Цусан бүтээгдэхүүний үйлдвэрлэл 25 хувиар өсчээ
2013-11-27

“Цусны хангамж ба хэвлэл мэдээлэл” сэдэвт сургалт Цус сэлбэлт судлалын үндэсний төвд боллоо. ЦССҮТ, МУЗН-тэй хамтран зохион байгуулсан сургалтын гол зорилго нь цусан хангамжийг нэмэгдүүлэхэд хэвлэл мэдээллийн байгууллагын үүрэг оролцооны тухай байв. ЦССҮТ-ийн захирал Н.Эрдэнэбаярын өгсөн мэдээллээр Монгол Улсын цус өгөлтийн үзүүлэлт 7.4. Өөрөөр хэлбэл 1000 хүн тутмын 7.4 хувь нь цусаа өгдөг гэсэн үг. Харин өндөр хөгжилтэй орнуудад энэ үзүүлэлт  36.4 бол, хөгжиж буй оронд 11.6, буурайд 2.8 байдаг нь манай улс дундаж түвшнийх болохыг харуулж байгаа юм. Манай улсын донорын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа бөгөөд 2006 онд 19193 байсан бол 2012 онд 20853 болон өсчээ. Нийт донорын 80 хувь нь 17-40 насныхан байдаг бол 50-аас дээш насныхан долоон хувийг эзэлдэг байна. Мөн доноруудын 63 хувийг оюутнууд, 20 хувийг төрийн тусгай албаныхан бүрдүүлдэг аж. Донор нэмэгдэхийн хэрээр цусан бүтээгдэхүүний хангамж сайжирч байгаа ч хэрэгцээ шаардлага буурахгүй байгааг цусны төвийн удирдлага хэлж байв. ЦССҮТ орчин үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан аж. Тиймээс ч үйлдвэрлэж байгаа цусан бүтээгдэхүүн нэмэгдэж, 2008 онд 7038 л байсан бол 2012 онд 9378 л болон 25 хувиар өсчээ. Үйлдвэрлэсэн нийт цусан бүтээгдэхүүний 71 хувиар Улаанбаатар хотын хэрэгцээг хангадаг бол үлдсэн 29 хувийг хөдөө орон нутагт хэрэглэдэг юм байна.

В.Бат

Shuud.mn
Сонин хачин