Хөгжлийн бэрхшээлтнийг “хөлд” оруулъя
2013-11-27

Монгол Улсын иргэн бүр хөдөлмөрлөх эрхтэй. Хүн бүрийн ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн таатай нөхцөлөөр хангуулах эрх нь эцэг хуулиар хамгаалагдсан. Өөрөөр хэлбэл, нас, хүйс, арьс өнгө, шашин шүтлэг, үзэл бодол зэрэг олон хүчин зүйлээс үл хамааран нээлттэй байдаг эрхийн нэг нь хөдөлмөрлөх. Харин энэ эрхээ эдэлж чадахгүй байгаа хүмүүс бол хөгжлийн бэрхшээлтэй иргэд. Төрөлхийн, олдмол янз бүрийн шалтгаанаар эрхтэн дутуу болсон ч эдлэх эрх нь бүрэн дүүрэн байх ёстой. Монгол Улсад 91000 хөгжлийн бэрхшээлтэй иргэн бий. Тэдний 74  мянга нь хөдөлмөрийн насныхан. Товчхондоо хуулиар хамгаалагдсан эрхтэй хүмүүс. Гэвч тэд хөгжлийн бэрхшээлтнүүд учраас бүгдээрээ хөдөлмөрлөх боломжгүй. Хөдөлмөрийн чадвараа 70-аас дээш хувиар алдсан бол хүсэл, шаардлага байгаад ч нэмэргүй. Хатуугаар хэлбэл, ажил эрхлэлтийн үүднээс тэд хүн биш. Дээр нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд эдийн засгийн идэвхтэй хүн амд ордоггүй учраас хэн ч тэднийг хөдөлмөрлүүлэх гэж хичээхгүй. Энэ бүхнээс үүдэн манай улсад хичнээн хөгжлийн бэрхшээлтэй иргэн хөдөлмөрлөж байгааг тодорхойлох албан ёсны тоон баримт байхгүй. Хөдөлмөрийн насны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 26 хувь нь ажил эрхэлдэг гэсэн таамаг төдий л тоо бий.

.

Төлбөрөөр дүгнэгдэх хууль

:

Хөдөлмөрийн хуулийн 111 дүгээр зүйлд ажил олгогчдод хадны мангаа болсон нэг заалт бий. 25-аас дээш ажилтантай аж ахуйн нэгж байгууллага хөгжлийн бэрхшээлтэй болон одой иргэний ажиллуулна. Эс ажиллуулбал сар бүр төлбөр төлнө гэсэн энэ заалт нэг талаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжиж буй мэт харагдана. Нөгөө талаар ажил олгогчид төлбөр төлөх замаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс зайлсхийх гарцыг нээж өгсөн учраас дэмжлэг гэж харахад хэцүү. Харин энэ хуулийн хэрэгжилтийг төрийнхөн хөрөнгө санхүү талаас нь, хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажлын байр үүднээс нь дүгнэдэг юм билээ. Тухайлбал, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэй мэргэжлийн хяналтын байгууллага хууль сайн хэрэгжиж байгаа гэж дүгнэв. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч С.Баяраа “Манай хөдөлмөрийн байцаагч нар байнгын хяналт тавьдаг. Хөдөлмөрийн хуулийн 111 дүгээр зүйлийн нэг, хоёрдугаар заалтыг манай хувийн томоохон компани, төрийн аж ахуйн нэгжүүд сайн хэрэгжүүлдэг. Харин төсвийн байгууллагын санхүүжилтэд үүнийг тусгадаггүй учраас жаахан түвэгтэй байдаг” гэсэн тайлбарыг өгч байна. Мөнгө л данс руу орж байвал хууль сайн хэрэгжиж байна гэсэн үг болж таарах нь. Харин хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл “Түгээмэл хөгжил” ТББ-ын тэргүүн Б.Ундрахбаяр өөр бодолтой байна. Тэрбээр энэ хуулийн заалтыг хэрэгждэггүй гэж үзэв. Шалтгаан нь ажлын байр талаас нь харсан учраас. Өөрөөр хэлбэл, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажиллуулдаг байгууллага, аж ахуйн нэгж бараг байхгүй гэдэг үүднээс хийсэн дүгнэлт. Тэрбээр “Хөнгөн хэлбэрийн бэрхшээлтэй хүмүүсийг ажиллуулдаг байх. Нийгмийн буруу хандлагаас болоод ч тэр үү хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулахаас илүү торгуулийг төлсөн нь амар гэж боддог. Тиймээс торгууль төлөх биш бүр заавал ажилд авах ёстой гэж зааж өгөх хэрэгтэй” гэсэн байр суурийг илэрхийлэв.

.

