Цэвэрлэх байгууламжид эмнэлгийн бохир усыг шууд нийлүүлдэг
2013-11-29

Хот, суурин газрын цэвэрлэх байгууламжуудын үйл ажиллагаа, цэвэрлэгээний түвшинд МХЕГ-аас шалгалт хийсэн байна.

5

Хяналт шалгалтанд аймаг, нийслэлийн ахуйн бохир ус цэвэрлэх 46 байгууламжийн үйл ажиллагаанд шалгалт хийж, нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа цэвэрлэх байгууламжийн цэвэршүүлсэн болон бохир уснаас нийт 56 сорьц авч шинжлүүлжээ. Мөн  15 аймгийн ахуйн бохир ус цэвэрлэх байгууламжийн цэвэршүүлсэн бохир усанд УЦОШЛ-ийн хийсэн шинжилгээний дүнг үндэслэн үнэлгээ дүгнэлт өгсөн байна.

6

Хяналт шалгалтанд хамрагдсан ахуйн бохир ус цэвэрлэх 36 байгууламжийн 39% нь 1981-1990 онд, 19% нь 2001 оноос хойш, 17% нь 1971-1980 онд, 11% нь 1991-2000 онд, 11% нь 1961-1970 онд ашиглалтанд орсон байна. Цэвэрлэх  байгууламжийг цэвэрлэгээний төрлөөр нь авч үзвэл 47% нь биологи, механик, 42% нь механик, 11% нь биологи, механик болон гуравдагч цэвэрлэгээ /халдваргүйжүүлэлт/ хийдэг. Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа ахуйн  бохир ус цэвэрлэх томоохон найман байгууламжийн  хүчин чадал, ашиглалтын хугацааг судлахад Төв цэвэрлэх байгууламж, Биокомбинат, Багануур-ус цэвэрлэх байгууламж хүчин чадлаас бага, /70- 11000 м3 бага/ Нисэх, Харгиа, Налайх цэвэрлэх байгууламжууд хүчин чадлаасаа их, /850-2000 м3/ Баянгол цэвэрлэх байгууламж хүчин чадалдаа тохирсон бохир усыг хоногт хүлээн авч цэвэрлэдэг байна.

5

Харин аймгуудын цэвэрлэх байгууламжийн хүчин чадлын хувьд хоногт 1000-50000 м.куб ус ноогдож байгаа ба 12 аймгийн цэвэрлэх байгууламж хүчин чадлаасаа илүү бохир усыг авч цэвэрлэж байна.

5

Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дорноговь, Дорнод, Өвөрхангай, Өмнөговь, Увс, Хэнтий, Эльма хужирт ХХК, Хужирт рашаан сувилал ХХК нь тухайн жилийн байгаль орчны хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт шинжилгээний хөтөлбөргүй, цэвэрлэх байгууламжийн эрүүл ахуйн болон хамгаалалтын бүс тогтоогоогүй зэрэг зөрчилтэй байжээ. Мөн Говь-Алтай, Говьсүмбэр, Завхан, Увс, Хэнтий аймгийн бохир ус цэвэрлэх байгууламж нь газар эзэмших эрхийн гэрээгүй, гэрчилгээгүй бол цэвэрлэгээнээс гарсан лаг, хог хаягдлыг төрөлжүүлж, хог хадгалах түр цэгт ангилан хаядаггүй, лаг болон бусад хог хаягдлыг бүртгэл, тайлан мэдээг хөтөлдөггүй,  дотоодын хяналт шалгалтын журамгүй, нэгж ажилтангүй зэрэг нийтлэг зөрчил ихэнх аймагт байгааг тогтоосон байна.

5

Рашааны хамгаалалтын бүсэд бохир ус цэвэрлэх байгууламж байршуулжээ

5

Харин Эльма хужирт, Хужирт рашаан сувилалууд нь рашааны хамгаалалтын бүсэд бохир ус цэвэрлэх байгууламжийг байршуулсан. Хужирт рашаан сувилал нь стандартын шаардлага хангахгүй бохир усыг хөрсөөр дамжуулан халуун усны голд хаядаг. Нийслэлийн ариутгах татуургын төвлөрсөн шугам сүлжээнд хотын хэмжээний хурын болон  хөрсний усны ихэнхи хэсгийг цэвэрлэлгүйгээр шууд  нийлүүлж  байгаа  нь  төв цэвэрлэх байгууламжид хүчин чадлаас илүү ачааллыг үүсгэж, бохир усыг стандартын түвшинд цэвэрлэж чадахгүй байдалд хүргэж, ус цэвэрлэгээний түвшинг доошлуулж байгаа зэрэг зөрчил илэрлээ.

5

Цэвэрлэх байгууламжийн засварыг тогтмол хийдэггүй

6

Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа ахуйн бохир ус цэвэрлэх байгууламжууд цэвэршүүлсэн бохир усаа Туул голд нийлүүлдэг. “Уу” булангаас Төв аймгийн Алтанбулаг сум хүртэл нийт найман цэгээс авсан шинжилгээгээр цэвэршүүлсэн бохир ус нийлж буй Сонгинын гүүрийн ойролцоо исэлдэх чанар, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, химийн хэрэгцээт хүчилтөрөгч, шим бохирдлын үзүүлэлтүүд, гэдэсний бүлгийн савханцрын тоогоор их бохирдолттой ангилалд хамаарчээ.

5

Аймгуудад бохир ус цэвэрлэх байгууламжид цэвэршүүлсэн бохир усыг хөрсөнд шингээх байдлаар хаядаг. 11 аймгийн цэвэрлэх байгууламжийн ойролцоох  хөрсөнд хийсэн нян судлалын шинжилгээгээр 72.7 хувь нь их бохирдолттой, 27.2 хувь нь дунд зэргийн бохирдолттой ангилалд хамаарч байна. Аймгуудын ахуйн бохир ус цэвэрлэх байгууламжид эмнэлэгийн /халдвартын/ бохир усыг урьдчилан цэвэрлэхгүйгээр шууд нийлүүлдэг. Цэвэрлэх байгууламжуудын үндсэн болон туслах тоног төхөөрөмж, шугам хоолой хаалт арматурууд хуучирч зэвэрч муудсан, тэдгээрийн барилга байгууламжийн дотор засал, хаалга, цонх, шал  элэгдэж хуучирсан, зарим худаг таггүй байгаагаас хог шороо орох, хүн мал унаж гэмтэж болзошгүй болжээ.

5

Үүнээс гадна цэвэрлэх байгууламжийн барилга тоног төхөөрөмжийн зураг төсөл, техникийн баримт бичгүүдийг бүрдэл болгон хадгалаагүй, барилга байгууламжуудад хувийн хэрэг хөтөлж паспортжуулаагүй, тэдгээрийн  шугам сүлжээнд байнга үзлэг шалгалт явуулж, гурван жил тутам засвар үйлчилгээ хийж, илэрсэн зөрчлийг арилгаж ажиллаагүй нь илэрчээ. Эдгээр зөрчил дутагдал илэрсэн байгуулагат шинжилгээний дүнд үндэслэн улсын байцаагчийн 12 дүгнэлт гаргаж, улсын байцаагчийн 27 албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өгч, холбогдох хууль тогтоомжийн заалтыг үндэслэн 9.600.000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан байна.

5

Нийслэлийн ахуйн бохир ус цэвэрлэх байгууламжуудын цэвэрлэгээний үр дүн хангалтгүй байгаагаас Туул голын усны бохирдолын түвшин нэмэгддэг. Харин аймгуудын цэвэрлэх байгууламжаас гарч буй цэвэршүүлсэн бохир усыг хаядаг орчны хөрс гэдэсний бүлгийн нянгаар бохирдсон байгаа нь хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөөлөх түвшинд хүрсэн байна. Нийслэл хотын  ариутгах татуургын төвлөрсөн  шугам сүлжээнд ахуйн, үйлдвэрийн бохир уснаас гадна хурын болон хөрсний усыг цэвэрлэлгүйгээр шууд нийлүүлж байгаа нь төв цэвэрлэх байгууламжид хүчин чадлаас илүү ачааллыг үүсгэж, ус цэвэрлэгээний түвшинд муугаар нөлөөлж, бохир усыг стандартын түвшинд цэвэрлэж чадахгүй байдалд хүргэж байгаа юм.

5

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин