Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Дунбүрээгийн "Он цагийн өнгө аяс" бие даасан уран бүтээлийн үзэсгэлэн Монголын Урчуудын Эвлэлийн Хорооны арт галлерейд өнөөдөр 16.00 цагт нээлтээ хийнэ. Түүний зурсан “Арван улаан ямаа” зургийг уран зураг сонирхогчид сайн мэддэг.
Тэрээр тус зургаа 1968 онд зурсан. Г.Дүнбүрээ зураач малчин хүн болохоор өөрийн ямааныхаа тухай зурсан зургийг тухайн үеийн нам засгийнхан хөрөнгөтний үзэл сурталтай, марксизм, ленинизм мэддэггүй гэж шүүмжлэн, Намын төв хорооны 28 дугаар тогтоол гаргахад хүрсэн байдаг. Тэд түүнийг хүйтэн хошуутай мал зурлаа гэж болон тухайн үейин намын төв хорооны 10 гишүүнийг ямаагаар төсөөлж зурлаа гэж хардаж, зураачдын хорооноос сануулга өгч ойр зуурын аж ахуйд явуулж байжээ.
Мөн түүний ”Монгол транс”, “Фронтод”, “Хүрээ Майдар”, “Дөрвөн уулын савдаг”, “Бурхдын орон” зэрэг түүхийн болон ард түмнийхээ амьдралаас судлан бүтээсэн өвөрмөц зургууд байдаг. Үүнээс гадна Г.Дунбүрээ зураачийн бүтээлүүдийг гадны урлаг сонирхогчид шимтэн үзэж, өдгөө АНУ, ОХУ, Чили, БНСУ, Франц, Япон, Вьетнам зэрэг орны музей болон хувийн цуглуулагчийн санд бүтээл нь хадгалагдаж байгаа аж.
Б.Буд
Уншиж байна |