Татварын онлайн сургалт, цахим номын сангийн нээлт болов
2011-12-05

Татварын алба онлайн сургалт, цахим номын сангийн үйл ажиллагаанд бүрэн шилжлээ. Уг үйл ажиллагааны нээлт өнөөдөр Татварын ерөнхий газарт болж, Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Баттөр болон Үндэсний татварын албаны удирдлагууд оролцлоо. Ёслолыг нээж ТЕГ-ын дарга Б.Баттөмөр үг хэллээ. Тэрбээр, татварын онлайн сургалт, цахим номын сангийн талаар танилцуулахдаа, ҮТА дотоод хүчин чадлаа бүрэн дайчлан ажиллаж техникийн энэхүү шинэчлэлийг хийснийг онцоллоо. Өнөөдөр нээлтээ хийж буй онлайн сургалт гэхэд нийт гурван үе шаттайгаар хэрэгжсэн. Эхний шат буюу бэлтгэл ажлын хүрээнд программ  хангамжийг татварын алба инженерүүд боловсруулж, дараагийн шатанд Татварын албаны сургалтын төвийн багш нар цуврал хичээлүүдийг цахим хэлбэрээр бэлтгэн оруулав. Мөн цахим сургалтуудыг татварын зарим салбар нэгжүүд болон татварын улсын байцаагч нарын мэргэшүүлэх сургалтын үеэр туршиж баталгаажууллаа. Татварын онлайн сургалт нь танхимын сургалтаас харьцангуй давуу талтай. Суралцагч нь ганцаарчлан суралцах бололцоотойгоос гадна, тухайн хичээл, тухайн багшийн лекцийг хүссэн үедээ хэдэн ч удаа сонгож судлах бололцоотой. Түүнчлэн улс даяар ажиллаж буй татварын улсын байцаагч нарын мэдлэг боловсрол тасралтгүй дээшилж,  хуулийн өөрчлөлт, шинэчлэлүүдтэй тухай бүрт нь танилцах боломжийг бүрдүүлж байгаа юм. Эрхзүйн орчны өөрчлөлт хийгээд энэ өөрчлөлтийн үед хэрхэн ажиллах талаарх сургалтуудад цаг алдалгүй хамрагдах учиртай татварын байцаагч нарын онлайн сургалтад оролцож буй идэвхийг хянах боломжийг мөн сургалтын программ бүрэн хангаж өгч буйгаараа өндөр ач холбогдолтой юм. Мөн өдөр нээлтээ хийсэн Татварын албаны электрон номын сангийн тухайд татварын холбогдолтой 1500 гаруй номтой бөгөөд одоогийн байдлаар электрон каталогт 811 төрлийн 1340 ширхэг ном байршуулаад байна. Цаашид  номын цахим каталоги тасралтгүй нэмэгдэх бөгөөд уг номын сан нээгдсэнээр татварын албаны ажиллагсад бие даан суралцаж, мэдлэг чадвараа дээшлүүлэх бололцоо бүрдэнэ. Энэхүү номын сан нь татварын байцаагч нарын эрдэм шинжилгээ, судалгааны ажилд ихээхэн хувь нэмэр оруулахаас гадна татвар төлөгчдийн татварын холбогдолтой асуудлуудад хөтөч болох боломжтой. Электрон номын сангийн каталогт одоогоор монгол хэл дээр 500, англи хэл дээр 800 орчим, орос хэл дээр100 гаруй ном оруулаад байгаа бөгөөд бусад ном япон солонгос хэлээр оруулаад байна. Түүнчлэн Монголын болон бусад орны татварын албадаас гаргасан ном товхимол, эмхэтгэлүүд файл хэлбэрээр байршлаа.
Shuud.mn
Сонин хачин