Галт тэрэг давхих уу, зогсох уу...
2013-12-23

Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарыг огцруулах асуудлын маргаашийн УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ. МАН-ын бүлэг сөрөг хүчний зүгээс тайлбар хийж, хоёр сайдын асуудлыг УИХ-ын даргад өргөн мэдүүлэх үед нийгэм тэднийг одоо л нэг ухаарчээ гэж харж байв. Тиймдээ ч Н.Алтанхуягийн Засгийн газар сайдуудаа авч үлдэхийн тулд ямар арга хэрэглэх бол гэж анхаарал хандуулж суусан. Гэтэл Н.Алтанхуяг асуудалд сүр дуулиантай хандсангүй. УИХ дахь АН болон “Шударга ёс” эвслийн бүлэг тус бүртээ хуралдаж, өөрсдийн сайд нараа огцруулахгүй, тэд хийх ёстой ажлаа л хийж байгаа хэмээн дүгнэж, МАН-ын гаргасан шалтгаанууд огцруулах үндэслэл болж чадахгүй хэмээн санал нэгтэйгээр мэдэгдсэн. Харин хоёр сайдын асуудлаар Эдийн засгийн байнгын хороо болон Төсвийн байнгын хороо хуралдаж, гишүүдийн санал хураалтаар мөн л огцруулах шаардлагагүй гэж саналаа өгцгөөсөн юм.

1

Төрд ойлголцол, зөвшилцөл гэж нэг зүйл байдаг. Юу гэвэл намын эрх ашгаас илүү улс эх орны, ард түмний эрх ашиг тэргүүнд байх ёстой. Тийм учраас МАН сөрөг хүчний байр сууринаас асуудалд хандаж, улс эх орны хөгжлийн төлөө гэдэг зорилгоор үйл ажиллагаанд оролцох үүрэгтэй. Эрх баригч болон сөрөг хүчин болсон  хоёр намын хооронд ойлголцоод, зөвшилцөөд явах боломж уг нь бий. Хоёр бүлгийн дарга өмнө нь хөтөлгөө морь шиг, төрийн ажлын төлөө, ард түмний эрх ашгийн төлөө ажиллана хэмээн хамтарсан мэдэгдэл гаргахдаа хэлж байсан. Тэгвэл энэ эрх ашгийнхаа төлөө хүч түрээд ч болов ажлаа хийх нь зөв болов уу. Цөөнхийн аманд орж, тэдэнд барьцаалагдаж, тэднийг эрхлүүлэх хэрэггүй.

1

Цөөнхийн бүлэг УИХ-ын даргад хандан шаардлага хүргүүлсэн тухай мэдээлэл таржээ. Шаардлагыг нь сонирхвол бүлгийн гишүүдээ байнгын хороонд харьяалуулахыг хүссэн гэнэ. Уг нь жил гаруйн өмнө анхдугаар чуулганыг зарлах үед Ардчилсан намынхан МАН-ынханд хуралдаанд хүрэлцэн ирэхийг гуйсан удаатай. Даанч эрх баригчийн байр сууринаас асуудалд хандаад сурчихсан тэдэнд АН олонх болсон гэдгийг хүлээн зөвшөөрч чадаагүй тул “МАН-ын Бага хурал болж байна, анхдугаар чуулганд оролцох боломжгүй” гэж мэдэгдэж байсан. Гэтэл ингэж гэдийсэн нь өдгөө тэдэнд “гай” болж УИХ-д авсан суудлынхаа тоогоор байнгын хороодод харьяалагдаж чадахгүй байгаа билээ.

1

Мөн цөөнхийн бүлгийн хувьд хоёр сайдыг огцруулах тухай асуудлаар барьцаалж байнгын хорооны асуудлыг урагшлуулах бололцоо байсан ч завсарлага авч хугацаа алдсанаар боломжоо алдсан тухай яриа ч улс төрийн хүрээнийхэн дунд өрнөж байна. Учир нь цөөнхийн бүлэг өнгөрсөн долоо хоногт хоёр сайдыг огцруулах асуудлыг өргөн мэдүүлснээс эхлээд хэд, хэдэн акцийг хийгээд амжсан ч цаад агуулгаараа өөрсдийн талд шийдэгдэх зүйлийг нэг шатаар ч ахиулж чадаагүй. Хуульд зааснаар сайд нарыг огцруулахтай холбоотойгоор авсан цөөнхийн завсарлага дуусгавар болж байна. Мөн Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг УИХ долоо хоногт багтаан хэлэлцэж шийдвэрээ гаргах заалттай, эцсийн хугацаа нь мөн л маргааш өдрөөр дуусна. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнгөрсөн баасан гаригт хуралдаад хоёр сайдыг огцруулах асуудлыг мягмар гаригт буюу маргааш УИХ-ын чуулганыг зарлан хэлэлцэх шийдлийг гаргасан байна.

