УДЭТ номын сантай боллоо
2013-12-13

 

82 жилийн түүхтэй Улсын драмын эрдмийн театр номын сантай боллоо. Энэхүү номын сангийн нээлт өнөөдөр болж, тус байгууллагын удирдлагууд, уран бүтээлчид оролцлоо. Дэлхийн улсуудын мэргэжлийн урлагийн театр өөрийн гэсэн номын сантай байдаг. Харин манай улсын урлагийн байгууллагуудаас УДЭТ анх удаа уран бүтээлчиддээ зориулсан номын сантай болж байгаа нь энэ юм. Номын фондод нь хуучин байсан номууд дээрээ хоёр сая орчим төгрөгийн шинэ номыг нэмж аван, сан хөмрөгөө зузаатгаснаар урлаг, утга зохиолын, танин мэдэхүй, мэргэжлийн ном зохиол гэсэн дөрвөн чиглэлийн 800 гаруй ном, 10 гаруй хүн суух боломжтой номын сан нээгдлээ.

 

Энэ тухай УДЭТ-ын захирал УГЗ Ц.Цэрэнсамбуу “Энэ өдөр бидний хамт олны хувьд түүхэн өдөр болж байна.  2013 оныхоо ажлын гүйцэтгэлийг хэлэлцэж, хийхээр төлөвлөсөн 65 ажлаа ерэн хувь хол давуулан биелүүлж, шинэ оноо угтах гэж байна. Эдгээр ажилд урьд өмнө байгаагүй хэдэн ажлыг хийхээр тусгасан байсны нэг нь өнөөдөр нээлтээ хийж буй номын сан болон уран бүтээлчдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар юм. Энэхүү бичил номын сангаараа дотоод дүрэм журмын дагуу уран бүтээлчдийн эрэлт хэрэгцээг хангах, мэргэжлийн чиглэлийн номуудыг театр дээрээ барьж байгаад уншчих боломжийг олгож байгаа. Манай театрын хувьд байр савны хувьд томоохон номын сантай болох боломж одоохондоо алга. Яваандаа өргөжиж их том номын сантай болж ирээдүйд ажиллах залуу уран бүтээлчдийн оюуны хэрэгцээг хангах байх гэж бодож байна. Нөгөөтэйгүүр уран бүтээлчид чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, дасгал, хөдөлгөөн хийх төхөөрөмжүүдийг байрлууллаа. Манай ажилчид маань ажлын их ачаалал авч, зохиол бүтээлтэйгээ танилцаад суудаг үүнийхээ хажуугаар эрүүл мэнддээ анхаарах боломжийг бий болгож өгч байна” гэж ярилаа.

Мөн зөвхөн УДЭТ-т байдаг дэлхий болоод манай улсын шилдэг бүтээлүүдээр тавьсан жүжгийн эх зохиол болох 450 гаруй бүтээлтэй энэхүү номын сангаар дамжуулан танилцаж болох юм байна.

  Б.Буд
Shuud.mn
Сонин хачин
болд:
дөнгөж одоо л уу??????????? улсын драмын эрдмийн театр биз дээ уг нь?????????? цэрэнсамбуу үнэн муу ажиллаж байж дээ хөөрхий
2013-12-14