Ерөнхийлөгч Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцоно
2014-01-20

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ  сарын 19-21-ний өдрүүдэд Лихтенштейний Вант Улсад айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд тэрээр Лихтенштейний Вант Улсын Эрхэм дээд Ван Ханс-Адам, Хунтайж Алойс, Ерөнхий сайд Адриан Хазлер, Гадаад хэрэг, боловсрол, соёлын сайд Аурелиа Фрик нартай тус тус уулзан, хоёр орны харилцааны өнөөгийн байдал, хэтийн төлөвийн талаар санал солилцох юм байна.

5

Швейцар, Австрийн дунд орших, 36 мянга гаруй хүн амтай Лихтенштейн Улстай манай улс 1998 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд банк, санхүү, даатгал, хөдөө аж ахуйн салбар өндөр хөгжсөн тус улстай дээрх салбарт харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх боломжтой юм. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүтэй төлөөлөгчид энэ  сарын 22-25-нд Швейцарийн Давост болох Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцох юм байна.

5

“Дэлхий ертөнцийг шинэчлэн өөрчлөх нь: Нийгэм, улс төр, бизнест үзүүлэх үр дагавар” сэдвийн дор зохион байгуулагдах энэ удаагийн чуулга уулзалтад улс төр, бизнес, иргэний нийгмийг төлөөлж 2700 гаруй төлөөлөгч оролцон, дэлхий нийтийн өмнө тулгарч байгаа болон шинэ сорилтуудыг даван туулах арга замыг тодорхойлох юм.

Манай төлөөлөгчид чуулга уулзалтын хүрээнд зохион байгуулагдах уур амьсгалын өөрчлөлт, ус, уул уурхай, авлигын эсрэг түншлэл, ухаалаг төрийн асуудлаарх хуралдаан, арга хэмжээнд оролцохын зэрэгцээ Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт байгууллагатай хамтран хэрэгжүүлсэн “Монгол Улсын хөгжлийн стратегийн хувилбарууд” судалгааны тайланг танилцуулна.

Мөн чуулга уулзалтын үеэр Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн төлөв, хөрөнгө оруулалтын болоод эрх зүйн орчны талаар зөв мэдээллийг гадаадын хөрөнгө оруулагч, Монголыг сонирхогчдод хүргэх зорилгоор эх орноо танилцуулах арга хэмжээ зохион байгуулах юм байна.

5

Д.Цэцэг

Shuud.mn
Сонин хачин