Зүүн хойд Азийн бүс нутгийн эмэгтэй парламентчид чуулна
2013-11-22

Улаанбаатар хотноо энэ сарын 24-25-ны өдрүүдэд зохиогдох Зүүн хойд Азийн бүс нутгийн  эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын талаар УИХ дахь эмэгтэй гишүүд өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ. УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн санаачлагаар зохион байгуулагдах гэж буй энэхүү олон улсын чуулга уулзалт нь боловсролоор дамжуулж бүс нутагт энх тайван, хөгжил дэвшлийг урагшлуулахад эмэгтэй парламентчид хамтын хувь нэмрээ оруулах зорилгын дор болох гэж буйгаараа онцлог аж. Чуулга уулзалт хоёр үндсэн сэдэв хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Үдээс өмнөх хуралдаанаар “Боловсролоор дамжуулан энх тайван, хөгжлийг урагшлуулахад эмэгтэй парламентчдын гүйцэтгэх үүрэг” сэдвийн дор явагдах бол үдээс хойшхи хуралдаан “Зүүн хойд Азийн бүс нутгийн эмэгтэй парламентчдын сүлжээг хөгжүүлэх нь: Дэлхийн эмэгтэйчүүдийн 2015 оны бага хурал “ сэдвээр үргэлжилж хэлэлцүүлэг өрнүүлэх юм байна. Чуулга уулзалтад ОХУ, БНХАУ, БНАСАУ, БНСУ, Япон улсын 20 төлөөлөгч оролцохоос гадна НҮБ, түүний салбар байгууллагууд, Азийн сан зэрэг боловсрол, эмэгтэйчүүдийн оролцоо, хүний эрхийн чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагуудын төлөөлөл урилгаар оролцоно юм байна.

Д.Цэцэг

Shuud.mn
Сонин хачин