Тэнцвэржүүлсэн үнээр бас Сангийн хөрөнгөөр дургих боломж бий юү?
2011-12-05


Ганц уул уурхайд уягдаж биш солонгын өнгөт төрөлжсөн эдийн засгийг цогцлоож урагшлах тухай эдийн засагчид ч, эрхэм улстөрчид ч ярьцгааж байна.  Иргэдийн тухайд эдийн засгийн төрөлжилт буюу диверсификаци гэхчлэн үг хэллэгүүдийн талаар  сонсохоос илүүтэй  зөвхөн уул уурхайн салбарт бус бусад салбаруудад ч өөрийг нь, үр хүүхдийг нь  багтаж шингээх ажлын байр,  тогтмол орлогын эх үүсвэр бий талаар, улс оронд нь  олон улсын жишигт хүрсэн эмнэлгийн үйлчилгээ, хаа ч гологдохгүй  боловсрол олгох систем нутагшсан  талаар сонсохыг хүсэх биз. Тэрчлэн манай тухайд  дэлхийн зах зээл дээрх ашигт малтмалын үнийн хэлбэлзэл,  хөрш Хятадын  эдийн засгийн ааш аягаас голчлон хамаарч байгаа  эдийн засагаа  олон тулгуурт бүтэцтэй болгохыг угтаад, суурь шинжтэй олон ажлыг хийх, учирж болзошгүй эрсдэлээс сэргийлэх шаардлага хадгалагдсан хэвээр байна. Угтах жилүүд ч тийм байх прогнозтой.

Тэрчлэн Ашигт малтмалын бүтээгдэхүүний үнийн хэлбэлзлийн эрсдлээс хамгаалах, төсвийн тогтвортой байдлыг хангахаар 2010 онд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг баталж, хуулиараа  Тогтворжуулалтын санг байгуулсан. Тус хуульд заасны дагуу тухайн  жилийн төсвийн орлогын гурав ба түүнээс дээш хувийг бүрдүүлж байгаа ашигт малтмалын бүтээгдэхүүний үнийг олон жилийн дундаж үнээр тооцож, төсөвт тусгахаар заасан. Тэр дагуу 2011 оны улсын  төсөвт гурваас илүү хувийн орлогыг оруулсан зэс, нүүрсний үнийг олон жилийн дунджаар, тэнцвэржүүлэн тооцож, тэнцвэржүүлсэн үнээс илүү гарсан орлогыг Тогтворжуулалтын санд хуримтлуулж байгаа.

Сар хүрэхгүй хугацааны дараа солигдох 2011 оны төсөвт зэсийн тэнцвэржүүлсэн үнийг 5,983.1 ам.долларт, боловсруулсан нүүрсний тэнцвэржүүлсэн үнийг 98.8 ам.доллараар тооцсон бол зэсийн зах зээлийн үнийг  8,425.0 ам.доллар, боловсруулсан нүүрсний зах зээлийн үнийг 128.8 ам.доллар байна гэж тооцоод Тогтворжуулалтын санд нийт 183.1 тэрбум төгрөг төвлөрнө гэсэн тооцооллыг хийгээд байсан.

Тэгэхээр энд өгүүлж буй тэнцвэржүүлсэн болон зах зээлийн гэсэн хоёр үнэлгээг ойлгомжтой болгох үүднээс өгүүлэхэд  тонн зэс  5,983.1 ам.доллараас илүү гарч борлогдоод байвал зөрүү нь Тогтворжуулалтын санд орно гэсэн үг юм. Тэрчлэн зэсийн ханш энэ оны сүүлийн улиралд сулбайгаад байгаа ч  оны эхний 7 сарын дунджаар нэг тонн цэвэр зэсийн дундаж үнэ дэлхийн зах зээл дээр 9,418.7 ам.долларт, мөн  нэг тонн боловсруулсан нүүрсний үнэ 186.5 ам.долларт хүрч, төсөвт тооцож батласан зах зээлийн үнэ нь өссөн учраас, төсвийн тодотголыг хийхэд  Тогтворжуулалтын санд төвлөрүүлэхээр тооцсон орлогын хэмжээ нэмэгдэн нийт 218.9 тэрбум төгрөгт хүрэх боломж бүрдээд байгаа аж.

