Өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр
2013-12-03

Өнөөдөр “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр” тохиож байна. Нэгдсэн Үндэстний Байгууллага 1981 оны 12 дугаар сарын 03-ны өдрийг анх Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өдөр болгосноос хойш дэлхий даяараа энэ өдрийг тэмдэглэсээр иржээ.

.

НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас уг өдрийг гишүүн орнуудынхаа хүрээнд тэмдэглэхийг уриалдаг аж. Энэ жилийн хувьд “Бүх нийтийг хамруулсан хүртээмжтэй нийгэм бий болгоход саад бэрхшээлийг арилгая” уран дор тэмдэглэн өнгөрүүлж байгаа юм. Манай улсын хувьд дэлхийн бусад орны адил энэхүү өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Өнөөдөр хөгжлийн бэршээлтэй иргэдэд зориулсан өдөрлөг, үйл ажиллагаа Сэргээн засалт хөгжлийн үндэсний төв, Хүүхдийн төлөө үндэсний газрын харьяа Олон нийтэд түшиглэсэн 5-р төв, ХУД-ын Соёлын ордон зэрэг газарт болно.

.

Манай улсын нийт хүн амын 2.8 хувь буюу 69.2 мянга нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд /ХБИ/ байгаагаас 55.2 хувь нь эрэгтэй, 44.8 хувь нь эмэгтэй, 35.5 хувь нь төрөлхийн, 64.5 хувь нь олдмол шалтгаан буюу ахуйн болон үйлдвэрлэлийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан байна. Хөдөлмөрийн насны 82645 хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 20.7 хувь нь хөдөлмөр эрхэлдэг аж.

.

Үйлдвэрчний Эвлэлүүд бүх шатны хамтын гэрээ, хэлэлцээрт хөгжлийн бэрхшээлтэй гишүүд, ажилчдын эрхийг хамгаалах, ажлын байрандаа осол гэмтэлд өртөж хөгжлийн бэрхшээлтэй болохоос сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангуулахаар тусгажээ. Мөн  ажлын байрыг хадгалах, шинээр мэрэгжил олгох сургалтад хамруулах, эрхэлж байгаа бизнест нь санхүүгийн дэмжлэг үзүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаагаас хөдөлмөр эрхэлж чадахгүй байгаа иргэдэд туслалцаа үзүүлэх, хөдөлмөрийн харилцааны хууль тогтоомж, ажил мэргэжлийн талаар зөвлөгөө өгөх зэрэг асуудлыг тусган шийдвэрлүүлж ирсэн байна.

.

Харин Дэлхийн хүн амын 10 хувь орчим нь буюу 650 сая хүн хөгжлийн бэрхшээлтэй амьдарч байдаг гэсэн тооцоог Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан. Энэ тоон дээр хөгжлийн бэрхшээлтэй хэн нэгэн дотны хүнээ харж хандахын тулд суралцаж, хөдөлмөрлөж, нийгмийн амьдралд бүрэн дүүрэн оролцож чадахгүй байгаа гэр бүлийн гишүүд, асран хамгаалагчдын тоог нэмбэл ойролцоогоор хоёр сая  хүн хөгжлийн бэрхшээлээс үүдсэн асуудалтай амьдарч байгаа нь судалгаагаар тогтоогджээ.

.

Дэлхийн хүн ам өсөхийн хэрээр хөгжлийн бэрхшээлтэй хүний тоо нэмэгдэж байна. Нөгөө талаас, ядуурал, байгалийн гамшиг, тогтворгүй байдал, осол гэмтэл, эмнэлгийн байгууллагын үйл ажиллагаанд гарсан алдаа дутагдлаас хүн хөгжлийн бэрхшээлтэй болох тохиолдол гарсаар байгаа юм.

.

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин