Хэлмэгдэгcдийн ар гэрийнхэн мэдэгдэл хүргүүллээ
2013-11-05

Хэвлэлийн хүрээлэнд өнөөдөр 1937, 1938 онд хэлмэгдэж, амиа алдсан хүмүүсийн үр хүүхэд, ойр дотны хүмүүс цугларч цагаатгалын хуулийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэд уг мэдээллийн үеэрээ Төрийн гурван өндөрлөгт мэдэгдэл хүргүүлж байгаагаа мэдэгдсэн юм.

Уг мэдэгдэлдээ “1937-1939 оны хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд монголын насанд хүрсэн эрэгтэйчүүдийн 20 хувийн “хувьсгалын эсэргүү” хэмээн яллаж, 15 хувийг нь буудан алсан. Өөрөөр хэлбэл, зургаан эрэгтэй тутмын 1-ийг хэлмэгдүүлж, алаад зогсохгүй тэдний гэр бүлийн бүх хөрөнгийг дээрэмдэж, улсын хөрөнгө болгосон. Мөн өнчирсөн, ядуу хүүхдүүдийг нь ажил, сургуулиас олноос хөөсөн билээ. Ингэснээр хэлмэгдсэдийн ихэнх хүүхдүүд боловсролгүй, мэргэжилгүй үлдэж, өдгөө хамгийн ядуу амьдралтай иргэд болоод байна. Одоо тэднээс үхэж үрэгдсээр байгаад 75-80-аас дээш настай 900 хүрэхгүй хүн үлдээд байна.

Хэдийгээр Цагаатгалын тухай хууль гараад 16 жилийн нүүр үзэж байгаа ч, өнөөдөр хэлмэгдсэдийн ар гэр, үр хүүхэд бидэнд нааштайгаар тусалсан юм үгүй. Бид 1998 оноос хойш хэд хэдэн удаа “байр өгөөч” гэж Цагаатгалын улсын комисст хандсан боловч, тэд “Цагаатгалын хуульд нэмэлт өөрчлөлт оруулна. Тэгэхээр нь байрны асуудлыг тусгана” гэж хэдэн хөгшчүүд биднийг хуураад 10 жил боллоо. Аргаа ядсан бид энэ удаагийн мэдэгдлээрээ Төрийн гурван өндөрлөг болон Хууль зүйн сайд нарт дахин хүсэлтээ хүргүүлж байна.

Учир нь бид эцэг эх, ах дүүсээ цаазлуулж, бүх хөрөнгийг маань булаан авч, бидний нэрний өмнө насан туршид мань “эсэргүүний хүүхэд, эсэргүү” хэмээн нэр зүүсэн. Тухайн үеийн Монголын Төр биднийг адлаж байсныг одоогийн Төр хэлмэгдсэн бидний эцэг эхийн туулсан амьдралыг харгалзан амьд мэнд дээр минь байр өгөхийг хүсэж байна. Тухайн үед бидний хураалгасан бүх хөрөнгө нийлээд ганц байрны үнэд хүрэхгүй. Яагаад гэвэл, тухайн үеийн аавын маань ганц хөөрөг гэхэд одоогийнхоор 150 саяд хүрнэ шүү дээ.

Энэ дашрамд хэлэхэд, УИХ-ын дэргэдэх Л.Цог даргатай “Цагаатгалын улсын комисс” бидний саналыг сонсдоггүй. Тиймээс хэлмэгдсэдийн ар гэр, үр хүүхэд бидний хүсэлтийг хүлээн авч, “Цагаатгалын улсын комисс”-ийн удирдлагуудад хүлээн авна уу” хэмээн бичжээ.

Хэвлэлийн хурлын үеэр Улс төрийн хэлмэгдсэдийн хорооны тэргүүлэгч гишүүн Д.Дашдаваа ярихдаа “1937 оны хэлмэгдүүлэлтэд манай аав, ээжийн талын бүх хөгшчүүдийг буудан хороосон. Тухайн үед манайх Хөвсгөл аймгийн Галт суманд амьдардаг, малчин айл байлаа. Гэтэл аавыг маань “Японы тагнуул” гээд 1937 оны намар буудан хороосон. Уг нь буриад ястан юм шүү дээ. Над шиг хэлмэгдсэн хүний хүүхдүүд өдгөө 75-аас дээш насны хүмүүс ихэнх нь хэвтэрийн дэглэмтэй хүмүүс бий” гэв.

g

Энэ үеэр 1937-1939 оны хэлмэгдэлтэд өртсөн хүмүүсийн хүүхдүүдтэй ярилцлаа.

Б.Долгоржав: Удам дамжсан эд зүйлсийг маань булаан авсан

g

Баянгол дүүргийн 3-р хорооны иргэн Б.Долгоржав

-Та “Амийг нь төлж өг” гэх лоозон барьжээ. Хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд хэнийгээ алдсан бэ?

-Миний унаган нутаг Хэнтий аймгийн Батширээт сум. Их хэлмэгдүүлэлтээр миний аав, миний нагц ах “эсэргүү” хэмээн баригдаж, 1937 оны нэгдүгээр сарын сүүлчээр цаазлагдсан юм. Тухайн үед бид жирийн малчин айл байсан. Хэлмэгдүүлэлтээр манай 150 толгой малыг бүгдийг нь хурааж, гэрт байсан өнгөтэй өөдтэй, удам дамжсан эд зүйлсийг маань булаан авч улсын орлого болгосон. Тиймээс эмээ нь энэ арга хэмжээнд өөрийн биеэр оролцоод сууж байна.

