Ослоор 45 цагаач иргэн амиа алджээ
2013-11-27

Гайтигаас Багамын арлуудыг чиглэж явсан цагаачдын завьны даац хэтэрсэний улмаас  45 хүн  амиа алдлаа гэж “BBC” агентлаг мэдээллээ. 30 хүн тээвэрлэх боломжтой 12 метрийн урттай завинд ойролцоогоор 100 орчим хүн зорчиж явсан бөгөөд энэ сарын 26-27-ны шилжих шөнө Станиел шүрэн арлын ойролцоо осолдсон байна.

Ослын газарт АНУ-ын эргийн хамгаалагчид аврах ажиллагаа явуулсаны дүнд 60 гаруй хүнийг аварч яаралтай тусламж үзүүлжээ. Гайтийн цагаачид Багамын арлаар дамжин АНУ руу хүрэхээр зорчиж явсан гэдгээ хэлжээ. Тэд АНУ-д амьжиргаагаа дээшлүүлж, сайхан амьдрахын тулд эрх чөлөөний оронг зорих болсоноо тайлбарласан аж. Тус завинд суухын тулд нэг хүн таван ам.доллароор тасалбар авсан гэнэ.

Карибын бүсийн хамгийн буурай улс болох Гайтигийн ард иргэд энэ мэтээр амь насаа эрсдэлд учруулан өндөр хөгжилтэй орныг зорих нь элбэг байдаг аж. Гайти улсад 2010 онд болсон хүчтэй газар хөдлөлтөөс болж иргэдийнх нь амьдрал улам хүндэрсэн юм.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин