Улаанбаатар
Р.Амаржаргалын УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх дөрвөн шалтгаан
2013-12-10

Р.Амаржаргал гишүүн ямар үндэслэлээр УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлт гаргасан бэ? Энэ  хариулт нэг сарын турш олон нийтийн дунд таамаглал дэвшүүлсээр байлаа. Харин Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Р.Амаржаргалын УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэх үед МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга  М.Энхболд дээрх асуултыг тавьсан юм. УИХ-ын гишүүн Р.Амаржаргал УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ дөрвөн үндэслэлээр дэлгэрэнгүй хариуллаа.

Тэрбээр:

-Миний бие Монголын нийт ард түмэнд гүн хүндэтгэлтэйгээр хандаж байгаагаа илэрхийлье. Та бүхний итгэл найдвар, өмөг түшгийн ачаар би УИХ-д дөрвөн  удаа гишүүнээр сонгогдсоноос гадна Монгол Улсын Ерөнхий сайд хэмээх хариуцлагатай албыг хашиж боломж олдсон. Энэ маань эрийн сайндаа өдий зэрэгтэй яваа биш. Монголын ард түмэн та бүхний хатуу дэмжлэг, халуун дулаан итгэлээс гадна миний гар бие оролцон үүсгэн байгуулсан ШДХ, МҮДН, МҮАН, АН, түүний мянга мянган гишүүдийн итгэл найдвар юм гэдгийг гүнээ ухамсарлан хүндэтгэн талархаж явдаг  билээ. Миний бие УИХ-д анхлан сонгогдсон цагаасаа л сонгогч, иргэд та бүхнийхээ итгэлийг алдахгүй, нүүрийг улайлгахгүй, тууштай зарчимч, чигч шулуун, шударга ажиллахыг эрхэмлэж ирсэн" гэв.  Гишүүнээсээ татгалзах шалтгаанаа дөрөв ангилан тодорхойлсон байна.

 6

I. УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан нь содон цочирдмоор сонсогдож магадгүй. Гэхдээ нягтлан, тунгаан бодвол  гайхах зүйл үгүй юм. Бас гэнэтийн шийдвэр ч байгаагүй юм.

Субьектив талаас нь үзвэл, ичих булчирхайтай хэн ч гэсэн өнөөгийн төр засгийн байдал, шийдвэр, түүний үр дагавараас ичээд өргөлдлөө бичих л болов уу. Ялангуяа, буруутай эвлэрэхгүй, өөрийн гэсэн бодолтой, бусдыг аялдан дагалгүй, тууштай зарчимч бай гэж сонгогчдынхоо захиа даалгавартай, “тэгж чадна” гэж амлаад ард түмнээсээ мандат авч энэ танхимд хөл тавьсан эрхэм гишүүд өнөөгийн төр засгийг бүхлээр нь нөмөрсөн хариуцлагагүй байдлын төлөө, түүний гаргасан алдаа завхарлын төлөө улс төрийн хариуцлага хүлээж огцоръё гэж өнөөдөр биш ч, маргааш хэлэх л байх. Обьектив талаас нь үзвэл, Монгол дахь парламентын ардчиллын өрнөл, логик намайг ийм алхам хийхэд хүргэлээ.  Бидний даган дуурайх дуртай хөгжингүй орнууд өнөөдөр глобаль улс төр, эдийн засгийн хямралыг даван туулахуйц сайн засаглалын эрэл хайгуул хийж байна. Харин хүнд сорил, бэрхшээлтэй тулгарч явсаар өдийг хүргэсэн Монголын парламентын засаглал өнөөдөр салаа замын уулзварт ирээд байна.

 6

II. Засаглалын харьцаа, тэнцвэрийн асуудлаар бид баримжаа зүг чигээ алдаад удлаа. Үүнийг засаж, Үндсэн хуулийн утга санаа, үг үсгийн дагуу сэргээж хамгаалах цаг болжээ. Жишээ нь, УИХ бүхний дээр гарч Засгийн газарт ажиллах боломж олгохгүй байна гэх хэсэг байхад, өөр нэг нь Засгийн газар даварлаа гэж байна. Ерөнхийлөгчийн эрх мэдэл ч 20 жилийн дотор ямар их өөрчлөгдсөнийг хүн бүр мэдэж байгаа. Улсын төсвөөс илүү шахам мөнгө төсвийн гадуур эргэлдэж байгаа нь төр засгийн байгууллага олон түмний хараа хяналтаас гарсаны тод жишээ. УИХ олон нийтийн санаа бодлын тусгал болдоггүй, нээлттэй, тунгалаг байж чадахгүй байгааг бэлээхэн жишээ. Байдал ийм маягаар өрнөж буй хариуцлагыг УИХ хүлээх ёстой.

