Хараагүйчүүдэд 50 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэв
2013-11-07

Хөдөлмөрийн яамны ХЭБХЗГ-ын ахлах мэргэжилтэн Т.Хадхүү, мэргэжилтэн Ю.Эрхэмбаатар нар Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн байдалтай газар нь очиж танилцлаа. Хөдөлмөрийн яам Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж, санхүүжүүлдэг.  Энэ ажлын хүрээнд өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй 40 иргэнийг ажлын байртай болгох төслийг дэмжих зорилгоор Монголын хараагүйчүүдийн Үндэсний холбоонд 50 сая төгрөгийн дэмжлэг үзүүллээ.

2013 оны байдлаар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн санхүүжилтэд 1,3 тэрбум төгрөгийг зарцуулснаар хөгжлийн бэрхшээлтэй иргэн хувиараа болон бусадтай хамтарч аж ахуй эрхлэх 903 төсөл шалгаруулж 1204 байнгын ажлын байр, 26 аж ахуйн нэгж, байгууллагад 5-20 сая төгрөгийн дэмжлэг олгож хөгжлийн бэрхшээлтэй иргэний 91 ажлын байр тус тус бий болжээ. Мөн  Монголын Хараагүйчүүдийн Үндэсний  холбоо, Хараагүй Хүмүүсийн Хөдөлмөр Сургалтын үйлдвэрийн хэрэгжүүлж байгаа 8 төсөлд  хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 261,2 сая төгрөгний санхүүгийн дэмжлэг үзүүлжээ. Уг төслийн баримт бичигт урьдчилсан байдлаар 850 ажлын байр бий болгох 5,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай 10 жижиг дунд үйлдвэр байгуулагдахаар тусгагдсан байна. Цаашид Хөдөлмөрийн яамнаас “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийг шинэчлэн сайжруулах, 2014 онд тус хөтөлбөрт зарцуулагдах хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх чиглэл баримталж байна. Монгол Улсын хэмжээнд 2012 оны байдлаар 92,2 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүртгэлтэй байгаагаас 74,2 мянга нь хөдөлмөрийн насны иргэн байгаа тоон мэдээлэл байдаг.  Үүнээс 34,1 мянга нь эмэгтэй бол 22,5 мянга нь төрөлхийн, 36,5 мянга нь ердийн өвчний, 5,9 мянга нь мэргэжлээс шалтгаалах өвчний, 7,4 мянга нь ахуйн ослын, 1,8 мянга нь үйлдвэрлэлийн ослын зэрэг шалтгаантай аж.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин