Металлургийн салбар гэрэлтэй байна
2013-11-09

 

Сүүлийн жилүүдэд жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлнэ гэж ярихаас хүнд үйлдвэрлэлийн салбарыг орхигдуулсаар ирсэн. Харин энэ жилээс эхлэн төрөөс алт, зэс, төмөр зэргээ боловсруулах үйлдвэрүүдийг байгуулахад анхаарч байгаа нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг ихээр татаж байна. Өчигдөр болсон “Metals Mongolia-2013” чуулга уулзалтад оролцогчдод ч мөн энэ салбарыг цаашид хэрхэн хөгжүүлэх асуудал сонин байв.

 

Анх 2011 онд зохион байгуулагдах үеэр тус чуулганд нийтдээ 1200 гаруй төлөөлөгч оролцож байжээ. Энэ нь тухайн үед эрдэс бүтээгдэхүүний үнэ өндөр байсантай холбоотой аж. Мөн хөрөнгө оруулагчдын сонирхлыг Монголын уул уурхай ид татсан “оргил үе” байсан тухай зохион байгуулагчид хэлж байв. Үүний дараа гадаад эдийн засаг болон манай хөрөнгө оруулалтын орчин муудсанаас үүдэж, 2012, 2013 онд олон улсын чанартай зохиогдсон чуулга уулзалтууд цөөнгүй болсон ч оролцогчдын тоо эрс буурчээ. Энэ жилийн чуулга уулзалтад л гэхэд нийтдээ гадна, дотны 300 гаруй төлөөлөгч оролцсон юм. “Гложекс Холдонг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Л.Наранбаатар “Хөрөнгө оруулагчид хайгуул болон ашиглалтын лицензийг хориглосон шийдвэр цуцлагдахыг хүлээн сонирхож байна. Мөн энэ жил “Хөрөнгө оруулалтын тухай” хуулийг баталсан нь хөрөнгө оруулагчдыг эргээд манай улс татаж эхэлнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

 

“Metals Mongolia-2013” чуулга уулзалт болж буй энэ үед “Төрөөс эрдэс баялагийн салбарт баримтлах бодлого”-ыг УИХ-ын байгын хороодоор хэлэлцэж байгаа нь манай улсын уул уурхайн салбарыг сонирхож буй гадныханы анхаарлыг ихээр татаж байв. Мөн энэ үеэр үеэр “Монгол алт”, “Монгол зэс”, “Монгол төмөр” хөтөлбөрийг урьдчилсан байдлаар олон нийтэд танилцуулсан юм. 2014 оны эхний улиралд дээр гурван хөтөлбөрийг батлахаар ажиллаж буй аж.

 

20 жилийн хугацаанд 130 гаруй тонн алт олборлов

 

Хамгийн том 10 ордын зах зээлийн үнэлгээ дор хаяж 2 их наяд ам.доллар. Гэтэл манай зах зээл өөрөө 10 тэрбум ам.доллар гээд бодохоор ирэх 20-30 жилд үүнээс хэдэн зуу дахин их үнэтэй баялагийг ашиглахыг УУЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ч.Отгочулуу хэлсэн. Өдгөө манай улсын гуравны нэгд л ашигт малтмалын хайгуулын судалгаа хийгджээ. Цаашид нарийвчилсан судлагааг явуулбал нөөц улам нэмэгдэх бүрэн боломжтойг мэргэжилтнүүд хэлдэг. Алтны тухайд авч үзэхэд л 1990 оноос эхлэн манай улсад энэ төрлийн металлын олборлолт эрчимтэй хөгжсөн. Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат алт олборлолтыг бодлогоор дэмжиж, тодорхой хөтөлбөрүүд хэрэгжүүлж байсан. Үүний дүнд манай улс өнгөрсөн хугацаанд 130 гаруй тонн алт олборлосон нь чамлахааргүй амжилт болохыг тус салбарынхан ярьж байв. Гэхдээ өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд алт олборлосны улмаас байгаль орчин ихээр сүйдсэн. Мөн олборлолт явуулж буй аж ахуйн нэгжүүд болон орон нутгийн иргэдийн дунд үл ойлголцол өнөөг хүртэл үргэлжилж буй. Товчоор хэлэхэд алтны талаар нийгэмд сөрөг хандлага бий болсон нь тус салбарын хөгжилд сөргөөр нөлөөлж байгаа аж.

 

Одоогийн байдлаар алтны тогтоогдсон нөөц 2400 тонн байгаа аж. Сүүлийн жилүүдэд олон улсын стандартыг нэвтрүүлж байгаатай холбоотойгоор цаашдаа ч нөөц нь өсөхийг мэргэжилтнүүд хэлж байсан. Иймээс “Metals Mongolia-2013” чууланд оролцогчид цаашдаа байгальд ээлтэй технологийг ашиглах, олборлолтын зардлаа бууруулах шаардлагатайг тэд хэлж байв. Мөн нинжа нарын толгойг илэх бус хариуцлага тооцож, нийгэмшүүлэх хэрэгтэйг энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулагчид төрд уламжилж байсан юм.