Харин 2012 оны төсөвт төсвийн орлогын гурав ба түүнээс дээш хувийг бүрдүүлж байгаа тухайн төрлийн эрдэс баялгийг “гол нэр төрлийн эрдэс баялгийн тэнцвэржүүлсэн орлого” гэдэгт дахин зэс, нүүрснээс орох орлогыг тооцож оруулсан. Гэхдээ тонн зэсийн тэнцвэржүүлсэн үнийг  6663.5 ам.доллар, боловсруулсан нүүрснийхийг  166.58, коксжих нүүрсний үнэ 102.60, чулуун нүүрсний үнэ 72.40, хүрэн нүүрсний үнэ 57.20 ам.доллар байхаар тус тус тооцжээ.

Улмаар 322.4 тэрбум төгрөгийг Тогтворжуулалтын сандаа хуримтлуулна гэж тусгасан бөгөөд 2012 оны арванхоёрдугаар сарын сүүлийн өдөр гэхэд энэ санд нь нийт 542 тэрбум төгрөг орчихсон  байж байна гэсэн төсөөлөлтэй байгаагаа Сангийн яамны Төсвийн бодлогын  газрын Нэгдсэн төсвийн хэлстийн дарга Н.Мандуул хэлж байсан.

Тэгэхээр өнгөрөгч 2010 онд дэлхийн зах зээл дээр зэсийн ханш 9 мянгаас буулгүй, тогтвортой байх үед улсын төсөвтөө зэсийн тэнцвэржүүлсэн үнийг 5,983.1 ам.доллараар тооцон оруулж байсан бол хямрал наашилж мэдэхээр, металлуудын ханш улам унаж мэдэхээр байгаа ийм үед тэнцвэржүүлсэн үнэ гэдэг босгыг өндөрсгөж  6663.5 ам.доллараар  тооцож байгаа нь нэг талаас зөв шийдвэр мөн үү. Тонн зэс сүүлийн 3 сарын хугацаанд 8 мянган ам.доллар луу өнгийж чадсангүй. 6 мянган  ам.доллар дөнгөж гарч үзсэн бөгөөд  сүүлийн нэг сарын хугацаанд 7500-гаас өндийсөн байдалтай байна.

Ирэх онд Америк, Европын эдийн засгийн таагүй уур амьсгал, үйлдвэрлэлийн өсөлтийн хумилт зэргээс үүдэн зэсийн ханш тэнгэрт туйлах боломж хязгаарлагдмал байгаа ийм үед   Монгол Улсын 2012 оны төсөвт зэсийн тэнцвэржүүлсэн үнийг  өмнөх оноос илүү өндрөөр  тооцож байгааг хоёр талаас харах хэрэгтэй болж байна.

Эл металлын ханш хэлбэлзэлтэй. Тиймээс ч эрсдэлтэй. Тэгээд ч ханш нь өсвөл илүүг нь хадгалъя гэсэн зарчимтай байгаа гэж ойлгодог. Тэр үүднээс нь харвал тэнцвэржүүлсэн үнийн босгыг өмнөх жилээс өндрөөр тогтоож байгаа нь хадгалах хэмжээгээ танаж, төсвийн бодит орлогоо бодож байгаа харагдана. Харин нөгөө талд эрсдэлээс сэргийлэхийн тулд энэ сандаа  хадгалах шаардлага нь хэвээр байгаад байдаг. Хэцүүдсэн үед  амь тариа болгох учиртай гэдэг үүднээс  хадгалах хэмжээгээ танах нь зөв алхам биш.