   6

III.  Эдийн засгийн асуудал. Энэ сэдвээр хэдэн өдөр ч  ярихад бэлэн байна. Байдал тун ярвигтай эвгүй өрнөж байгаа шүү:

Төсвийн алдагдал бараг 7-8 хувьд хүрлээ. Өрийн дарамт урьд өмнө үзэгдээгүй түвшинд хүрсэн. Үнэндээ өрөө ч тооцож чадахгүй, энэ талаар үнэнийг хэлэх чадваргүй болжээ.

10 сарын өмнөхөөс бараг 30 гаруй хувиар хөрөнгө оруулалт хорогдсон, Гадаадын шууд хөрөнгө оруулалт уул уурхайн бус салбарт 70 хувь, уул уурхайн салбарт 30 хувь буурсан. Хөрөнгө оруулагчдын хүлээлт сэтгэгдэл тун таагүй байгаа.

Оюутолгойн хоёрдугаар ээлж үндсэндээ зогссон, хамгийн өөдрөгөөр одоо гэрээ хэлцэл байгуулж чадна гэж үзвэл бодит ажил эхэлтэл дахиад хоёр жил хэрэгтэй боллоо.

Тавантолгойн дэд бүтцийн асуудал яаж шийдэх ёстой нь тун ч бүрхэг. Хүрэн нүүрсний үнэ ашиг өгөхгүй, коксжих нүүрсний үнэ хэтэрхий доогуур байна

Банкны салбар тун сул дорой, эмзэг байна. Саяхан тав дахь том банк дампуурсан. Одоо байгаа  дөрвөн томын хоёр нь асуудалтай. Өөрийн хөрөнгө өчүүхэн, хадгаламж хумигдаж, зээлийн эрэлт эрс нэмэгдэж байгаа учраас хөрөнгийн асар их хомсдолд ороод байна.

Банкны активын 21 хувийг Монголбанк үндсэндээ өмчилж байна. Манай арилжааны хэдэн банкны төвбанкнаасаа хамаарах хамаарал Грекээс илүү болчихоод байна.

Төгрөгийн сулрал зогсох янз алга. Доллар1740 төг. Гэтэл нийт зээлийн 1\3 нь ханшинд шууд өртөхөөр байгаа.

Инфляци нэмэгдээд хоёр оронтой болсон. Нуух аргагүй боллоо.

 6

Байдал ингэтлээ доройтоход, эдийн засгийг тэгтлээ боймлоход хүргэсэн этгээдүүд энэ танхимд сууж л байгаа. Тэд хариуцлага хүлээх ёсгүй хэрэг үү? Өнгөрсөн 4-р сард эвгүй дохио сонсогдож эхэлсэн тухай ярьж бичиж л байсан. Тун удахгүй том компаниуд нэг нэгнээ татаад унагаад эхлэх бий дээ.

   6

Өнөөдөр Монголын эдийн засгийн аюулгүй байдлын амин сүнс нь түлш, эрчим хүч. Өөрсдөө ядаж ганц литр бензин шатахуун үйлдвэрлэж, технологийг нь эзэмшээд авмаар байна. Цахилгаан эрчим хүчээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангамаар байна.  Энэ хоёрыг л өөрсдөө хангаж чадвал, хэнтэй ч, юу ч ярих хэмжээнд Монгол Улс хүрч чадна. Тийм боломжтой. Энэ тухай 2000 онд УИХ-ын  индрээс Ерөнхий сайдын хувьд хэлж байсан. 13 жилийн дараа ч энэ асуудал шийдэгдээгүй,  ач холбогдлоо алдаагүй байна.

 6

IV. Төр засгийг бэхжүүлнэ гэдэг нь шудрага ёс, түүнийг хангах асуудал юм. Саяхан нэгэн санал асуулгад хамрагдсан хүмүүсийн 84 хувь нь шүүхийн үйл ажиллагаанд ямар нэгэн хэмжээгээр сэтгэл ханамжгүй байна гэжээ. Засаг төр л бол зөв байдаг гэсэн ойлголт эл салбарт амь бөхтөй байна. Нөгөө хараат бус, бие даасан байдал нь агуулгын хувьд хэрэгжихгүй байна. Шүүх нь Засгийн газар, төрийн захиргааны шийдвэрийг хүчингүй болгоод гүйцэтгэлийг нь хангуулж чадаж байвал иргэд шудрага ёсонд итгэж эхэлнэ. Тэгж байж захиалгат шүүх алга болно.

