Хариуцлагатай, өрсөлдөх чадвартай салбарыг бий болгоно
2014-01-15

Монгол Улсын ДНБ 2000 онд 1.1 их наяд төгрөг байсан бол 2012 онд 14 их наяд болж өссөн нь эрдэс баялгийн салбар тэргүүлэх байр суурьтайн үр нөлөө байв. Гэсэн хэдий ч Монголын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч гэж тодорхойлдог эл салбарт хууль эрхзүйн орчин, эрдэс бүтээгдэхүүний өрсөлдөх чадвараас эхлээд шийдэх шаардлагатай олон асуудал бий. Өнөөдөр Уул уурхайн яамнаас салбартаа хамааралтай бүх талын төлөөллийг цуглуулж, эрдэс баялгийн салбарыг 2025 он хүртэл хэрхэн хөгжүүлэх талаар зөвлөлдлөө. Энэ үеэр дээрх асуудлыг олон оролцогч хөндөж байв. Яамны зүгээс оролцогчдын хэлсэн саналыг үйл ажиллагаандаа тусгахаа хэлж байсан.

6

 “Эрдэс баялгийн салбар 2025” уулзалтыг “Эрдэс баялгийн салбараас Монголын нийгэм, эдийн засагт үзүүлж буй нөлөөлөл”, “Эрдэс баялгийн салбар ба хүний эрх, хүрээлэн буй орчин”, “Эрдэс баялгийн салбар ба олон нийтийн оролцоо, орон нутгийн хөгжил”, “Эрдэс баялгийн салбарын бүтээмж, өрсөлдөх чадвар” гэсэн 4 салбар хуралдааны хүрээнд зохион байгуулсан юм. Тус уулзалтын үеэр Уул уурхайн сайд Д.Ганхуяг 90 жилийн түүхтэй эх орны эрдсийн салбарыг хариуцлагатай, өрсөлдөх чадвартай болгохыг зорин ажиллаж буйгаа хэлж байв. Тэрбээр мөн салбарын эрхзүйн орчны шинэчлэлийн тухай онцлон ярьж байсан юм.

7

Уул уурхай Монголд орж буй хөрөнгө оруулалтын 75 хувийг эзэлдэг

7

Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний нийт өртөг 2013 онд 2.6 их наяд төгрөг болж өмнөх онохоос 336 тэрбум төгрөгөөр буюу 14.8 хувиар өсчээ. Үүнд уул уурхайн олборлох салбарын, тэр дундаа нүүрс, газрын тос, алт, зэсийн баяжмал зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний өсөлт нөлөөлсөн байна.

8

Бас нэгэн жишээ дурдахад, уул уурхайн салбарын эрдэс баялгийн бүтээгдэхүүний эзлэх хувь 2002 онд 10.1 хувь байсан бол 2012 онд буюу 10 жилийн дараа 21.4 хувь болж өсчээ. Энэ хэмжээ хамгийн ихдээ 2006 онд 30 хувьд хүрч байсан ч дэлхийн эдийн засгийн хямралтай холбоотойгоор энэ төрлийн бүтээгдэхүүний зах зээлийн үнэ буурч байгаа нь эргээд үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлсөн аж. Төмрийн хүдэр, зэс, цайр зэрэг эрдэс баялгийг олборлож эхэлсэн нь эрдэс баялгийг төрөлжүүлэхэд түлхэц болж байгааг УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар өнөөдрийн хэлэлцүүлгийн үеэр хэлсэн.

8

Одоогийн байдлаар уул уурхайн салбар аж үйлдвэрийн салбарын 60 хувь, улсын нэгдсэн төсвийн 23 хувь, экспортын 81 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 75 хувийг эзэлж байна.

7

Олборлогчоос үйлдвэрлэгч рүү шилжих болсныг анхаарууллаа

8

Дээр дурьдсанчилан олон тоо баримтаар уул уурхайн салбар богино хугацаанд маш өндөр хувиар өссөн нь харагдаж байна. Тэгвэл манай улсын уул уурхайн салбарын өрсөлдөх чадвар бусад оронтой харьцуулахад ямар байна вэ?

