Эхний гурван улиралд ДНБ 11.5 хувиар өсчээ
2013-11-02

 

Үндэсний статистикийн хорооноос энэ оны эхний есөн сарын Дотоодын нийт бүтээгдэхүүн/ДНБ/-ий улирлын урьдчилсан гүйцэтгэлийг гаргажээ. Тус судлагааг хоёр, тав, найм, 11 дүгээр сарын эхний өдөр олон нийтэд мэдээлдэг уламжлалтай билээ.

ДНБ эхний есөн сарын урьдчилсан гүйцэтгэлээр өмнөх оны мөн үеийнхээс 22.1 хувиар өсч, 12266.4 тэрбум төгрөгт хүрчээ. Харин 2005 оны зэрэгцүүлэх үнээр 4369.7 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 11.5 хувиар өссөн байна. Ийнхүү ДНБ өсөхөд хөдөө аж ахуй, уул уурхайн олборлох, барилгын болон үйлчилгээний бусад салбар нөлөөлсөн аж. Үүнээс хамгийн ихээр хөдөө аж ахуйн салбар 16.3 хувь, уул уурхайн олборлох салбар 14.5 хувийн өсөлтүүд нөлөөлсөн судлагаа гарчээ.

 

Төл мал өссөн ч, газар тариалангийнханы үзүүлэлт буурав

Улсын хэмжээнд төллөх насны нийт 17.7 сая хээлтэгч малын 86.4 хувь нь энэ оны эхний есөн сард төллөжээ. Үүнээс 97.8 хувь нь буюу 15.1 сая толгой төл бойжиж байгаа нь өмнөх оны мөн үеэс 1.6 сая толгой малаар илүү үзүүлэлт юм байна. Харин энэ жил том малын зүй бус хорогдол жилийн өмнөхөөс 2.2 дахин нэмэгджээ.

Хөдөө аж ахуйн салбарын нэг болох газар тариалангийн тухайд 10 дугаар сарын нэгний байдлаар өмнөх оны мөн үеийнхээс хүнсний ногоо 10.8 мян.тн буюу 14 хувь,  төмс 57.6 мян.тн буюу 26.2 хувь, үр тариа 20.9 мян.тн буюу 9.2 хувиар тус тус буурсан байна. Мөн хадлан 86.4 мян.тн буюу 8.5 хувь, гар тэжээл 4.5 мян.тн буюу 17.7 хувиар буурчээ. Газар тариалангийн салбар ийнхүү буурсан үзүүлэлттэй гарахад энэ жилийн цаг агаарын тогтворгүй, гэнэтийн үзэгдлүүдтэй холбоотой байж болох юм. Учир нь долдугаар сард мөндөр орж 2000 гаруй га талбайн буудайг хураах боломжгүй болгож байсан. Тэгвэл есдүгээр сараас эхлэн газар тариалангийн бүс нутгуудад тохиолдсон хүчтэй салхи, хур тунадас зэрэг нь ийнхүү ургацын хэмжээнд нөлөөлжээ. Гэхдээ дээрх буурсан үзүүлэлт нь зөвхөн энэ оны эхний 10 сарынх бөгөөд ургац хураалтын эцсийн дүн мэдээ ирэх долоо хоногт гарна.

Аж үйлдвэрийн салбар 11.5 хувиар өслөө

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэлт энэ оны эхний есөн сарын байдлаар 4890 тэрбум төгрөгт хүрчээ. Энэ нь 2005 оны зэрэгцүүлэх үнээр 1796.2 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оныхоос 11.5 хувиар өссөн үзүүлэлт юм байна. Үүнээс уул уурхайн салбарын нийт үйлдвэрлэлт эхний гурван улирлын байдлаар өсөлт нь 16.6 хувьд хүрчээ.

Харин боловсруулах салбарын нийт үйлдвэрлэлт өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 4.5 хувиар нэмэгдсэн байна.

Импорт жилийн өмнөхөөс найман хувиар буурчээ

Барилга угсралт, их засварын ажлын хэмжээ 2013 оны эхний гурван байдлаар 1132.6 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 2.8 дахин нэмэгдсэн байна.

Түүнчлэн импортын хэмжээ 4.8 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс найман хувиар буурчээ.

Тээврийн салбарын тухайд эхний есөн сард 690.8 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 4.7 хувиар нэмэгдсэн байна. Гэхдээ бүх төрлийн тээврээр дээрх хугацаанд 30.7 сая тн ачаа тээсэн дүн гарчээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 1.7 хувиар буурсан үзүүлэлт аж.

А.Жаргал

 
Shuud.mn
Сонин хачин
зочин:
ард түмний амьдр* муудаад эх орны днб өсөөд л бх юм.юундаа бнаа
2013-11-03