлаад 2005 онд МАН-ыг удирдаж байсан. Тиймээс ч энэ бүх давааг давах зорилт, хөтөлбөр түүнд цаасан дээр төдийгүй тархинд ч бүрэлдсэн байгаа. Түүнд эдүгээ сайн зохион байгуулагч,  эдийн засгийн хийгээд улс төрийн туршлагатай, шилдэг улстөрч, шилдэг менежер басхүү хор ч найруулж чадна гээд ажил, амьдралынх нь өнгөрсөн хийгээд өнөөдрийн өндөрлөгөөс магтаал тасрахгүй цувж байна. Гэхдээ тэрбээр хэр удирдагч болохоо ирэх 2016 оны сонгуулийн үр дүнгээр “шалгуулна”. МАН ч, намын дарга ч ирэх сонгуульд өвдөг шороодох эрхгүй, хэрвээ дахин сонгуульд сөрөг хүчин болвол нам дахин сэргэхгүй гэж эдүгээ хүн бүр л хэлж байна.  Тиймээс гурван жилийн дараах сонгуулийн үр дүн зөвхөн намын даргыг ч бус МАН-ыг “бурхан, будаа” аль болохыг тодорхойлох нь ээ.

.

Хумигдаагүй бага хурлын квот

МАН-ын их хурлын төлөөлөгчид бага хурлын гишүүдээ сонгохоор хуралдаж байна. Их хурлын үеэр бага хурлын гишүүдийг 250 болгон цөөлөх санал орж ирсэн ч төлөөлөгчдийн олонхийн дэмжлэгийг аваагүй аж. Тиймээс XXVI Их хурлын шийдвэр энэ удаад хүчин төгөлөдөр үйлчилж, бага хурлын гишүүдийг 310 хэвээр үлдээлээ. Бага хурлын гишүүнийг сонгохдоо “500 гишүүн тутмаас бага хурлын нэг гишүүн сонгохоор аймаг, нийслэл тус бүрт нэг квоттой. Уг квотод тухайн аймаг, орон нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, аймгийн намын дарга, дэд дарга, сайд, Засаг дарга, ИТХ-ын тэргүүлэгчдийн дарга нар багтана. Мөн аймаг бүр намын дүрэмд заасан эмэгтэйчүүдийнхээ квотыг ч харгалзаж үзэх ёстой. Мөн дэд дарга нар сонгуулийн ба сонгуулийн бус үед намын үйл ажиллагааг орон нутагт гардан хариуцдаг учраас бага хурлын гишүүн байх” дүрэм үйлчилдэг байна.

.

Гэхдээ бага хурлын гишүүдэд хэний фракц хүнээ илүүтэй оруулснаас дараа дараагийн асуудал шийдэгдэнэ. Учир нь бага хурлын гишүүд Удирдах зөвлөл хийгээд намын Ерөнхий нарийн бичгийн даргыг сонгох эрхтэй. Тиймээс бага хурлын гишүүн болох өрсөлдөөн ч багахан тулаан өрнүүлэх талтай.

.

Удирдах зөвлөлийг толгойлох эрхгүй генсек

Харин МАН-ын Удирдах зөвлөл хийгээд Ерөнхий нарийн бичгийн дарга хэн сонгогдохоос намыг их хурлаараа шинэчлэгдэх эсэхийг дүгнэх гэсэн ажиглагчид байна. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Хэрвээ Удирдах зөвлөлд Ц.Нямдорж нар багтсан байвал нам шинэчлэгдээгүй гэсэн үг” хэмээн хатгаас хийгээд амжсан.  Нөгөө талаас энэ их хурлын зарим төлөөлөгчид “Намын дарга өөрийн мөрийн хөтөлбөртэй. Тиймээс хөтөлбөрөө хэрэгжүүлэх багаа бүрдүүлэхийн тулд Удирдах зөвлөл, Ерөнхий нарийн бичгийн даргыг сонгож, танхимаа бүрдүүлдэг эрх олгох хэрэгтэй” гэж үзэж байна лээ. Удирдах зөвлөлийг биш юм аа гэхэд Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгох эрхмийг намын дарга санал болгох байх.

.

Удирдах зөвлөлийн гишүүдийг 38 байсныг энэ удаад цөөрүүлж 21 болгосон. Энэ 21 гишүүн дотроос Ерөнхий нарийн бичгийн дарга сонгогдоно. Удирдах зөвлөлийг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга толгойлох дүрэмтэй байсан. Энэ удаад МАН парламентад сөрөг хүчний байр сууринаас ажиллах тул намын даргад УИХ дахь бүлгийн хийгээд Удирдах зөвлөлийг толгойлох эрхийг ч олгож байгаа юм билээ. Намын дарга ч мөрийн хөтөлбөртөө хүчтэй сөрөг хүчин байхын төлөө зорилтоо тодорхойлсон байсан. Ерөнхий нарийн бичгийн даргад Д.Цогтбаатар, Ж.Мөнхбат, Ж.Сүхбаатар нарын нэр явж байгаа. Эдгээрээс хэн нь генсек  болох нь фракцуудын нөлөөлөөс шалтгаалах ч намын даргын сонголт хүчтэй байх болов уу.

Ямартай ч бага хурлын гишүүдээ сонгосны дараагаар намын бага хурлын товыг зарлан, Удирдах зөвлөл, Ерөнхий нарийн бичгийн даргаа сонгох юм.

.

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин
tuul:
man bolovson huchin saitai zuv udirdlagaa olson bolhoor odoo sanaa zovoltgui ta nar tsaashdaa buhniig yalnaaaa
2013-10-31
Гашуун:
хэн ч байсан одоо өнгөрөө биз дээ ирэх сонгууль лав ойлгомжтой
2013-10-30