“Хүний эрхийн төлөөх он жилүүд” гэрэл зургийн үзэсгэлэн гарчээ
2013-12-10

Өнөөдөр "Олон улсын хүний эрхийн өдөр” тохиож байна. Орон орны Хүний эрхийн байгууллагууд олон улсын хүний эрхийн өдрийг НҮБ-ын хүний эрхийн Дээд комиссарын газраас гаргасан нэгдмэл уриан дор тэмдэглэж, сурталчилгааны өргөн хүрээтэй үйл ажиллагаа зохион явуулдаг. Энэ жил “Хүний эрхийн төлөөх он жилүүд” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхийг олон улсад НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын газраас уриалжээ.

Монгол Улсад хүний эрхийн үндэсний байгууллага үүсч хөгжсөн, хүний эрх, эрх чөлөөг сахин хамгаалах, хөхиүлэн дэмжих, хүндэтгэх ажиллагааны түүхэн үйл явцыг харуулах зорилгоор “Хүний эрхийн төлөөх он жилүүд” гэрэл зургийн үзэсгэлэн гаргалаа. Тус үзэсгэлэнгийн нээлтийг өнөөдөр Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд хийсэн.

Мөн “Хүүхдүүд ээжтэйгээ” өдөрлөгийг ШШГЕГ-ын харъяа хорих 407 дугаар ангид зохион байгуулж, тус ангид ял эдэлж буй эхчүүдийг хүүхдүүдтэй нь уулзуулах үйл ажиллагаа явуулж байна. ХЭҮК-оос “Бидний хөгжих эрх” хүний эрхийн өдөрлөгийг Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар дунд сургуулийн сурагчдын дунд зохион байгуулж, “Хүүхдийн эрх” хөгжлийн төвийг байгуулсан.

Түүнчлэн хэвлэл мэдээллийн байгууллагуудын дунд “Хүний эрхийн боловсрол” сэдэвт шилдэг нийтлэл, нэвтрүүлгийн уралдаан зарлан, хүний эрхийн сэдэвт олон нийтийн лекц, сонины нийтлэлүүдийг эмхэтгэн DVD, ном болгон хэвлүүлжээ. “Хүний эрхийн боловсролыг боловсролын тогтолцоонд” онол, практикийн хурал, “Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс ба Иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагаа” уулзалт зэрэг үйл ажиллагааг зохион байгуулсан байна.

 Б.Буд

Shuud.mn
Сонин хачин