Хөдөлмөрийн яамны мэргэжилтний өгсөн мэдээллээр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд нэг жилд 200-300 сая төгрөг төвлөрдөг. Энэ оны арван сарын байдлаар 156 сая төгрөг төвлөрөөд байгаа аж. Нэг байгууллага 680 мянгаас 1.3 сая төгрөг төлдөг гэнэ. Гэвч төлбөр төлдөг байгууллагын тоо жилээс жилд буурч байгаа. 2010, 2011 онд 20-оос дээш ажилтантай 8000 аж ахуйн нэгж байсан бол 2012 оны гуравдугаар улирлын тоогоор Монгол Улсын хэмжээнд 4000 гаруй байгууллага бий гэсэн статистик байна. Шалтгаан нь тодорхойгүй. Мэргэжлийн хяналтын байцаагчийн өгч буй мэдээллээр энэ төлбөр зарим байгууллагад дарамт болдог гэнэ. Харин 24 сар төлсөн байгууллага 12 сар төлдөггүй нь учир дутагдал гэж Хөдөлмөрийн яамны Хүн амын бүлгүүдийн хөдөлмөр эрхлэлтийн хөтөлбөр, төсөл хариуцсан мэргэжилтэн Ю.Эрхэмбаатар хэлэв. Ямартай ч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг тусгасан хууль бол байна. Харин энэ хуулийн хэрэгжилт одоо бол мөнгөн дүнгээр хэмжигдэж байна. Харин жинхэнэ мөн чанар нь төлбөр торгуулиар бус хөгжлийн бэрхшээлтнүүдийг ажилтай болгосноор үнэлэгдэх ёстой.

:

Төрийн дэмжлэг нүдээ олов уу?

.

Өнгөрсөн онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлжээ. Нийт 1.3 тэрбум төгрөг зарцуулсан гэнэ. Үүний нэг тэрбум төгрөгийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувиараа хөдөлмөр эрхлэлтэд зориулсан бол 300 саяыг хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байраар хангасан ажил олгогчдод олгосон гэдгийг Хөдөлмөрийн яамны мэргэжилтэн Ю.Эрхэмбаатар дуулгав. Хөтөлбөрийн хүрээнд хувиараа хөдөлмөр эрхлэх, нөхөрлөл хоршоо байгуулах 925 төсөл, хөтөлбөр шалгарч мянга гаруй ажлын байр бий болсон гэнэ. Харин 300 сая төгрөгийн дэмжлэг авсан 26 байгууллага 91 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байнгын ажлын байраар хангагдсан гэсэн мэдээллийг ч өгөв. 2012 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байраар хангасан 33 байгууллага 700 сая төгрөг авч байсан ч энэ онд буурчээ. Чамлахаар чанга атга. Гэвч бас өрөөсгөл зүйл байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд ихэвчлэн хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Гар урлал, мужаан, оёдол, ногоо тарих зэргээр гэрээрээ хөдөлмөрлөдөг. Төрийн дэмжлэг ч энэ чиглэл рүү түлхүү анхаардаг. Нэг хэсэгт нь боломжийн байгаа ч нийгэмд гарч, хамт олонтой ажиллахыг хүсэгчид цөөнгүй бий. Магадгүй хувийн хөдөлмөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн амьдралд оролцох чадваргүй нэгэн болгож ч болох. Гэртээ юм оёж, ногоо тарьж байгаа хүнийг нийгмийн амьдралд оролцдог гэж хэлэхэд түвэгтэй. Харин хөгжлийн бэрхшээлтэй иргэд бидэнтэй л адил нийгмийн амьдралд бие даан оролцохыг хүсдэг байна. Тэгэхээр төрийн дэмжлэг халамж, хувийн хөдөлмөр гэсэн хумигдмал хүрээнд бус нийгэм гэсэн өргөн цар хүрээг хамрах шаардлагатай аж.

.

Гологдол

:

Нэгэнт хуулиар үүрэг хүлээсэн учраас хувь, хувьсгалын гэхгүй аж ахуйн нэгж, байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилд авах ёстой. Харин яагаад тэднийг ажилд авдаггүй, төлбөр төлөхийг илүүд үздгийг сонирхож үзлээ. Ажил олгогчид дуу нэгтэйгээр шаардлага хангадаггүйг хэлж байна. Мэдээж эрүүл саруул нэгэнтэй харьцуулах аргагүй учраас эн тэнцүү шаардлага тавихгүй. Тулгуур эрхтний бэрхшээлтэй хүнийг наад зах бичиг хэрэг, цаашлаад нягтлан, програм хангамжийн чиглэлээр ажиллуулж болно. Гэтэл хөгжлийн бэрхшээлтэй иргэд энгийн шаардлагыг нь хангадаггүй гэнэ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажиллуулсан ажил олгогчид төрөөс тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлдэг. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгө ажил олгогчид очно. Дээр нь төлбөр төлөхгүй учраас хөгжлийн бэрхшээлтнүүдийг ажиллуулах сонирхол байдаг аж. Шинэчилсэн хөтөлбөрөөр арваас доошгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг байнгын ажлын байраар хангасан ажил олгогчид нэг ажлын байрыг таван сая төгрөгөөр тооцож, 50 хүртэлх сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгох хөшүүрэг ч тусгагдсан байна.

