Ч.Улаан: А.Гансүх сайдын санал Засгийн газрын байр суурь биш
2013-11-06

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар 2014 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөсөн байлаа. Ажлын хэсгийн дүгнэлт гараагүй учир зарчмын зөрүүтэй саналуудыг хэлэлцсэн юм.

.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

-Засгийн газрыг 2014 оны оруулж ирсэн төсвийн төслөө дахиж нягтал гэсэн. Учир нь УИХ-ын тогтоолыг хэлэлцэхээр байсан. Өмнөх онуудад  гүйцэтгэл нь дуусаагүй объектуудад нэмэлт эх үүсвэр гаргах талаар УИХ тогтоол гаргасан. Гэтэл 2014 оны төсөвт Зам, тээврийн сайд А.Гансүх асар их хэмжээний мөнгө нэмж оруулахаар тусгажээ.Нэг сайдын санал нь Засгийн газрынхаа оруулж ирсэн саналаас гурав дахин их хэмжээний хөрөнгө шаардсан байна. Засгийн газраас оруулж  ирсэн төсвөөр сайд нар ажлаа хийх ёстой. Хэрвээ энэ төсөвт нь багтааж, ажиллаж чадахгүй гэвэл сайд нь өөрөө огцрох өргөдлөө өгөх ёстой. Энэ ямар учиртай вэ?

.

Сангийн сайд Ч.Улаан:

-УИХ-аар 2013 оны төсвийн тодотголыг хэлэлцэн баталсантай холбогдуулж, хэрэгжилтийн тогтоолын дагуу Үндэсний аудитын газар хасагдаж байгаа объектуудад дүгнэлт хийсэн.  Ингээд 2014 оны төсөвт суулгах объектийн жагсаалтыг гаргасан байгаа. Энэ жагсаалт Засгийн газраас хэлэлцэгдээгүй байгаа. Үндэсний аудитын газар жагсаалтаа гаргасан гэдэг. Л.Гансүх сайдын санал Засгийн газарт орж ирээгүй байна.Энэ бол Засгийн газрын албан ёсны байр суурь биш. Нэмэлт хэрэгцээ шаардлага байхыг үгүйсгэхгүй.  Танилцуулга хэлбэрээр оруулж ирсэн болов уу. Байнгын хороо гишүүдээс гарсан саналыг дэмжихгүйгээр үргэлжүүлээд явах бололцоо байдаг.

.

Байнгын хорооны дарга Д.Гарамгайбаатар:

2014 оны Төсвийн төсөлд Зам, тээврийн сайдын харьяанд 99,5 тэрбум төгрөг байхаар хянаж, өргөн барьсан. Байнгын хорооны  даргын нэр дээр ирсэн албан бичигт 99,5 тэрбумаас гадна дахиад ийм хэмжээний  хөрөнгө оруулалтыг зайлшгүй хийх хэрэгтэй байна гээд тус яамныхан санал оруулаад байгаа. Үүнийг гишүүд хэлэлцээд шийдэх хэрэгтэй. Автозамын 16 арга хэмжээн дээр 87,8 тэрбум төгрөг нэмүүлэх саналтай байна. Энэ нь өмнөхөөсөө бараг нэг дахин өссөн дүн юм.

.

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-Төсвийн байнгын хороог хамтраад хуралдуулъя. Засгийн газрын сайдуудыг байлцуулах хэрэгтэй байна.  Ажил төрлөө сайн хийе.  Ирэх оныг үр бүтээлтэй өнгөрөөхийн тулд сайн нягталж хэлэлцье. Тойрог төлөөлж байгаа үед хийх ажил их байна. Баянхонгор аймагт шинэ сумын ажил эрчтэй явж байгаа. Гэтэл манай төсвийг хасна гэж шийтгэл хүлээлгэж байна. Ажил нь хийгдэж байгаа аймгуудын төсвийг хасахаа больё.

 :

УИХ-ын гишүүн А.Тлейхан:

-Би энэ саналыг үзээд л хэлэлцэх асуудлыг хойшлуулах горимын санал гаргасан юм. Одоо ирэх оны төсвийн төсөлд 150 тэрбум төгрөг нэмэх гээд байна.Энэ мөнгийг оруулах боломж байхгүй. Ажлын хэсгүүд л сайн хэлэлцэж, нягтлах хэрэгтэй.

.

Ийнхүү гишүүдийн саналыг харгалзан 2014 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хэлэлцэхийг хойшлуулсан юм.

.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
дотуур байр:
дотуур байрны 350,0 саяыг хасаад дугуйн зам барих нэрээр 35,0 тэр бумыг батлаж байх шив дээ
2013-11-06