Сонирхолтой нь Тогтворжуулалтын санд хуримтлагдах мөнгөний хэмжээ 2011 оныхоос 100 тэрбумаар нэмэгдсэн тоо байгаад байдаг.  Тэгэхээр 2011 онд зэсийн дээр гишгээд байгаа нүүрснээс голчлон орлого оруулж ирнэ гэсэн тооцоолол юм болов уу. Нүүрсний тухайд аваад үзэхэд 2011 онд тэнцвэржүүлсэн үнийг нь 98.8 ам.доллараар тооцсон. Үүнээс илүү гарсан орлого нь Тогтворжуулалтын санд орсон гэж ойлгогдож байгаа. Харин 2012 онд боловсруулсан нүүрсний үнэ 166.58, коксжих нүүрсний үнэ 102.60 ам.доллар гэхээр үнэхээр  өөдрөг төсөөлөл. Мэдээж нүүрсний тухайд эрэлт нь зэсийнхээс ялгаатай. Өмнөд хөрш  импортын хэмжээгээ төдийлөн хумихгүй болов уу гэсэн гэгээлэг хүлээлт бидэнд бий. Тэгэхээр Тогтворжуулалтын сангийн хуримтлалыг  зэс биш нүүрсэнд нь даатгаад залбираад суух уу гэдэг асуултыг төсвийн төслийг боловсруулсан Засгийн газар болоод түүнийг нь хэлэлцэж баталсан УИХ-ын гишүүдэд тавих байна. Зэсийн тэнцвэржүүлсэн үнийн нь  босгыг өндөрсгөж оруулж ирсэн нь, дэлхийн эдийн засгийн тогтворгүй байдалтай холбоотой гэхээс илүүтэй, 2011 оныхоос 2 их наяд гаруй илүү зарлагатай төсвийг баталсан улстөрчдөд үйлчилсэн алхам болж харагдаж байгаа учраас ийн асуулт тавихад хүрч байна.

Мөн Тогтворжуулалтын сангийн талаар хэлэх бас тодруулах зүйл байгаа юм.

                        Сангийн хөрөнгөөр дургих боломж бий юу?  

Төр гэдэг эзэнтэй 23 сан Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаагийн нэг нь Тогтворжуулалтын сан. Хөрөнгө нь дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувиас доошгүй байна гээд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиндаа  заасан ч, эл нөхцлийг 2018 оны төсвийн жилээс өмнө хангана гээд мөн хуулинд  тодотгоод өгчихсөн Тогтворжуулалтын сангийн хуримтлал дотоодын нийт бүтээгдэхүүний 10 хувиас давсан бол тэр илүү гарсан хэсгээр нь дотоод болон гадаад зах зээлд хийх хөрөнгө оруулалтын оновчтой хэмжээг Монголбанкны Ерөнхийлөгч, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтарсан шийдвэрээр  жил бүр тогтооно гэж заажээ.

Гэхдээ хөрөнгө оруулалтын хэмжээг тогтоохдоо инфляцийн өсөлтийг нэг оронтой тоонд хязгаарлах, төгрөгийн ханшийн огцом хэлбэлзлээс сэргийлэх, макро эдийн засгийн болон төсвийн тогтвортой байдлыг алдагдуулахгүй байх зорилттой уялдуулна гээд заачихсан байгаа юм. Тэгэхээр энэ нь төсвийн зарлагаа хумиж ядаж байгаа, инфляцийг 9 хувьд барих гэж зүдэрч байгаа манай тухайд  өөдрөг төсөөлөл хэвээрээ,   илүү гарсныг нь зарахаас илүүтэй эрсдэлтэй үед хэрэглэх тухай яриа нь илүү бодьтой ойр сонсогдоно.

Харин төсвийн нийт алдагдлыг  740.9 тэрбум төгрөг буюу Дотоодын нийт бүтээгдэхүүний 4.1 хувь байхаар анх тусгаснаа танаж багасгаад 483.8 тэрбум болгож   2011 оныхтой харьцуулахад 5.8 хувиар буулгасандаа, бас Тогтворжуулалтын сандаа 322.4 тэрбумыг төвлөрүүлнэ гэдэгтээ  сэтгэл хангалуун байгаа Засгийн газрын Сангийн яамыг толгойлж байгаа эрхэм  С.Баярцогт   “..Санд төвлөрсөн бүх хөрөнгийг шууд эдийн засагт оруулаад байвал шингээж чадахаа байж, тодорхой хугацааны дараа хямралыг бий болгодог. Тогтворжуулалтын сан гэдэг ойлголт бол бүхэлдээ болзошгүй эрсдэл, өсөлтийн үеийн хэт тэлэлтээс хамгаалах зохицуулалт” гэж хэлж байсныг энэ дашрамд сануулъя.

Мөн Дэлхийн банкнаас Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн гол дүрмүүдийн нэг болох уул уурхай ашигтай байхад хадгалах хэрэгтэй гэсэн чиглэлээ улам төгөлдөршүүлэх шаардлага бий талаар зөвлөснийг ч  бас дурдая.

