Монгол Улсын “Улаан ном” хэвлэгдэн гарлаа
2013-12-26

Устаж, ховордож буй амьтан, ургамлыг  бүртгэдэг дэлхийн анхны Улаан ном 1969 онд хэвлэгдэж байжээ. Тэрхүү номонд 660 гаруй устаж буй амьтан, ургамал багтсан аж. Харин Монгол Улсын анхны Улаан ном 1987 онд хэвлэгдэн гарсан нь ховордож, устаж буй амьтан ургамлыг бүртгэх, хамгаалах томоохон дэвшил болсон юм. Тус номонд 23 зүйлийн хөхтөн, 19 зүйлийн шувуу, 6 зүйлийн хоёр нутагтан, 2 зүйлийн загас, 86 зүйлийн ургамлыг багтаасан байна. Тэгвэл Улаан номны хоёр дахь шинэчилсэн хувилбар 1997 онд хэвлэгдэн, олны хүртээл болж байжээ. Харин энэ онд гурав дахь Улаан ном хэвлэлтээс гарсныг өнөөдөр Цаг уур, орчны шинжилгээний газарт танилцуулсан юм.

Байгаль хамгаалах сангийн санхүүжилтээр хэвлэгдсэн уг номын Ерөнхий редактороор Биологийн  шинжлэх ухааны доктор Ц.Шийрэвдамба ажилласан бол ном бүтээх багийг 81 эрдэмтэн бүрдүүлжээ. Номын Ерөнхий редактор Ц.Шийрэвдамба нээлтийн үеэр хэлсэн үгэндээ “Монгол Улс амьтан, ургамлын бүрэлдэхүүнээрээ ядуувтар орны тоонд ордог. Гэвч зөвхөн Монголд байдаг ховор ургамал, амьтад цөөнгүй бий. Тиймээс энэ ховор ургамал амьтнаа олон нийтэд таниулах нөгөөтэйгүүр устаж буй зүйл ангийг хамгаалах нь энэ номны зорилго” гэдгийг хэлж байв. Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун уг номын ач холбогдлыг өндрөөр үнэлж, ирэх онд IPad, интернет хувилбарыг гаргахаар зэхэж буйгаа дуулгасан юм. Мөн бүх сургууль, номын сангуудад тараах аж.

а

25 зүйлийн амьтан шинээр бүртгэгдэв

Нийт 2000 хувь хэвлэгдсэн шинэ Улаан номонд 110 зүйлийн амьтан, 192 зүйлийн ургамал бүртгэгджээ. Шилүүс, суусар булга, ойн булга, хүрэн баавгай зэрэг зургаан хөхтөн, цагаан тогоруу одой галуу, ооч ёл зэрэг 18 зүйл шувуу, эгэл загалмайт могой гэсэн 1 зүйлийн мөлхөгч нийт 25 зүйлийн амьтан шинээр бүртгэгдсэн байна. Мөн 95 зүйлийн дээд ургамал, 5 зүйл хаг, 11 зүйл хөвд, 6 зүйл мөөг, 13 зүйл замаг шинээр оржээ.

а

13 зүйлийн шувуу хасагджээ

Устаж, ховордож буй амьтан, ургамлыг Улаан номонд оруулснаар хамгаалагдаж нөөц нь сайжирч, тоо толгой нь нэмэгдэх өндөр ач холбогдолтой байдаг аж. Үүний жишээ нь өмнөх Улаан номонд байсан цөөнгүй ургамал, амьтан 2013 оны номноос хасагджээ. Тодруулбал, 3 зүйлийн хөхтөн, 13 зүйлийн шувуу, 60 зүйлийн дээд ургамал, 2 зүйл хаг, 3 зүйл хөвд, 1 зүйлийн замаг хасагдсан байна. Устахад ойрхон байсан тахь гэхэд өдгөө 400 тоо толгой болсон бол бөхөн 7000 хүрээд байгаа аж.

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
болормаа ш. :
маш сайхан ном болжээ. ийм иж бүрэн сурах ном ховор шүү. тэгээд сурагчдад байгаль орчноо хамгаалахад түлхэц болгож экологийн хичээл болгож оруулах зүйтэй байх. 95374976
2014-02-19
болормаа ш. :
маш сайхан ном болжээ. ийм иж бүрэн сурах ном ховор шүү. тэгээд сурагчдад байгаль орчноо хамгаалахад түлхэц болгож экологийн хичээл болгож оруулах зүйтэй байх. 95374976
2014-02-19
qrfdgagag:
dund surguuld hicheeld zaawal ih heregtei nom ymsan
2013-12-26