Ж.Ундрахбаяр: Бидэнд нийгмийн харилцаанд орох боломж алга
2013-11-19

Монгол Улсын хэмжээнд 117 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг гэсэн тоо байдаг. Хэдийгээр төр засгаас тэдгээр иргэдэд чиглэсэн бодлого шийдвэр гаргадаг ч нийгмийн асуудлыг нь орхигдуулсаар байна. Тэр дундаа нийтийн тээврээр үйлчлүүлнэ гэдэг тэдний хувьд маш хүндрэлтэй байдаг. Энэ талаар Түгээмэл хөгжил төвийн тэргүүн Ж.Ундрахбаяртай ярилцлаа.

5

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн төрийн бодлого танд ач тусаа өгч чадаж байна уу?

-Хөдөлмөрийг дэмжих, нийгмийн оролцоог сайжруулах зэргээр төрийн зүгээс бидэн рүү чиглэсэн бодлого шийдвэр хийгдээд л байдаг. Одоо суурь боломж нь бүрэн хангагдаагүй учраас  хичнээн сайхан баримт бичиг гаргасан ч амьдралд буухгүй байгаа. Хамгийн хэцүү нь бид хэн нэгэн хүний хараанд биш, жирийн хүний адил нийгмийн харилцаанд оролцож чаддаггүй. Та бүхэн хараарай. Гудамжаар хөгжлийн бэрхшээлтэй иргэд маш ховор явж харагддаг. Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорчих орчин байхгүйг харуулж байгаа хэрэг. Биднийг дэмжээд байгаа юм шиг атлаа хүртээмжгүй байдал маш их байна.

5

-Нийтийн тээврийн үйлчилгээ та бүгдэд хэр хүндрэл учруулж байна?

-Хуулиндаа хөгжлийн бэрхшээлтэй хүн автобусанд үнэгүй суух эрхтэй гэж заасан байдаг. Би гэмтэл аваад 10 гаруй жил болоход нэг ч удаа автобусанд сууж үзээгүй. Сууя гэсэн ч боломжгүй. Нийтийн тээвэрт үйлчилж байгаа автобуснууд өндөр шаттай, голдоо бариултай байдаг. Гэтэл бид бие дааж үйлчлүүлэх боломжгүй. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс заавал бусдын тусламжтай үйлчлүүлэх хэрэг гардаг.

6

-Манайд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан автобус явуулах боломж байгаа гэж харж байна уу?

-Ямар ч улсын үндсэн бодлого хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийтийн тээврээр зорчих боломжийг ямар нэгэн байдлаар хангасан байдаг. Олон улсад шатгүй автобус нийтийн тээвэрт үйлчилдэг. Ганцхан хөгжлийн бэрхшээлтэй гэлтгүй бүх хүн үйлчлүүлэх боломжтой. Манайхаас ялгаатай нь ямар ч шатгүй л гэсэн үг. Манайх бол нийтийн тээврийн 10 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан байх ёстой гэсэн стандарттай. Гэтэл аравд нэгд байх тэр автобусыг буудал дээр даараад хүлээнэ гэдэг үнэхээр хэцүү. Үүнийг дагаад автобусны буудлын стандартыг өөрчлөх хэрэгтэй. Манайх одоо гоё л болгоод байгаагаас цаашгүй.

6

Ц.Зол

Shuud.mn
Сонин хачин