“Өөр” тэргүүн байрт шалгарчээ
2013-11-20

ССАЖЯ-аас “Хүүхдэд зориулсан уран сайхны болон хүүхэлдэйн киноны зохиол шалгаруулах” уралдааныг өнгөрсөн долдугаар сард олон нийтийн дунд нээлттэй  зарласан.

Өнөөдөр тус уралдааны дүн гарч, Хүүхэлдэйн кино зохиолын төрлийн тэргүүн байр Хө.Хүчитхарын зохиол “Бага хөлгөн туульс”, дэд байрт Б.Анармаагийн  “Нарны бэлэг” зохиол шалгарчээ.  Харин хүүхдэд зориулсан бүрэн хэмжээний уран сайхны кино зохиолын төрлөөр тэргүүн байрт Ч.Наранцэцэгийн зохиол “Өөр”, дэд байрт С.Ангарагийн “Итгэл” зохиол тус тус орсон байна. Уралдааны болзлын дагуу шагналт байранд шалгарсан бүтээл тус бүрт 3-5 сая төгрөгийн шагнал олгогдоно.

Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 280 дугаар тогтоолоор батлагдсан “Хүүхдэд зориулсан уран бүтээл туурвихад төрөөс дэмжлэг үзүүлэх журам”-ыг үндэслэн зарласан энэхүү уралдаанд оролцогчдын бүтээлийг есдүгээр сарын 3-ны өдрийг хүртэл хүлээн авчээ.

Олон ангит хүүхэлдэйн киноны зохиолын төрөлд 15, бүрэн хэмжээний хүүхдийн уран сайхны кино зохиолын төрлөөр 26 бүтээл ирсэн байна. Уралдаанд ирүүлэх бүтээлд хүүхдийн уран сайхны киноны зохиол нь сэдэв чөлөөтэй сургуулийн бага, дунд насныханд зориулсан нэг цагаас нэг цаг 20 минут үргэлжлэх хугацаатай байх бол олон ангит хүүхэлдэйн киноны зохиол нь бага насныханд зориулсан чөлөөт сэдэвтэй, нэг анги нь 10 минут үргэлжлэх гэсэн шаардлагыг тавьжээ.

Уралдааны дүнг Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын тушаалаар томилогдсон мэргэжлийн зөвлөл уралдааны удирдамж, болзлын дагуу гурван үе шатаар шалгаруулж гаргасан байна.

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин