Хүүхэд хамгааллын төв байгуулна
2011-01-13

Орон гэргүй, хараа хяналтгүй хүүхдийг нийгэмшүүлэх зорилгоор Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний  газрын харъяанд “Хүүхэд хамгааллын төв” төрийн үйлчилгээний төсвийн байгууллага байгуулахаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ.

Төвийг Улаанбаатар хотоос гадна хараа хяналтгүй хүүхэд ихтэй аймгуудад байгуулахаар болсон байна.

Энэ төв нь хүүхдүүдэд мэргэжлийн нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлж, төлөвшүүлэхээрээ хүүхдийн бусад асрамж, халамжийн төвөөс ялгаатай. Олон жил тэнүүчлэн амьдарч, нийгэмд өширхсөн хүүхдэд сэтгэл заслын үйлчилгээг уйгагүй, тасралтгүй үзүүлж ажиллах нь илүү үр дүнтэй гэж Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам үзэж байна.

Тус яам хөгжмийн урлагаар нийгэмшүүлэх төсөл хэрэгжүүлснээр хараа хяналтгүй, орон гэргүй хүүхдийн тоо 30 хувиар буурснаас гадна ийм хүүхдүүдийг нийгэмшүүлэх загвараа бий болгож чаджээ.

Цаашид төслийг өргөжүүлж, хараа хяналтгүй бусад хүүхдийг хамруулан тэдний зан үйлийг өөрчлөхийн тулд “Хүүхэд хамгааллын төв” байгуулах шаардлага гарсан байна. Хараа хяналтгүй хүүхдийг түр саатуулж, хамгаалдаг Хүүхдийн халамж, хаяг тогтоох төвд 1996 оноос хойш давхардсан тоогоор 23 мянга гаруй хүүхэд ирсний зарим нь 90 удаа хүргэгдэн ирж байжээ.

Энэ төв гэр орноосоо дайжсан хүүхдэд нийгэмшүүлэх болон сэтгэл заслын ямар нэг үйлчилгээ үзүүлж чаддаггүй юм байна.

Улаанбаатар хотод 120 гаруй хүүхэд байнга тэнүүчлэн амьдарч гудамж, орц, хонгил, траншейгаар хоноглодог гэсэн судалгаа бий. 130 хүүхэд хогийн цэгт хог түүж, асрамж, халамжийн 36 байгууллагад 1000 гаруй хүүхэд амьдардаг юм байна.

Сүүлийн жилүүдэд хөдөө орон нутгаас Хүүхдийн халамж, хаяг тогтоох төвд ирэх хүүхдийн тоо эрс нэмэгдэж эхэлсэн. Тухайлбал 2007 онд 15 хүүхэд хүргэгдэн ирж байсан бол 2008-2010 онд огцом нэмэгдэж жилдээ 80 гаруй хүүхэд ирсэн байна.

Ялангуяа дэд бүтэц сайн хөгжсөн Төв, Дархан-Уул, Сэлэнгэ, Дорнод зэрэг аймгаас хүүхдүүд олноороо ирдэг болжээ.

Ц.Соёлмаа
Shuud.mn
Сонин хачин