Тэгвэл Эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөлт”  клубээс зохион байгуулсан Төсвийн талаарх дугуй ширээний ярилцлагын үеэр  Нээлттэй нийгэм форумын судлаач Н.Дорждарь   “...санд хурааж хуримтлуулсан хөрөнгийг улстөрчид сонгуульдаа зориулаад цацчих боломж хуулийн хүрээнд гарч болзошгүй талаар, сангийн хөрөнгийн зарцуулалттай холбоотой  хуулийн 91.3.1.-т тухайн жилийн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын төлөвлөгөө, төсвийн орлогын гүйцэтгэлийн зөрүүг улсын төсөвт шилжүүлж  болно гээд заачихсан. Энэ зөрүү гэдгийг юу гэж ойлгох вэ. Дутагдаж байгаа хэсэг үү, илүүдэж байгаа хэсэг үү. Зөрүү гэж дутагдаж байгаа хэсэг гэж тодорхой зааж өгөөгүй. Энэ нь сангийн хөрөнгийг зарцуулсан байсан ч болохоор ойлгогдож байгаа талаар, хууль тогтоогчид өөрсдөө тодорхойгүй зүйлийг тусгаж батлуулсан талаар хэлж  байсан.

Харин Сангийн яамны эрхэм   “Бид бүх зарцуулалтаа хуулиар баталчихсан байгаа. Гүйцэтгэлээрээ орлого нь дутахад   Тогтворжуулалтын сангаас зарж болно гэсэн утга” хэмээн  тайлбар өгч  байв. Мөн 2012 оны Монгол улсын төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай гэсэн УИХ-ын тогтоолын төслийг Төсвийн байнгын хорооноос боловсруулж УИХ-аар батлуулан, улсын төсвийн эрх захирагчид болон төсвийн бүх шатны байгууллага албан тушаалтан төсвийн хяналтын бодлогыг хатуу баримталж, сахилга баттай байх учиртайг сануулж, дураараа дургивал хариуцлага тооцох эрхтэй гэсэн заалтыг  оруулж өгсөн талаар Төсвийн байнгын хорооны  референт  Ш.Чинбат хэлж байв.

Ер нь бол Тогтворжуулалтын сангийн хөрөнгийг Хүний хөгжил сан руу шилжүүлэн ашигласан байлаа гэхэд хянах боломж байхгүй талаар яригдаж ирсэн.  Харин  С.Оюун нарын гишүүд “Санд ороогүй мөнгийг өөр зүйлд зарцуулах эрх зүйн зохицуулалт байхгүй”  гэж хэлцгээж байсан юм.

Тиймээс  дураараа зарцуулах боломж хуульд  байна уу гэдгийг нягталж үзсэнээ хүргэе.

Тогтворжуулалтын сангийн хөрөнгийн зарцуулалт нь ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ САНГИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ хуулиар зохицуулагдах юм.

Тус хуулинд Төсвийн тогтворжуулалтын санг  Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан нөхцөлөөр тодорхойлсон төсвийн тэнцвэржүүлсэн орлогоос давсан төсвийн орлого; Төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн ашиг, Засгийн газрын нөөц сангийн болон Эрсдэлийн сангийн тухайн төсвийн жилийн зарцуулагдаагүй чөлөөт эх үүсвэр; Төсвийн тогтворжуулалтын сангийн санхүүгийн үйл ажиллагаанаас олсон орлого; бусад орлогоос бүрдүүлнэ гэж  заасан.

Улмаар  хуулийн 91.1.-т Төсвийн тогтворжуулалтын сан нь төсвийн удирдлагын зарчим, төсвийн тусгай шаардлагыг мөрдөж, нэгдсэн төсвийн дунд, урт хугацааны тэнцвэртэй, тогтвортой байдлыг хангах, төсвийн тэнцвэржүүлсэн горимыг хэрэгжүүлэхэд санхүүгийн хэрэгслийн үүрэг гүйцэтгэнэ гэж заасан бөгөөд  91.1-д заасан сангийн хөрөнгөөс дор дурдсан санхүүжилт хийх зориулалтаар улсын төсөвт шилжүүлж болно гэжээ. Тодруулбал,

91.3.1.-т тухайн жилийн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын төлөвлөгөө, төсвийн орлогын гүйцэтгэлийн зөрүүг улсын төсөвт шилжүүлж болно гэсэн заалт байна. Харин  91.4.-т Энэ хуулийн 91.3.1-д заасан зөрүүг нөхөн зарцуулалт хийх шийдвэрийг Засгийн газар гарган хэрэгжүүлж, төсвийн гүйцэтгэлд тусгана гэсэн бөгөөд 91.5.-т нь Төсвийн тогтворжуулалтын сангийн хөрөнгө нь энэ хуулийн 91.3.1-д заасан төсвийн алдагдлыг бүрэн санхүүжүүлэхэд хүрэлцэхгүй тохиолдолд уг алдагдлыг санхүүжүүлэх зориулалтаар Засгийн газар Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.4-т заасан улсын өрийн хязгаарт багтаан зээл авч болно гээд заачихаж.