 6

Төр, засгийг бэхжүүлэх нь боловсон хүчний чанар, шилж сонгох дэвшүүлэх тогтолцоогоор тодорхойлогдож байдаг. Яам тамгын газар, албан байгууллагыг удирдан засаглах социализмын үеийн энерци шавхагдан ширгэж байна. Шинээр гарч ирсэн нөхдүүд үнэндээ төрийн албанд төрийн хүн шиг хандах сэтгэх, хариуцлагатай сахилгатай байх соёлыг эзэмшээгүй байна. Төрийн албанд намын мандат намируулан, хэн нэгэн улс төрчийн нөмөр нөлөөнд шигдэн шинээр орж ирэгсэд зүгээр л ажиллаж мэдэхгүй байна. Төрийн хүн шиг сэтгэж чадахгүй байна. Үнэндээ хэлэхэд гарын үсгээ яаж мөнгө болгох вэ, хэтэвчээ яаж зузаатгах вэ гэхээс өөр юм боддог юм уу гэж асуумаар байна.

6

Авилга хэвийн үзэгдэл боллоо. Бид нарын “идэх цаг ирсэн” гэж нэг нь хэлэхэд нөгөө нь “тиймээ” гээд үг дуугүй хүлээн зөвшөөрдөг болжээ. Ийм эдийн засагт хөрөнгө оруулалт хийх бизнесмэн олох хэцүү, санаачлан эхлүүлсэн болгоныг төрийн нэрээр дээрэмдээд байхаар зугтахаас өөр яах билээ. "Төр үл мэдэх түшмэдийн засаг уулнаас хүнд" гэж Д.Бямбасүрэн гуайн ишлээд байдаг энэ шүү дээ.

  7

Төрийн албыг цэвэрлэх, бүх талаар бэхжүүлэх ажлыг системтэй өргөн цар хүрээтэй хэрэгжүүлэх цаг болсон. Энэ бол тэргүүн зэргийн зорилт. Учир нь монголд хамгийн ховор нандин зүйл бол хүн. Ялангуяа мэдлэг боловсролтой, ур чадвартай, ёс суртахуунтай, өндөр сахилга бат, хариуцлагатай боловсон хүчин. Хамгийн үнэтэй энэ капиталаа намаар нь ялгаварлан гадуурхаад “гудамжинд гаргажээ”. Энэ бол Монголын хувьд хэтэрхий тансаглал. Намын харьяалалаас үл хамааран чадалтай хүнийг бүрэн хэмжээгээр ашиглах тогтолцоо буй болгох нь гуравхан сая монголчуудын хувьд орших, эс оршихын асуудал юм шүү.

 7

Миний дээр хэлсэн бүгд өнөөдөр бий болсон зүйл биш ээ. Олон жил хуримтлагдсан, шийдэх хүсэлгүйгээс угжирсан, шийдэх гээд одоо ч  чадахгүй байгаа асуудлууд. Тийм ч учраас ард иргэд бухимдлаа илэрхийлж 12 жилийн дараа АН-д саналаа өгч засаг барих эрхийг олгосон юм. Монголчууд АН-д маш их найдаж, өндөр итгэл хүлээлгэсэн. Тэр хэрээрээ хүлээлт үүсгэсэн. Бид тэр хүлээлтийн хэмжээнд ажиллах ёстой юм. Үлгэрлэх учиртай юм. Хариуцлага, сахилга зохион байгуулалт маш өндөр байх учиртай. Харамсалтай нь бид тэгж  чадахгүй байна. Харин ч бүр дордуулж байна. «АН гарч ирээд ялгаа алга байна ш дээ» гэж цөхөрсөн иргэд ярьж байна. Үүний төлөө АН-аас хэн нэгэн хариуцлага хүлээх ёстой.

Төгсгөлд нь нэг зүйл хэлье. Ардчилсан намын гишүүн байж намаа шүүмжлэв, дөнгөж засаг аваад босох гэж байхад нь өөрийн байгуулсан засгаа шүүмжлээд гээд над руу дайр ч байна. Тэдний шүүмжлэлийг хүндэтгэж байна. Гэхдээ би АН-ыг үүсгэн байгуулагчдын нэг учраас, зөв шудрага яваарай гэж сонгогчдоосоо захиа даалгавар авсан учраас, хамгийн гол нь  нь надад совесть байгаа учраас УИХ гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан юм. Улс төрийн хариуцлагын үлгэрлэл үзүүлэх алхам хийж, УИХ, Засгийн газрын хариуцлагагүй шийдвэр, үйлдлийн өмнөөс хариуцлагыг би хүлээе гэж байгаа юм. Улс төрийн соёлын стандарт гэж байх учиртай. Би улс төрийн соёл, хариуцлага, энгийн ёс зүй, жудаг талаасаа зөв алхам хийсэн гэдэгтээ огт эргэлзэхгүй байна. Сүхбаатар дүүргийн миний сонгогч нар намайг ойлгон дэмжсэнд чин сэтгэлээсээ талархаж байна гэсэн юм.

