Туркийн соёлын өдрүүд үргэлжилж байна
2013-12-12

Руни бичгийг тайлж, уншсаны 120 жилийн ойд зориулан Туркийн соёлын өдрүүдийг МУИС-ийн гадаад хэлний сургуулийн Түрэг судлалын тэнхимийнхэн санаачилан Турк улсаас манай улсад суугаа элчин сайдын яамтай хамтран энэ өдрүүдэд зохион байгуулж байна.

Энэхүү үйл ажиллагаа нь өчигдөр Үндэсний түүхийн музейд кино өдрүүдээр эхэлсэн. Тэгвэл "Боролдой" студийн "Black Box" театрт өнөөдөр 20.00 цагт "The Departure" киног үзэгчдийн хүртээл болгох бол энэ сарын 19-ний 15.00 цагт "Don't be Crazy Crazy", 19.00 цагт "White Angel", болон 20-ны өдрийн 15.00 цагт "Mommo My Sister", 19.00 цагт "Pandora's box" киног тус тус үзүүлэх юм аж.

  Харин өнөөдөр Туркийн соёлын өдрүүд болж байна. Энэ үеэр Турк үндэстний идээ ундаа, үндэсний хувцас, гар урлалын бүтээгдэхүүнийг сонирхуулах аж. Маргааш  “Түрэг судлал” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно.

Анх 1692 онд Н.Витзен гэдэг хүн Верхотуре хавиас, 1696 онд С.Ремезов Талас голын эх орчмоос үл мэдэгдэх бичигтэй чулуунууд олсноо мэдээлжээ. Түүнээс хойш олон мэдээлэл, таамаглал явж байсан боловч 1818 онд оросын жуулчин Григорий Спасский "Сибирский вестник" сэтгүүлд тодорхой мэдээ нийтлүүлснээр учир нь мэдэгдэхгүй бичигтэй хөшөөний тухай олны анхаарлыг татжээ.

Үл мэдэгдэх бичигтэй бараг адил бичиг Скандинавын хойгт байсан бөгөөд  тэндхийн хэлний нэг аялгуугаар энэ бичиг "РУНИ" (нууц бичиг, учрыг нь тайлж чадаагүй бичиг) гэж нэрлэгдэх болов. Энэ бүх нууцыг тайлсан хариу өгсөн анхны хүн бол Копенгагены их сургуулийн харьцуулан судлах хэл зүйн тэнхимийн профессор Томсен Вильгельм Людвиг (1842-1927) юм. Тэрбээр хэдэн арван мянган үсгийн дүрсийг ажиглаж, төсөөтэй дүрсийг эмхэтгэн нэгтгээд энэ бичиг 38 дүрс (үсэг)-ээс бүтжээ гэсэн нь нотолж,  шаргуу оролдсоор түрүг бичгийн нууцыг тайлсан байна.

Ийнхүү 1893 оны 12-р сарын 15-нд Дани улсын хааны шинжлэх ухааны нийгэмлэгийн хуралд 15 хуудсанд багтсан илтгэл хэлэлцүүлж нүүдэлчдийн соёл иргэншлийн түүхийг гэрэлтүүлсэн нээлт хийжээ. Энэхүү 1893 оноос хойш түрүг бичгийн битүүлэг учир тайлагдаж Төв азийн нүүдэлчин монгол түрүгийн түүх, соёл иргэншлийн нууц гэрэлтэн тодрох эхлэл тавигдсан гэж үзвэл зохилтой аж. Хөшөө чулууны бичиг нь Хөх Түрүгийн улс төрийн хураангуй түүх юм. Хөшөө чулууны бичгийг "руни" (нууц бичиг) эсвэл "Орхон - Енисейн бичиг" гэж оновчгүй нэрлэж ирснийг цэгцэлж "хөх Түрүгийн бичиг" товчоор "Түрүг бичиг" гэж нэрлэхээр болсон аж.

Б.Буд 

Shuud.mn
Сонин хачин