Тэгэхээр “Зөрүү” гэдэг нь ямар ч байсан илүүдлийг хэлээгүй.  Төсвийн алдагдал буюу төлөвлөсөн орлого дутахад нөхөхөд чиглэсэн зарцуулалтын тухай гэдэг нь эндээс харагдаж байгааг онцлох нь зөв биз ээ. Хурааж хуримтлуулсан хөрөнгөөр  ил цагаан наргичих боломж одоогоор харагдахгүй байна.

Эцэст нь өгүүлэхэд, манай улсын Тогтворжуулалтын сан зэсийн орлого гэдэг эх үүсвэр дээр тулгуурлаж байгуулагдсан. Тэрчлэн  Чилийн Social and Economic Stabilization Fund сантай адилтгаж яригддаг. Хадгаламжийн, Тэтгэврийн, Эдийн засаг нийгмийн тогтворжуулалтын гэх гурван чиглэл бүхий Чилийн сангийн удирдлагын эрх нь Сангийн яамны даалгавраар нь Төв банкинд нь байдаг. Харин манай сангийн тухайд хөрөнгө нь Монголбанкин дахь төрийн сангийн тусгай дансанд байршина.  Дээр өгүүлж байсанчлан сангийн хөрөнгийн хэмжээ ДНБ-ий 10 хувиас илүү гарсан тохиолдолд тэр хэсгийг нь гадаад, дотоод зах зээлд гаргахдаа Засгийн газраас, Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас Монголбанкаар гэрээний дагуу гүйцэтгүүлэх ёстой.

Чилийн сангийн хөрөнгөнөөс хувьцаа арилждаггүй. Сангийн хөрөнгийг  дотоодын шууд хөрөнгө оруулалтад ашигладаггүй. Улс төрийн дарамтад өртөгдөх магадлал өндөртэй гэж болгоомжилдог.  Харин манайд Төрийн өмчит хөгжлийн банкны  буцаан худалдан авах нөхцөлтэй гаргасан урт хугацаат үнэт цаасыг хууль тогтоомжийн дагуу худалдан авах,  төмөр замын сүлжээ, газрын тос боловсруулах үйлдвэр, эрчим  хүчний цахилгаан станц барьж байгуулахад зарцуулж болно гээд хуулинд тусгачихсан. Дотоодын шууд хөрөнгө оруулалтад ашиглах боломжтой гэсэн үг.

Чилийн сангийн Тэтгэврийн санд хуримтлагдсан мөнгөнөөс ДНБ-ий 0.5 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг  жил бүр тэтгэврийн нөөцийн сан руу шилжүүлдэг бол манайд үгүй гэхчлэн ялгаатай зүйл цөөнгүй. Улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн төвшний ялгаанаас хамаарч аливаа сан бүр тухайн улс орнуудад нутагших ёстой биз. Гэхдээ Тогтворжуулалтын сан бүрийн зорилго нь эдийн засаг, нийгмийг тогтворжуулахад чиглэдэг учраас бид ч бас өөрийн сангаасаа тийм л зүйлийг хүлээнэ. Тиймээс ч сангийн хөрөнгө, түүнд тавих хяналтыг ил тод байхыг шаардах эрхтэй юм.

Э.Болор

Shuud.mn
Сонин хачин
Касперски Анти Вирус ашигладаг хvмvvс манай сайтаас өдөр бvр шинэ тvлхvvр үгнүүдийг үнэ төлбөргүй авах боломжтой www.terguun.net
2011-12-05
Office-n GOLF-n ij burdeld:30cm orgon-2.50m urttai 2zamtai zuleg,2nuhtei bombog butsaagch suuri,2sh bombog,1sh putter(tsohiur)bgaa.Tani Office-t zaaval baih zuil,busdad ogoh saihan beleg shuu.Une 130000tog.GRAND Plaza-5davhart-STAR SPORTS delguur.Utas:99193887
2011-12-05