8

Ази, номхон далайн бүс нутгийн өрсөлдөөнд манай улс Австрали, Канад, Хятад, Орос, Индонезийн ард жагссаныг Уул уурхайн яамнаас мэдээлэв. Учир нь бүтээгдэхүүний нийлүүлэлтийн тогтворгүй байдал, санхүүгийн чадавхи сул, тээвэрлэлтийн зардал өндөр зэрэг асуудлуудаас үүдэлтэй юм байна.

8

Түүнчлэн “Эрдэс баялгийн салбар 2025” хэлэлцүүлгийн үеэр эрдэс баялгийн салбарт хийгдэх шаардлагатай байгаа асуудлуудын талаар олон шүүмжлэл ирж байв. Тухайлбал, доктор, профессор С.Авирмэд “Эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх талаар олон жил ярьж, тооцоо судалгааг нь ч хийсэн. Гэвч хэзээнээс эхлэн үйлдвэрээ байгуулж, бүтээгдэхүүнээ боловсруулах нь өнөөг хүртэл тодорхойгүй байна. Тооны хойноос хэт хөөцөлдөхөөс биш Монголд үлдэх үр ашгийн тухай огт ярихгүй байна” хэмээв. Мөн тэрбээр Оюутолгой, Тавантолгойн хөрөнгө оруулалтын зардал жилээс жилд өсч байгаа нь эргээд монголчуудад ирэх ашиг багасч буйг шүүмжилсэн.

8

Хэлэлцүүлгийн үеэр оролцогчид хууль эрхзүйн орчноо тогтвортой байлгах, гадна дотны хөрөнгө оруулагчдыг түлхүү оролцуулах, Монголын эрдэс баялгийн бүтээгдэхүүн өрсөлдөх чадвартай байх ёстой, олборлогч орноос үйлдвэрлэгч орон болох шаардлагатай гэдгийг хэлж байсан юм. Энэ үеэр дуулгасан таатай мэдээллүүдийн заримаас дурдвал 2014 онд багтааж эрдэс баялгийн биржийг байгуулахаар болжээ. Ингэснээр шүүмжлэл ихээр дагуулдаг эрдэс баялгийн жишиг үнэ гэх зүйл үгүй болох аж. Түүнчлэн олон жил цаасан дээр хэрэгжсэн Сайншандын аж үйлдвэрийн паркийн ажил ирэх оноос бодит амьдрал дээр бууж эхлэхийг албаны хүмүүс дуулгасан юм.

7

Гол хуулиудад өөрчлөлт оруулна

8

Эрдэс баялгийн салбарын хөгжлийн салшгүй хэсэг нь эрхзүйн орчин. Өнгөрсөн онд Хөрөнгө оруулалтын тухай болон Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийг батласан. Гэсэн хэдий ч энэ нь шууд хөрөнгө оруулалтыг татаад эхэлчихгүйг өнөөдөр хүн бүр хэлдэг. Тэгвэл үүн дээр нэмээд манай улс анх удаа “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого”-той болохоор УИХ-аар хэлэлцүүлж, эцсийн хэлэлцүүлэгт ороод буй. Энэхүү бодлогын баримт бичиг батлагдсаны дараа холбогдох гол хуулиудад өөрчлөлт оруулахаар болжээ. Тухайлбал, Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулахаар хэлэлцүүлгийн шатанд яваа бол Газрын хэвлийн тухай, Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар хуулийн төслийг өргөн барих аж.

8

“Эдгээр хуулиуд гарснаар гадаад, дотоод гэж ялгахгүй уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй хүмүүст ойлгомжтой хууль эрхзүйн нөхцлийг бий болгохоор ажиллаж байна” хэмээн Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган ярьж байлаа. Мөн тэрбээр Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулсны дараа сонгон шалгаруулалтаар хамгийн хариуцлагатай мэргэжлийн компаниудад бид хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох чиглэлийг барьж ажиллах болно гэж хэлсэн. Энэ нь ашиглалтын лицензийг хэзээ олгож эхлэх талаар хүлээлт үүсгээд буй хөрөнгө оруулагчдад дуулгаж буй албаны хариулт болсон юм.

А.Энхжаргал

Shuud.mn
Сонин хачин