Банк, санхүүгийн байгууллагууд ногоон хөгжилд түншлэнэ
2013-11-19

Өнөөдөр “Байгальд ээлтэй тогтвортой санхүүжилтийн түншлэл” сэдэвт уулзалт хэлэлцүүлэг БОНХЯ-ны “Хаан танхим”-д боллоо. Энэ нь БОНХЯ-аас зохион байгуулж байгаа “Байгаль орчны салбарын төр- хувийн хэвшлийн түншлэл”  цуврал хэлэлцүүлгийн үргэлжлэл юм.

БОНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболд уулзалтыг нээж “Манай яамны бодлого ногоон хөгжлийн бодлого голлон анхаарч, энэ чиглэлээр түлхүү ажиллаж байна. Банк, санхүүгийн байгууллагын дэмжлэгтэйгээр манай улсын газар тариалан, мал аж ахуй, барилгын салбар хурдацтай хөгжиж байна. Цаашдаа ногоон хөгжлийг хөрсөнд сайн суулгаж, өөрийн улсын онцлогтой хөгжилд хүрэхэд та бүхний байгальд ээлтэй тогтвортой санхүүжилт чухал байна. Ногоон хөгжилд хүрэхэд иргэн, аж ахуйн нэгжид зээл олгохдоо байгальд ээлтэй техник, технологи илүү хэрэглэж буй эсэх талаас нь харж, тэр чиглэлийн зээлийн нөхцөлийг уян хатан байлгах талаас нь анхаарч, яамтай хамтран ажиллахыг хүсч байна” гэж хэлсэн.

Уулзалтад оролцогчид байгаль орчинд ээлтэй тогтвортой санхүүжилтийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хийгдсэн ажил, цаашдын зорилго, олон улсын стандарт, зарчмын талаар ярьж, санал солилцов. Түүнчлэн ногоон бизнес эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгох, татварын хөнгөлөлт, урамшууллын тогтолцоонд шинэчлэлт хийхэд холбогдох хууль тогтоомжинд өөрчлөлт оруулах шаардлагатай байна гэдэг дээр санал нэгдлээ.  Хэлэлцүүлэг цаг үеэ  олсон, үр дүнтэй  боллоо гэж дүгнэсэн банк, санхүүгийн байгууллагын  төлөөлөл 11 дүгээр сарын 27-ны өдөр Төрийн ордонд болох “Ногоон хөгжлийн төлөөх түншлэл”  Үндэсний чуулганд  оролцож, ногоон хөгжлийг дэмжих өөрсдийн төлөвлөгөөгөө танилцуулахаар болсон юм.

“Байгальд ээлтэй тогтвортой санхүүжилтийн түншлэл” сэдэвт уулзалт хэлэлцүүлэгт  БОНХЯ-ны талаас Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболд, Ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Т.Булган болон бусад холбогдох газрын төлөөлөл оролцсон бол нөгөө талаас Монголбанк, Монголын банкны холбоо, Олон улсын санхүүгийн корпораци, Худалдаа хөгжлийн банк, Голомт, Капитал, Чингис хаан, Тээвэр хөгжлийн банк зэрэг банк, санхүүгийн байгууллагуудын төлөөлөл оролцлоо.

Б.Буд       

Shuud.mn
Сонин хачин