-Та энэ лоозонгоор дамжуулж хэнээс юу хүсэж байгаа вэ?

-УИХ-ын чуулганаар “Цагаатгалын хууль”-ийг даруй хэлэлцэж, их хэлмэгдэлд хохирч үлдсэн хэдэн ахмадуудад амьдралд нь дэм болж, бидний хохиролыг нөхөж өгөхийг Төрийн гурван өндөрлөгөөс шаардаж байна.

 g

З.Дуламжав:Ээж бид хэд айлаар гуйлга гуйж гурван жил гаруй тэнэсэн

g

Сүхбаатар дүүргийн 16-р хорооны иргэн З.Дуламжав

-Таны ямар төрөл садан хэлмэгдсэн бэ?

-Миний төрсөн аав Авирын Зоригт 1937 онд Ховд аймгийн Булган суманд аж төрж байхдаа хэлмэгдэлтэд өртсөн. Түүнийг До яамныхан “гадаадын тагнуул” хэмээн баривчилж, 25 жилийн ял оноосон. Тэгээд ялаа гүйцээж чадалгүй шоронд амиа алдсан. Мөн манай 100 толгой малыг улсын орлого болгож, хураасан. Тэдгээр 100 толгой мал өнгөрсөн хугацаанд хэрхэн өсч, хэрхэн хорогддог талаар бодуулахад 130 сая төгрөг болж байна.

-Таны аав тухайн үед юу хийдэг хүн байсан бэ?

-Миний аав их эрдэмтэй хүн байсан. Багадаа Бээсийн хүрээнд лам байж байгаад, томроод “хар” болж малчин болсон. Гэхдээ Хятад, Орос, Түвд, Япон хэл мэддэг мундаг толгойтой хэлмэрч хүн байлаа. Хэлмэгдүүлэлтийн өмнө манайх Алтайн баруун хязгаар болох Шинжанаас Ховд аймгийн Булган суманд нүүж орж ирсэн 400 өрхийн нэг нь. Нүүж ирээд 10 жил орчим болж байхад аавын маань баривчилсан.

-Аавыгаа баригдаад явах үед та хэдэн настай байв. Тухайн үед цаг төрийн байдал ямар байсан бэ?

-Аавыгаа баригдаад явахад би дөнгөж 6, 7 настай байлаа. Дээрээ гурван ахтай. Тэдний хамгийн том нь 11 настай байсан гэдэг. Аавын До яамныхан баривчлаад явахдаа гэрийг маань ч гэсэн аваад явсан. Тэгээд ээж бид хэд юу ч байхгүй, айлаар гуйлга гуйж гурван жил гаруй тэнэсэн. Тэгсний хүчинд нэг муу чачир /жижиг гэр/ босгож, амьдарсан. Тухайн үед хүмүүс их ядуу байсан. Тэгээд л ээж маань нэг айлаас нэг аяга, нэг айлаас нэг шанага, нэг жижигхэн ууттай гурил гэх мэтээр гуйж, гол залгуулдаг байсан. Амьдрал их хүнд байсан. Түүний дараа том ах маань Налайхын уурхайд ажиллаж байгаад гавъяат уурхайчин болж, нөгөө хоёр нь нэг нь жолооч, нөгөөх нь сургуулийн ажилтан хийж, ээжийгээ өнгөрөхөөс өмнө бага ч болов баярлуулсан даа. Одоо хөөрхий гурван ах маань ч гэсэн бурханы оронд заларсан. Би ганцаараа л байх шив дээ /уйлав/.

-Та залуудаа юу хийдэг байсан бэ?

-Бага ангийн багш 55 жил хийсэн. Хэлмэгдүүлэлтийн дараа намайг багш нар “эсэргүүний хүүхэд” гээд үзэхгүй. Харин хичээлдээ сайн байсны хүчинд сургуулиа төгссөн. Гэтэл их сургуулийн хуваарь авах болоход бас л “эсэргүү” хэмээх нэрнээс болоод конкурсэд орох эрхийг хасаж байлаа. Гэтэл дараа жил нь ээжийн маань нэг танил Архангай аймаг руу очоод сургуулийн элсэлтийн шалгалтад ороод үз гээд тэнд тэнцээд багш болсон.

-Та одоо Төр засгаас юу хүсч байгаа юм бэ?

-Би Төрөөс элдэв байр майр гуйхгүй ээ. Харин энэ жилдээ багтаагаад Цагаатгалын хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулахыг нь хүсэж байна. Яагаад гэвэл хэлмэгдсэдийн үр хүүхдүүд өдрөөс өдөрт цөөрсөөр байна. Нэг цугларахад л 2-3 хүн нь “мааний” болчихсон байх юм. Тиймээс Төр засаг минь хэдэн хөгшчүүдийнхээ үгийг сонсооч гэх гуйя.

Б.Цэрэндэжид

Shuud.mn
Сонин хачин
jjjjjjjj:
tamlaj, buudaxiig ni do yamniixan l xiisen shuu dee
2013-11-06
11111:
helmegdegseded zoriulj mungu gargaj bn, bair ugluu geed sonsogdood bdg, hudlaa yum uu, nuguu l tusuviinhun husaad bdg yum uu
2013-11-05
11111:
helmegdegseded zoriulj mungu gargaj bn, bair ugluu geed sonsogdood bdg, hudlaa yum uu, nuguu l tusuviinhun husaad bdg yum uu
2013-11-05
mah aluurchin:
mah s nekh muu aluurchid odoo yu gekhiig n8 kharay
2013-11-05
hunnu.:
orosuudaas bas mungu nehvel bno shuu!!!
2013-11-05