.

“Түгээмэл хөгжил” ТББ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилд зуучилдаг. Б.Ундрахбаярын хэлж буйгаар байгууллагуудаас үйлчилгээний ажилтан, компьютер, технологийн чиглэлээр ажилд авах саналууд ирдэг гэнэ. Гэвч санал болгосон хүмүүсийн 60-70 хувь нь ажил олгогчид гологддог аж. Товчхондоо хөгжлийн бэрхшээлтэй иргэд хөгжих шаардлагатай байна. Төрөөс өгсөн халамжийн мөнгө, ногоо тарьж, юм оёход нь туслах төдийхнөөр аргацаагаад байвал хүсэн хүлээдэг нийгмийн амьдралдаа оролцож чадахгүй гэдгээ тэд ч бас ойлгох хэрэгтэй. “Тусламжийн тэргэнцэр” санг үүсгэн байгуулагч В.Ойдов “2003 онд НХХЯ-аас англи хэлтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүн учраас гадагшаа хуралд явуулъя гэж над руу ярьж байсан. Тэгэхэд англи хэлтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэн надаас өөр олдоогүй юм. 2011 онд яг энэ асуудал дахиж гарч ирэхэд бас л өөр хүн олдоогүй. Ийм өрсөлдөөнгүй байдалд хөгжлийн бэрхшээлтэй иргэд хөгжихгүй” гэсэн жишээг дурдаж байсан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ихэнх хувийг тулгуур эрхтэн, сонсголын бэрхшээлтэй хүмүүс эзэлдэг. Бусдад гологдохгүйн төлөө хичээвэл боломж бий гэсэн үг.

_

Гээндээ ч бий, гоондоо ч бий

_

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд баялаг бүтээгчид биш учраас хөдөлмөрлөх үүрэгтэй хүмүүс биш. Тэд зөвхөн хөдөлмөрлөх эрх эдэлдэг. Өнгөрсөн онд 21 хөгжлийн бэрхшээлтэй иргэн төрийн байгууллага, томоохон аж ахуйн нэгжүүдэд ажил оржээ. 74 000 хүний хувьд хэтэрхий чамлалттай үзүүлэлт. Энэ тоог нэмэгдүүлэхийн тулд хаа хаанаа л анхаарах хэрэгтэй. Хуулинд ч зохих хэмжээний өөрчлөлт оруулж, төлбөрөөр биш бодит ажлын байраар хэрэгжилтийг дүгнэдэг болох нь зүйтэй. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд ч тахир дутуугаар далимдуулж, бусдын гарыг харж амьдрах нь зохимжгүй.Төрийн халамж, гэр бүлийн тусламж шаардлагатай хүмүүсийг  эс тооцвол хөдөлмөрлөх боломжтой, бусдад гологдохгүйгээр хөгжих бололцоотой хүмүүс цөөнгүй бий. Харин тэднийг сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэх, цаашлаад ажиллахад нь нэн тэргүүний шаардлагатай, хамгийн чухал зүйл бол хүртээмжтэй дэд бүтэц. Хаашаа ч гарах боломжгүй хашигдсан өнөөгийн нийгэмд тэднээс мянган мэдлэг, мэргэжил шаардаад нэмэргүй. Учир нь тэдэнд гадагш гарах гарц алга.

.

В.Батцэцэг        

Shuud.mn
Сонин хачин
ойдаа:
хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг авч ажиллуулаад хөдөлмөрийн хөлснөөс дээш цалин өгч байхаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх мөнгийг төсөвт тушаах нь ашигтай гэж бодож болно. харин хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх цалинг тахир дутуу хүнд өгвөл тэр хүн бараг ажиллахыг хүсэхгүй дээ. нөгөө группийн хэдээрээ голоо зогоохыг бодно. гэхдээ уул уурхай ч юмуу хөдөлмөрийн хүнд хортой нөхцөлтэй аж ахуйн нэгж байгууллагад энэ асуудал хэрэгжихгүй нь мэдээж. хөдөлмөрийн жирийн нөхцөлтэй байгууллагад бол болох л байх. ийм байгууллагад төсөвт төлөх төлбөр нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс их байх хэрэгтэй. хөгжлийн бэрхшээлтэй буюу тахир дутуу хүний мэдээлэл авдаг тбб -ууд байгуулж тэднийг дэмжиж ажиллах хэрэгтэй биш үү.
2013-11-27