Засаг дарга нар зөвлөлдөв
2013-11-14

Төрийн ордонд аймаг, нийслэл, сум, дүүргийн ЗДТГ-ын дарга нарын улсын зөвлөгөөн болж байна.  Энэхүү зөвлөгөөний нээлтэд Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож үг хэлсэн. Тэрбээр хэлэхдээ "Шинэчлэлийн Засгийн газраас Орон нутгийн хөгжлийн сан, Сум хөгжүүлэх сан, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан гэсэн дөрвөн чиглэлээр аймаг, сумдад хэдэн саяас хэдэн тэрбум хүртэл төгрөг хуваарилсан. Сумын удирдлагуудад 500 сая хүртэл төгрөгийг өөрсдөө мэдэж зарцуулах болсон нь өмнө байгаагүй том эрх мэдэл тул энэ эрх мэдлээ зөв ашиглаж, хөрөнгийн зарцуулалтаа ил тод, олонд хүртээмжтэй байлгах ёстой юм.

5

Энэ зорилтуудыг орон нутагт зохион байгуулж хэрэгжүүлэхэд ЗДТГ-ын дарга нар чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд ард иргэдийн амьжиргааг хэрхэн дээшлүүлсэн, авлига хээл хахуультай яаж тэмцсэн, бүтээн байгуулалтыг хэрхэн өрнүүлснээр та бүхний ажлын үр дүн хэмжигдэнэ. Түүнчлэн, ирэх жил аймгуудад 1000 хүртэл айлын орон сууц барьж эхэлнэ, аймаг бүрийн нэг сумыг орчин үеийн төв суурин газрын жишгээр шинэчлэн хөгжүүлэх ажил өрнүүлнэ. Бүтээн байгуулалтын энэ мэт ажлууд орон нутагт хэрэгжихийн хэрээр та бүхнээс илүү өндөр хариуцлага шаардана" гэж онцолсон. Мөн Ерөнхий сайд Тамгын газрын дарга нарт “Эрх мэдэл, албан тушаалаа ажил, хариуцлага гэж харж бай, ажлын арга барилаа шинэчил, хуучинсаг хоцрогдсон сэтгэлгээнээс татгалз, шинэ залуу үеийнхнээ сургаж дадлагажуул" гэлээ.

5

Тус зөвлөгөөний үеэр энэ оны ажлын үзүүлэлтээрээ эхний таван байр эзэлсэн аймгуудын ЗДТГ-ын дарга нарыг нэг сарын цалингаар нь урамшуулсан. Тодруулбал, Дорноговь аймгийн ЗДТГ-ын дарга С.Бөххүү, Завхан аймгийн ЗДТГ-ын дарга Д.Түвшинжаргал, Орхон аймгийн ЗДТГ-ын дарга В.Сумъяасүх, Өмнөговь аймгийн ЗДТГ-ын дарга Б.Түвшинбаяр, Сүхбаатар аймгийн ЗДТГ-ын дарга Ц.Лхамсүрэн нарт Засгийн газрын тэргүүн амжилт хүсч, дурсгалын зүйл дурсгав.

П.Наран

Shuud.mn
Сонин хачин