Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн заалтыг хүчингүй болгов
2013-11-27

 

Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн зарим заалт Үндсэн  хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг дахин хянан шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан өнөөдөр боллоо. Эрүүгийн байцаан шийтгэх тухай  хуулийн 334 дүгээр зүйлийн 334.4 дэх хэсэгт “Хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах, ялаас чөлөөлөх тухай  захирамжид давж заалдах гомдол гаргаж болохгүй бөгөөд харин прокурор эсэргүүцэл бичиж болно.” гэж заасны “...давж заалдах гомдол гаргаж болохгүй...” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын “... шүүхийн шийдвэрийг давж заалдах ... эрхтэй. ...” гэснийг зөрчсөн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 334 дүгээр зүйлийн 334.4 дэх заалтын холбогдох хэсэг болон Үндсэн хуулийн цэцийн 2013 оны 03 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн Улсын Их Хурлын 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 54 дүгээр тогтоолыг Үндсэн хуулийн цэц Их суудлын өнөөдрийн хуралдаанаараа тус тус хүчингүй болгож, уг маргааныг эцэслэн шийдвэрлэлээ.  Үндсэн хуулийн цэцийн тогтоолын үндэслэл хэсэгт “Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 334 дүгээр зүйлийн 334.4 дэх хэсэгт “Хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах, ялаас чөлөөлөх тухай захирамжид давж заалдах гомдол гаргаж болохгүй...” гэж хуульчилсан нь хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах, ялаас чөлөөлөхөөс татгалзсан шүүгчийн захирамжид ялтан, түүний төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах боломжийг хааж, Үндсэн хуулийн заалтын агуулгыг явцууруулан шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах хүний эрхийн суурь зарчимд харшилсан шинжийг агуулсан байна” гэж тэмдэглэжээ.  Цэцийн энэхүү тогтоол эцсийн шийдвэр тул гармагцаа хүчин төгөлдөр болохыг дурдсан байна.

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин
монгол:
олон жил ойлгомжгүй явсан хуулийнхаа буруу зөрчилтэй заалтыг одоо л ойлгож ухаарч байгаа юм байна л даа энэ хуульчид одоо шинэ гарсан хуулиуд нь бүр ойлгоход бэрх юм гараад байгаа шүү дээ нөгөө хууль баталдаг их хуралын гишүүд нь ойлгохгүй маргаад байхад жирийн иргэд яаж мөрдөх билээ дээ 800 гаран хуультай болсон гэвүүдээ монгол улс гэдэг нэрээ болиод хууль улс гэж нэрлэх нь дутаад байх шивдээ
2013-11-28