 

Металлургийн үйлдвэрлэл эрхлэгчдэд татварын хөнгөлөлт үзүүлнэ

Өнөөдөр манай улсад 41 компани төмрийн хүдрийн экспорт явуулдаг. 013 оны эхний 10 сарын статистикийг харвал 70 гаруй хувийг “Болд төмөр Ерөө гол”, “Алтай хүдэр” гэсэн хоёр компани экспортложээ. Харин цаашдаа төмрийн хүдрийн баяжмалын гаргах бус боловсруулах чиглэлд төрөөс анхаарч буй юм. Учир нь дотоодын гангын хэрэглээ жилээс жилд өссөөр байна. Тодруулбал,  гангийн төрлийн нийтдээ 40 төрлийн бүтээгдэхүүн байдгаас манайд арматур, ган бөмбөлөг болон төмөр замд ашиглах шаардлага нэн тэргүүнд буй. Энэ тухайгаа өчигдөр болсон чуулга уулзалтын үеэр ҮХАА-н дэд сайд Б.Цогтгэрэл, УУЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид албан ёсоор мэдэгдлээ. Металлургийн үйлдвэрийг хөгжүүлэхэд тодорхой хэмжээний татварын хөнгөлөлтүүдийг үзүүлэх аж.  Энэ нь хөрөнгө оруулагч нарт сонирхолтой мэдээлэл байлаа. Одоогийн байдлаар манай улсад гангийн үйлдвэрлэлд хөрөнгө оруулах саналыг Энэтхэг, Япон, Солонгос зэрэг улсын томоохон үйлдвэрүүдээс ирүүлжээ.

 

Дашрамд дурдахад Дарханы төмөрлөгийн үйлдвэр жилдээ 100 орчим мянган тонн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. Үүнийхээ 60-70 хувийг л өнөөдөр ашиглаж байна. Учир нь тус үйлдвэр хүдэр боловсруулдаггүй, хаягдал төмрийг дахин боловсруулдаг тул олдоц болон улирлын нөлөөллөөс хамаарч ийнхүү бүрэн хүчин чадлаараа ажиллаж чаддаггүй аж.

Эрдэнэтийг түшиглэн зэсийн уусган баяжуулах үйлдвэр байгуулна

“Metals Mongolia-2013” чуулга уулзалтын “Зэсийн салбар”-ын үеэр “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Сайнбуян “Стратегийн ордууд болон металлургийн боломжит төслүүд” сэдвээр илтгэл тавьсан юм. “Эрдэнэс МГЛ”ХХК Оюутолгойн 34 хувь, Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг эзэмшдэг. Мөн сүүлд тус компанид стратегийн ордод багтсан “Цагаан суварга” компанийн тодорхой хувь нь шилжиж ирэхээр болсон. Иймээс тус компаниас эзэмшиж байгаа хувь хэмжээндээ таарсан бүтээгдэхүүнээ боловсруулах үүднээс “Мон зэс” хөтөлбөрийг боловсруулжээ. О.Сайнбуян “Бид эхний ээлжинд нийт олборлосон баяжмалаа бүгдийг нь боловсруулж чадахгүй. Иймээс  20 орчим хувийг дотооддоо боловсруулах төлөвлөгөөтэй байгаа” хэмээв.

 

Тэрээр мөн “Эрдэнэтийн үйлдвэрийг түшиглэсэн боловсруулах үйлдвэр байгуулахаар 1980-аад оны үеэс эхлээд яригдаж байсан. Өнөөг хүртэл судлаад яваад байгаагийн нэг шалтгаан нь зэсийг боловсруулахад гарч ирж буй хүхрийн хүчлийн асуудлыг шийдвэрлэж чадахгүй байгаатай холбоотой” гэв. Өнөөдөр Монголд хүхрийн хүчлийг хэрэглэх үйлдвэр, технологи байдаггүй. Иймээс “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн захирлын хэлснээр дэлхий нийтэд ашиглагдаж буй уусган боловсруулалтын аргыг Эрдэнэтийн үйлдвэр дээр ашиглах боломжтойг судлан тогтоожээ. Ингээд өөрсдийн эзэмшиж буй хувь хэмжээний буюу 270 орчим мянган тонн зэсийн баяжмалыг уусган баяжуулалтын аргаар баяжуулах технологийг тус чуулга уулзалтын үеэр танилцуулж байв. Уг үйлдвэрийг байгуулахад 200 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт эхний ээлжинд шаардлагатай байгаа аж. Мөн Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийн Төмрийн хүдрийн лицензийг эзэмшдэгийнхээ хувьд “Мон төмөр” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон байна.

Харин Оюутолгойн хувьд барилга бүтээн байгуулалтын эхний шатны ажил дууссан. 2012 оны эцсээр зэсийн баяжмал үйлдвэрлэх туршилтыг хэрэгжилжүүлж, 2013 оны зургаадугаар сараас энэ чиглэлийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлсээр долдугаар сарын 9-ний өдөр анхны баяжмалаа экспортод гаргасан. Ингээд Хятадын гаалийн агуулахад саатаад байсан  баяжмалыг сарын өмнөөс хэрэглэгчдэд нь дэлхийн зах зээлийн үнээр хүргэж буйгаа “Оюутолгой” ХХК-ийн Нөөцийн стратеги ба шинэчлэлийн хэлтсийн дэд захирал Т.Мөнхбат хэлэв. Одоогийн байдлаар тус компани 43 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлсэн бөгөөд энэ оны эцэс гэхэд 85 мянган тонн баяжмал үйлдвэрлэхээр төлөвлөөд буй аж.

А.Энхжаргал

Shuud.mn
Сонин хачин
meneg:
төмөрийн хүдэрээ гадгаш гаргахаа болил доо хүдэрээ өөрсдөө болосролуулж болдоггүй юм уу.коммунизм байгуулж байхдаа консервоны лааз хийж чаддаггүй басан юм.капитализм байгуулахдаа төмөрөө өөрсдөө хийцгээе
2013-11-10
түрийний *нүүд толгойд гарчээ:
эрлийз хурлийзуудын цуглаан болсон юмуу
2013-11-09