7

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
баагий:
япончууд бол улс төрийн соёл, хувь хүний хариуцлагаа ухамсарлах асар өндөр соёлтой ард түмэн. байсгээд л нэг дарга сайн дураараа огцордог. гэтэл манайд нэг гишүүн болоод авбал насаараа тэнд байх ёстой шиг сэтгээд албан тушаалтайгаа үхэн хатан зууралддаг. албан тушаалын хааны сэнтий гэж сэтгэдэг. тод жишээ бол номтойбаяр, наранхүү гэх мэт. ажлаа хийж чадахгүй байна гэж том жижиггүй хэлж байхад удвал авгай болоод байна гээд л зууралдаад байна. амаржаргал сайн байна. зоригтой байна. гишүүний суудал гэдэг чинь амь биш, заяа биш. гишүүн биш байсан ч хүндлэгдээд, орлого олоод явж чадах чадвартай учраас айхгүй байна. харин номтойбаяр мэтийн хүмүүс гишүүн биш болоод халдашгүй эрхээ алдчихвал цагдаагаас дуудагдаад баахан том жижиг хэрэгт шалгагдаад үйлээ үзэхээ мэдэж байгаа учраас үхэн хатан гишүүн байхаар хичээж байгаа.
2013-12-11
зочин :
мундаг хун юмаа!!!!!!
2013-12-11
baatar:
amarjargal gishuun shig shudragaar 76 uulaa ogtsroh heregtei . mongoliin toloo yum hiih humuusee songoh heregtei
2013-12-10
baatar:
amarjargal gishuun shig shudragaar 76 uulaa ogtsroh heregtei . mongoliin toloo yum hiih humuusee songoh heregtei
2013-12-10
tumuruu:
amarjargalin helj bgag toriin tom huud bugd medej bga, gagtshuu ingej helj ogtsorch chadah in gants ene amar jargal yum bn
2013-12-10
......:
uneheer unen hellee. an dampuursan.
2013-12-10
4-n shaltgaan:
дөрвөн- шалтгаан. 1.ерөнхий сайд болгоогүй. 2.их хурлын дарга болгоогүй. 3.яамны сайд болгоогүй. 4.агентлаг өгөөгүй.
2013-12-10
амаржаргалд:
ийм байсым бол үхсэнээ хийж үхэн хатан сонгогдсийм. энэ орныг та нар л ийм намагт унагсийшд. одоо гэнэт хараа юу. олигтойхон тэмцээд босголцохгүй юу .улс орноо. хувиа хичээж довоо шарлуулах чинь л дутаж гэнэ.
2013-12-10
сонгогч:
та уих -ийн гишүүнээсээ гарч улс төрийн хариуцлага хүлээнэ гээд байгаа болтой яаж хариуцлага хүлээж юу хийх вэ. хэлсэн асуудлуудыгаа зөв шийдвэрлэхэд та яаж оролцож юу хийх вэ? эсвэл гишүүн биш болохоороо бүх асуудал танд хамаагүй болох уу. олон жил хуримтлагдсан асуудлууд яаж шийдэгдэнэ гэж та төсөөлж байгаа вэ. нэг хүн улс төрийн хариуцлага хүлээлээ гээд ард түмэнд ямар үр ашиг, үр дүн гарах вэ? төр засаг солидлоо гэхэд шинээр ямар зг бий болох вэ? энэ зг нь таны хэлсэнчлэн буруу алхмуудыг хир хурдан шийдвэрлэж чадах вэ? тийм боломж нөхцөл одоо бүрдсэн үү? ер нь ойлгомжгүй юсм энгийн ардад их байнаа
2013-12-10
сараа:
болохгүй байгаа юмыг ард түмнээсээ сонгогдсон гишүүн та өөрчлөхгүй бол хэн өөрчлөх юм, тиймээс өөрөө зугтаах биш ажиилах ёстой гэж бодож байна
2013-12-10
сараа:
болохгүй байгаа юмыг ард түмнээсээ сонгогдсон гишүүн та өөрчлөхгүй бол хэн өөрчлөх юм, тиймээс өөрөө зугтаах биш ажиилах ёстой гэж бодож байна
2013-12-10
сараа:
болохгүй байгаа юмыг ард түмнээсээ сонгогдсон гишүүн та өөрчлөхгүй бол хэн өөрчлөх юм, тиймээс өөрөө зугтаах биш ажиилах ёстой гэж бодож байна
2013-12-10