1

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Эрх баригчид бодит байдалд дүгнэлт хийж хариуцлагагүй хүмүүсээ огцруулахгүй хамгаалаад үлдвэл долоо хоногийн дараа дараагийн сайдад хариуцлага тооцох асуудлыг дахин тавих болно” гэдэг мэдэгдлийг хийсэн. Гэвч энэ нь зөвхөн бүлгийн гишүүдээ байнгын хороонд харьяалалтай болгох гэсэн явцуу эрх ашгаас хэтрэхгүй улс төрийн тоглолт гэж харагдаж байна. Эхний хоёр сайдыг огцруулах эсэх асуудал шийдэгдээгүй байгаа ч дараагийн ээлжинд Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Эрүүл мэндийн сайд Н.Удвал нарт хариуцлага тооцох асуудал УИХ-д орж ирнэ гэх “бор шувуу” Төрийн ордонд нисч эхэллээ. “Бор шувуу” үнэн бол цөөнхийн бүлэг байнгын хороонд гишүүдээ харьяалуулахын тулд зөвхөн Засгийн газрын сайд нараар оролдох ажил л хийх бололтой. МАН-ынхан ингэж ард түмний сонголтоор бүрдсэн УИХ-ыг тараах гэж дөвчигнөн, Засгийн газрыг нураах гэж оролдохоо болих хэрэгтэй. Үнэхээр л УИХ ажлаа хийж чадахгүй бол тараах эрх нь ард түмэнд өөрсдөд нь байгаа. Жагсч тэмцээд, ҮАБЗ-д хандаад, гудамжинд гарч өлсгөлөн зарлаад ч болов 76 гишүүнийг суудлаас нь буулгачихаж чадна. Харин өөрийнхөө эрх ашиг, амбийцын төлөө УИХ-ыг тараах, Засгийн газрын гишүүдийг огцруулах асуудал ярьж байгаа нь хөөрхийлөлтэй.

1

Өнгөрсөн хугацаанд МАН-ын хийж бүтээсэн бүхнийг үгүйсгэхгүй ч замбараагүй газар олголт, лиценз, хууль бус олон үйлдлийн гор нь өнөөдөр гарч байгаа. Ард түмэнд чиглэсэн бус олигархийн эрх ашигт нийцсэн үйлдлүүд хэрээс хэтэрч, төлөвлөлтгүй хот, сэндийчсэн уул тал, уул уурхайгаас өөр түших тулах эдийн засаггүй улс болсон. Тэгвэл АН олонх болсноор хаана, хорино, хориглоно гэдгээс өөрийг хэлэхгүй хүний эрх зөрчиж байна хэмээн сөрөг хүчнийхэн удаа дараа мэдэгддэг. Үнэндээ АН-ын бодлогоор хийгдэж байгаа хаалтууд өмнөх эрх барьж явсан МАН Засгийн газар, УИХ-ын гишүүдийн эрх дураараа үйлдлээс үүдэлтэй эмх замбараагүй бүхнийг цэгцэлж байгаа хэрэг юм. Нэг талаас Ардчиллыг хааж боож байгаа мэт харагдавч, “миний эрх чиний эрхээр хязгаарлагддаг” хүний нийгэмд амьдарч байгааг сануулсан алхмууд хийгдэж байна. Тиймээс МАН-ын “эрх жаалуудын хүсэл биелж, Засгийн газрын хоёр сайд огцорч, оронд нь хэн нэгнийг нь сонгох “цусгүй тулаан” эхлүүлэх үү, нэгэнт хөдөлсөн галт тэрэг зогсолтгүй давхисаар зорьсон газраа хүрэх үү" гэдгийг маргаашийн чуулганаар харах л үлдлээ. УИХ-ын эрхэм гишүүд ямар улс төрөөр асуудалд хандахыг таах аргагүй ч нэг нэгнээ барьцаалсан, туньсан, гомдсон үг яриа бидэнд хэрэггүй. Монгол Улсад зөвхөн хөгжил цэцэглэлт, эдийн засгийн таатай нөхцөл, ард түмэн амар тайван амьдрах нөхцөл бүрдэх нь чухал юм.

1

П.Нацаг

Shuud.mn
Сонин хачин
setguulch:
ene setguulch hertei mongoliin khamgiin khotsrogdson khumuusiig ekh ornoosoo archin zailuulsan tsagt manai oro khegjilh bolnoo
2013-12-24
zochin:
man tolgoin ergyy ni sain garaagyi bur buruu tii*e oorsdiinhoo urd ni hiisen bulhaig delgeheer bolj baih chi bna.shorond ni hataa
2013-12-24
ezded ni:
ta nar naadhiigaa ovoo amjilttai gargaj ircheed odoo erguuteed bhiin bureldhuund chini uurchlult ortsimu
2013-12-24
санал:
үр дүнгий нь харах хэрэгтэй ш дээ. ман худлаа жүжиглэхээ болиочээ. олон түмнийг битгий хуураад бай.
2013-12-24
хурдан:
галт тэрэг минь хурдлаарай, вагоныхоо купен дотор тэр согтуу, ажилдаа ирдэггүй, ажлаа хийх сонирхол байхгүй candy crush тоглодог нөхдүүдийг хийгээд түгжчих. дараагийн зогсоол дээр наадуул чинь бууна.
2013-12-24
бибид:
огцруулах хангалттай шалтгаан байгаа
2013-12-24
долингор:
сайхан долигнуур гар уу, энэ сэтгүүлч чинь. тэгээд эднийг зөөлөн суудалд тухлуулахын тулд ард түмэн зовж явах ёстой болж байна уу?
2013-12-24
1567:
эдийн засгийн хөгжлөө бөө, тэнгэрт даатгачаад яаж хөгжинө гэж бодоод байгаа юмбээ?
2013-12-24
mongol:
ene irgen genvv yamar teneg maanag gar bainaa
2013-12-23
иргэн:
галт тэргээ зогсоолгүй дотор нь яваа 2согтуу авилгалч луйварчдыг өшиглөөд хаалгаар шидчихэд болноо.
2013-12-23