Ажилгүйчүүдийн дийлэнх хувийг эмэгтэйчүүд эзэлж байна
2013-12-10

Үндэсний статистикийн хорооноос энэ оны гуравдугаар улирал буюу эхний 11 сарын улсын нийгэм, эдийн засгийн байдлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Улсын хэмжээнд энэ оны эхний 11 сард 73075 эх амаржиж, амьд төрсөн хүүхдийн тоо 73445 болж, өмнөх оны мөн үеийнхээс амаржсан эхийн тоо 4748 буюу 6,9 хувиар, хүүхдийн тоо 4827 буюу 7,0 хувиар өссөн байна. Харин нялхсын эндэгдэл 1033 болсон нь өмнөх оныхоос 0,4 хувиар, 1-5 хүртэлх насандаа 1284 хүүхэд эндэж, 2,0 хувиар өсчээ.

7

Улсын хэмжээнд ажилгүйдлийн түвшин 7,6 хувьтай байна

2013 оны гуравдугаар улирлын судалгааны дүнгээр улсын хэмжээнд ажиллах хүч буюу 15 болон түүнээс дээш насны эдийн засгийн идэвхтэй хүн ам нэг сая 176 мянга байгаагийн 681,4 мянга нь эрэгтэй, 557,6 мянга нь эмэгтэй хүн байна.

Ажиллах хүчний оролцооны түвшин улсын хэмжээнд 62,1 хувь, хотод 54,8, хөдөөд 74,9 хувь байгаа юм. Харин улсын хэмжээнд ажилгүйдлийн түвшин 7,6 хувьтай байгаа бол ажилгүй иргэдийн дийлэнх хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Тухайлбал, нийт 89,5 мянган ажилгүй иргэн байгаагийн 42,7 мянга нь эрэгтэй, 46,8 мянга нь эмэгтэй байгаа аж.

Тэдний 42,9 мянга нь бүртгэлтэй ажилгүйчүүд байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 2,6 мянган хүн буюу 6,3 хувиар өсчээ.

7

Гэмт хэрэг өсчээ

Улсын хэмжээнд энэ оны эхний 11 сарын байдлаар 23222 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 3089 хэргээр буюу 15,3 хувиар өсчээ.

Өмчлөх эрхийн гэмт хэрэг 1961, хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг 1036 зэргээр голлон өссөн байна. Бүртгэгдсэн гэмт хэргийн улмаас 8816 хүн гэмтэж, 891 хүн нас баржээ.

Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс гэмтсэн хүний тоо 1188 буюу 15,6 хувь, нас барсан хүний тоо 39 буюу 4,6 хувиар нэмэгджээ.

7

ХҮУИ өсөхөд мах, импортын бараа голлох нөлөө үзүүлжээ

Хэрэглээний үнийн улсын индекс /ХҮУИ/ 2013 оны 11 дүгээр  сард өмнөх сарынхаас 1,3 хувь, оны эхнээс 11,1 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 12 хувиар өссөн байна.

Ийнхүү үнийн индекс өмнөх сарынхаас өсөхөд хүнсний бараа, ундаа усны бүлгийн дүн 1,4 хувь, хувцас бөс бараа 2,3 хувь, орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлгийнх 0,7 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. Ингэхдээ эхний зургаан сарын хугацаанд гол нөлөө үзүүлэгч нь хүнсний бараа буюу махны үнэ их хэмжээгээр нөлөөлөлж байсан байна.

Харин сүүлийн хагасд импортоор оруулж ирж байгаа бараа бүтээгдэхүүн 50-80 хувь орчим нөлөөлж байгаа ба дундаж орлоготой өрхийн хэрэглэдэг бүтээгдэхүүний 40 хувь нь импортын бараа бүтээгдэхүүн байдагтай холбоотой юм.

Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл алдагдалтай гарсан байна

Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ энэ оны гуравдугаар улирлын байдлаар 4961,1 тэрбум төгрөгийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 5127,6 тэрбум төгрөг болж, улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 166,4 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна.

Ийнхүү улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 5126,6 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 98,8 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь татаас ба шилжүүлгийн зардал 261,6 тэрбум төгрөг, хувь хөрөнгийн зардал 70,9 тэрбум төгрөгөөр буурсан хэдий ч бараа үйлчилгээний зардал 282 тэрбум төгрөг, эргэж төлөгдөх цэвэр зээлийн зардал 88 тэрбум буюу гурав дахин, зээлийн үйлчилгээний төлбөрийн зардал 61,2 тэрбум төгрөгөөр өссөнөөс шалтгаалжээ.

Нэгдсэн төсвийн урсгал орлого одоогийн байдлаар 4959,9 тэрбум төгрөг, урсгал зардал 3910,5 тэрбум төгрөг болж, тэнцвэржүүлсэн урсгал тэнцэл 1049,0 тэрбум төгрөгийн ашигтай гарчээ.

7

Экспортын хэмжээ 4,2 хувиар буурчээ

Манай улс энэ оны гуравдугаар улирлын байдлаар 132 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 9716,4 сая ам.доллар, үүнээс экспорт 3861,2 сая ам.доллар, импорт 5855,3 сая ам.доллар болжээ.

Гадаад худалдааны нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 528,5 сая ам.доллар буюу 5,7 хувь, импортын хэмжээ 413,8 сая ам.доллар буюу 6,6 хувь, экспортын хэмжээ 168,7 сая ам.доллар буюу 4,2 хувиар буурчээ.

Экспортын 96,8 хувийг эрдэс бүтээгдэхүүн, нэхмэл бүтээгдэхүүн, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос, түүхий болон боловсруулсан арьс, шир, ангийн үс зэргээр хийсэн эдлэл эзэлж байна.

7

Бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2307, 2 тэрбум төгрөг болжээ

Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний нийт үйлдвэрлэл 2013 оны эхний 11 сард 2307,2 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 254,6 тэрбум төгрөг буюу 12,4 хувиар өслөө.

Энэхүү өсөлтөд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нүүрс, газрын тос, 35 хувийн агуулгад шилжүүлснээр зэсийн баяжмал, алт зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 1,9-53,2 хувиар нэмэгджээ. Мөн боловсруулах аж үйлдвэрийн салбарын бялуу, дарс, амтат ус ундаа, хиаман төрлийн бүтээгдэхүүн, металл цувимал, самнасан ноолуур, нарийн боов, нэхий дээл, ваакуум цонх, хаалга, хэвлэмэл хуванцар карт зэрэг төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 0,1 хувиас 8,5 дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

7

Б. Буд 

Shuud.mn
Сонин хачин
баагий:
худлаа яриад бай. аль ч албан газарт орсон хүүхнүүд л байдаг шд. эрчүүд нь архидаж, гудамжаар тэнээд л... хаа сайгүй өрхөө толгойлж, нөхрөө тэжээсэн хүүхнүүд л байна даг
2013-12-11